Монгол Улс авлигын индексээр 13 байр ухарлаа

2020-01-24

М.САРАНЦЭЦЭГ

“Монгол улсыг хүнээр төсөөлвөл авлига нь яг хорт хавдар шиг тархсаныг олон улсын шинжээчид дүгнэжээ” гэж МУБИС-ийн багш, судлаач Э.Гэрэлт-Од өчигдөр болсон олон улсын авлигын индексийг танилцуулах хурлын үеэр хэллээ.

Энэ бол манай улсын хувьд нэлээд таагүй үзүүлэлт гарсныг илтгэх өгүүлбэр байв.

“Транспэрэнси Интэрнэшнл Монгол” ТББ-аас олон улсын 2019 оны авлигын индексийг өчигдөр  танилцуулсан юм. Харамсалтай нь манай улс өнгөрсөн оныхоос 13 байраар ухарч дэлхийн 180 улсаас 106 дугаарт жагссан байна. Мөн 2018 онд 37 оноо авч байсан бол 2019 онд 35 оноо авчээ. Хичээлийн дүнгээр жишвэл авах ёстой 100 онооноосоо 35-ыг авсан гэсэн үг. Монгол Улсын дүн энэхүү индексээр төдийлөн сайн гардаггүй. Тухайлбал, 2015 онд 39, 2016 онд 38, 2017 онд 36, 2018 онд 37 оноо авч байсан бол 2019 онд 35 оноо авснаар ийнхүү 13 байраар ухарчихлаа.

Жил бүр дүгнэлт гаргадаг энэ судалгаанд дэлхийн улсуудын гуравны хоёр нь 50 онооноос доош оноо авсан ба дундаж нь 43 оноо авчээ. Ингэхдээ өнгөрсөн жил манайхаас доош жагсаж байсан улсууд оноогоо ахиулж чадсан учраас манай улсын байр ийнхүү олон дүнгээр ухарсан байна.

2012 оноос хойш Эстони, Грек зэрэг 22 улс оноогоо тууштай сайжруулсан бол Канад, Австрали, Никарагуа зэрэг 21 улс бууруулжээ. Энэ жилийн дүгнэлтээс харахад эдийн засгийн өндөр хөгжилтэй орнуудын хувьд авлигатай тууштай тэмцэхгүй бол ухралт гарч байгааг  онцоллоо. Харин 70 ба түүнээс дээш оноо авсан улс орнуудад сонгуулийн санхүүжилтийн хууль эрхзүй тодорхой, системтэйгээр хэрэгжиж байгаа бол 34-35 оноо авсан улс орнуудад зохицуулалт сул эсвэл зохицуулалтгүй байна гэжээ.

2019 онд дийлэнх улс орнуудад авлигын эсрэг тэмцэлд дэвшил гараагүй бөгөөд авлига иргэдийн өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлсөн жил болсныг “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал  Patricia Moreira онцоллоо. Олон байр ухарсан орнуудад ажиглагдсан зүйл нь улс төр дахь мөнгөний нөлөө ихэссэнтэй холбоотой хэмээн судлаачид үзэж буй аж. Харин өндөр оноо авч тэргүүлсэн улс орнуудын хувьд ажиглагдаж буй нийтлэг шинж нь  хэвлэлийн эрх чөлөө, төсвийн зарцуулалтад тавих иргэдийн хяналт хүчтэй, шүүх засаглал нь шударга, баян ба ядуу хүмүүст тэгш хандах, төрийн бусад байгууллагаасаа хараат бус байдал зэрэг орж байна.

Хамгийн бага оноо авсан орнуудын хувьд ардчилал нь хямралтай, дайн тулаантай, засаглал нь сул, цагдаа ба шүүх засаглал нь сул хараат байдалд автсан, хэвлэлийн эрх чөлөө сул зэрэг шинж ажиглагдаж байна. Авлигын индексийг хэмжихдээ улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх, төрийн нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх, авлигыг мэдээлсэн шүгэл үлээгч, сэтгүүлч нарыг хамгаалсан хууль зүйн орчин байгаа эсэх гэх мэт олон шалгууруудыг олон улсын байгууллагууд шинжилж нийт дүнг гаргадаг байна.Энэхүү шалгууруудыг тооцохдоо дээд тал нь 13 эх үүсвэрээс дүнг нэгтгэдэг бол Монгол Улсын хувьд есөн эх үүсвэрээс мэдээллээ авдаг байна.

 

Монгол Улсын байр сонгуулиас болж ухарч байна

МУБИС-ийн багш, судлаач, улс төр судлаач Э.Гэрэлт-Од судалгааны үнэлгээг танилцуулахдаа “Сонгуулийн хуулийг олон нийтэд танилцуулж, таниулж, санал авах үзүүлэлт маш муу байна. Сонгууль цэвэр шударга болж байгаа эсэх үзүүлэлтээр бид хамгийн муу оноо авч, судалгааны дүнг хойш татаж байгаа юм. Сүүлийн жилүүдэд сонгуультай холбоотой асуудлууд шударга бус, ил тод бус байгаа бөгөөд авлигын асуудал улс төрийн намаар дамжиж байгаа нь Монголд хорт хавдар шиг тархаж байгааг олон улсын судлаачид анхааруулж байна” гэсэн юм.

Олон улсын судалгааны “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас Монгол Улсад өгсөн зөвлөмжид ч энэ талаар тусгажээ. Мөн манай улсын байр хойшилж, оноо багассан бас нэг шалтгаан нь хараат бус ажиллах ёстой институцууд болох аудит, шүүх, хууль тогтоох ба хэрэгжүүлэх байгууллагууд нь хараат байдалд орсноос авлига газар авч байна. Мөн авлигын томоохон хэргүүд шийдэгдэхгүй замхарч, ял шийтгэлгүй өнгөрч түүний улмаас улсад учирсан хэдэн зуун тэрбум төгрөгийн хохирлууд төлөгдөхгүй байгаа нь нийгэмд авлигын эсрэг тэмцэх иргэдийн итгэлийн алдахад хүргэсэн гэлээ. Цаашид АТГ-ыг улам бэхжүүлж Авлигын эсрэг хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгож шинээр баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцолж байсан юм. Энэхүү авлигын эрсдэлт байдал нь гадаадын хөрөнгө оруулагчдыг түлхэж, улсын өрсөлдөх чадварын бууруулж байдаг. Тиймээс бизнесийн салбарт чөлөөт өрсөлдөөнийг бий болгож худалдан авалтыг ил тод боловсронгуй болгох хэрэгтэйг зөвлөсөн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.1.24  БААСАН  № 16 (6241)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ