Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэг их наяд мод тарихыг уриалав

2020-01-27

Ц.БАЯР

Дэлхийн эдийн засгийн Давосын чуулганаас уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг  нэг их наяд мод тарихыг уриалаад байгаа энэ үед  “Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо” ТББ-аас Тогтвортой хөгжлийн талаар сэтгүүлч, олон нийтэд мэдлэг,мэдээлэл өгөх  уулзалтыг өнөөдөр /01.27/ зохион байгуулав. Эхний уулзалтад НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг суурь конвенцийн үндэсний зохицуулагч З.Батжаргалыг урьж  оролцуулав. Тэрээр уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах чиглэлээр Монгол улс ямар төлөвлөгөөтэй байгаа талаар мэдээлэл өгсөн юм. Монгол улсын хүлэмжийн хийн ялгарлын  40 хувийг эрчим хүчний үйлдвэрлэл эзэлдэг бол мал аж ахуйн салбар түүнтэй өрсөлдөхүйц хувийг бүрдүүлдэг аж. З.Батжаргал хэлэхдээ “ Манай улсын хувьд тогтвортой хөгжил биднээс өөрсдөөс хамаарна. Харин биднээс хамаарахгүй нэг аюул бол уур амьсгалын өөрчлөлт. Яагаад гэвэл, уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан нь агаарт ялгаруулж буй хүлэмжийн хий. Монгол улсын ялгаруулдаг хүлэмжийн хийн хэмжээ маш бага боловч нэг хүнд, нэг бүтээгдэхүүнд ногдож байгаа хэмжээгээрээ хоёр хөршөөсөө, дэлхийд бусад улс орноос  ч дээгүүр байна. Хэдийгээр оруулж байгаа хувь нэмэр бага ч ямар нэг үйлдэл хийхээс өөр аргагүй” гэсэн юм. Дэлхийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн  эсрэг   ямар ч аргаа хэмжээ авахгүй, энэ чигээрээ байвал хүлэмжийн хийн хэмжээ 60 давсан гигатоннд хүрнэ. Парисын хэлэлцээрийн дагуу дэлхийн дулаарлыг цельсийн  хоёр хэм, болж өгвөл нэг хэмд барих шаардлагатай. Хоёр хэмд баръя гэвэл 60 гигатонн хүлэмжийн хийгээ 40 болгож бууруулах ёстой. 1.5 хэмд баръя гэвэл 20 гигатонн болгож бууруулах шаардлагатай аж. Швейцарт болсон дэлхийн эдийн засгийн Давосын  чуулганаас уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтээрээ нэг их наяд мод тарихыг уриалаад байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ