Сэтгүүлч эмэгтэйд Помпеогийн хандсан байдлыг Сенатын гишүүд буруутгав

2020-01-27

© РИА Новости / Геннадий Мельник
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео

 

Д.ЭНХЭЭ

Ардчилсан намаас сонгогдсон сенатын хэсэг гишүүн АНУ-ын Төрийн бичгийн дарга Майк Помпеод хандан захиадл илгээж, NPR радиогийн сэтгүүлч бүсгүйтэй түүний харилцсан байдлыг буруутган дипломатчийн хэлсэн үгийг байж болшгүй хэмээжээ.

Ярилцлага хийснийхээ дараа Украин улс болон АНУ-ын Элчин сайд асан Мари Йовановичийн талаар тавьсан асуулт өөрт нь таалагдаагүй тул радиостанцын америк сэтгүүлч эмэгтэйг Помпео нэг бус удаа харааж загнасан тухай NPR радио станц урьд нь мэдээлсэн билээ. Украин улс америкчуудын санаа сэтгэлийг зовоодог гэж үздэг үү хэмээн Төрийн нарийн бичгийн дарга асуугаад дараа нь түүнийг нэргүй газрын зураг дээр Украин улс хаана байдгийг заахыг хүссэн хэмээн Келли өгүүлсэн. Келлиг сэтгүүл зүйн дүрэм журмыг зөрчиж, худал хуурмаг зүйл ярьсан хэмээн буруутгаж, ярилцлага хийснийхээ маргааш нь Помпео мэдэгдэл нийтэлжээ.

Захидлыг Боб Менендес, Кори Букер, Тим Кейн, Эд Марки, Жефф Меркли нарын зэрэг сенатын гишүүд бичиж илгээжээ. Менендесын Twitter-т нийтэлсэн захидалдаа сенатын гишүүд ийм хандлага байж болшгүй гэдгийг онцолж, “гүнээ харамсаж, сэтгэл зовниж” байгаагаа Помпеод илэрхийлжээ.

“Манай Үндсэн хуульд хэвлэлийн эрх чөлөөг чухалд үзэж бататгасан нь чухамхүү эрх баригчдыг хариуцлагатай байлгахын тулд олон нийтэд чөлөөт хэвлэл мэдээлэл хэчнээн чухал болохыг АНУ-ыг үндэслэгчид хүлээн зөвшөөрсөн явдал юм. Таны хариулахыг хүсээгүй бэрх төвөгтэй асуулт тавьсны төлөө сэтгүүлчдийг худалч хуурамч хэмээн нэрлэж, тэдний оюуны чадварыг гутаан доромжлохын оронд албан үүргээ гүйцэтгэхээр өргөсөн тангараг тань өөрийгөө хүндэтгэлтэй, ил тодоор биеэ авч явах үүрэг хариуцлагыг танд ногдуулж байна”  хэмээн сенатын гишүүд мэдэгджээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ