С.Мөнхтуяа: Өдөрт хоёроос илүү цагийг цахимд өнгөрүүлэх нь донтох эрсдэл болдог

2020-01-24

Б.Лхагвадулам

Цахим хэрэглээний донтолтын үр нөлөө болон үүнээс сэргийлэх арга замын талаар СЭМҮТ-ийн Донтох эмгэгийн асуудал хариуцсан мэргэжилтэн эмч С Мөнхтуяатай ярилцлаа.

 -Цахим хэрэглээ нийгэмд нэлээд дэлгэрч байна.  Сүүлдээ донтолтын байдалтай болж байгаа нь нууц биш. Ямар нөхцөлд донтсон гэж үзэх вэ?

– Донтолт гэдэг нь сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой салбар шинжлэх ухаан юм. Маш олон төрөл байдаг бөгөөд дэлхий дээр 600 мянга гаруй төрлийн донтолт үүсгэдэг зүйлс байдаг. Зарим нь зан үйлээс шалтгаалж үүсдэг. Жишээлбэл, нойроо зохицуулж чадахгүйгээс нойрны асуудалтай, тамхи татаад сурчихсан гээд үүнээсээ салж чаддаггүй гэх мэт зан үйлийн донтолтууд байдаг. “Хорын” гэж нэрлэгддэгт зориулалтын бусаар хэрэглэдэг химийн бодисууд болох цавуу, газ, ариутгалын бодисууд гэх мэт зүйлс ордог. Мөн хэрэглээний дон гэдэгт кофе, кола, төрөл бүрийн  цахим хэрэглээг хэтрүүлэн хэрэглэхийг хэлдэг. Цахим хэрэглээний донтолт нь  хүмүүсийг ажлын цагаа зөв зохицуулж чадахгүйд хүргэх, бие организмын зохицуулалт алдагдаж эрүүл мэндэд муугаар нөлөөлөх, нүдний хараа муудах, удаан хугацаагаар суугаа эсвэл хэвтээ байрлалтай байснаас шалтгаалж нурууны мурийлт үүсэх, тэр нь мэдрэлээ дарах гэх мэт маш олон сөрөг үр дагавартай байдаг. Үүнээс хамгийн их хор нөлөөтэй буюу хүний сэтгэцэд нөлөө үзүүлдэг. Хүн гэдэг ажлын үр дүнгээр урам авч үүгээрээ гэр бүл нийгэмдээ өөрийн хувь нэмрийг оруулдаг. Гэтэл цахим донтолттой хүн эсрэгээрээ тухайн зүйлээ л харахгүй оролдохгүй бол уурлаж, уцаарлан зан характерын доголдолтой болж эхэлдэг. Энэ нь цаашлаад гэр бүлийн байдалд сөргөөр нөлөөлдөг.

-Өдөрт хэр хэмжээгээр хэрэглэж байгааг донтсон гэж үзэх вэ?

-Ер нь зургаа хүртэлх насны хүүхэд цахим хэрэглээтэй байх ёсгүй. Гэтэл эцэг эхчүүд өөрсдөө хүүхдээ гар утас, компьютер гэх мэт зүйлсийг хэрэглүүлж, олон цагаар хараа хяналтгүй орхиж байна. 6-12 насны хүүхэд нэг удаадаа 30 минутаас илүүгүй хугацаанд хэрэглэх нь зохистой. Харин  насанд хүрэгчид хоёр цагаас илүү хугацааг цахим орчинд тоглож өнгөрөөх нь донтох эрсдэлтэй байдаг.

-Сүүлийн үед хүүхэд багачууд гэхээсээ илүүтэйгээр насанд хүрэгчид утасны тоглоом, фэйсбүүк зэргийг ихээр ашиглаж, дэлгэцийн хамааралтай болох нь ихсэж байна.  Тэгвэл насан хүрсэн хүмүүс энэ байдлаасаа болж танай төвд хандсан тохиолдол байгаа юу?

-Байгаа. Өсвөр үеийнхэн бол бүрхүүл эмгэгтэйгээ хавсраад явдаг. Өөрөөр хэлбэл эцэг эхийнхээ үгэнд орохгүй, хичээл номондоо хайхрамжгүй хандах байдал нь энэ чигээрээ үргэлжлээд нас биенд хүрнэ. Энэ нь насанд хүрсэн хүний цахим хэрэглээний донтолт гэж орж ирдэг. Энэ нь цаашлаад мөрийтэй тоглоом гэх мэт эдийн засагт хор нөлөөтэй зүйлсрүү орох эрсдэлтэй.  Ингэснээр гэр бүл, үр хүүхэддээ анхаарал, халамж тавих нь багасаад, бие биенийгээ үл ойшоох байдалтай болж эхэлнэ.

-Насанд хүрсэн хүний хувьд зан төлөв, амьдралын хэв маяг нь ерөнхийдөө тогтчихсон байдаг. Тэгэхээр насанд хүрсэн хүн хэрхэн яаж энэ байдалд орохоос сэргийлэх вэ?

-Эцэг эхчүүд хүүхдээ өөрөө буруу хүмүүжүүлж байна гэсэн үг. Хүн юу тарина түүнийгээ хураана гэдгийн адил болно. Насанд хүрсэн хүн энэ байдлаас гарахын тулд өөртөө зорилго тавьж, ажлаа нарийн төлөвлөх ёстой. Өөрийнхөө  мэдлэг боловсролд илүү анхаарч, хэл сурах, ямар нэг спортоор хичээллэх гэх мэт өөрийгөө хөгжүүлэх зүйлс хийж байх хэрэгтэй. Гэр бүлээ авч явах ёстой гэсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, үр хүүхэд, хань ижилдээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлэх хэрэгтэй.

Эх сурвалж:www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ