Үрсэд минь үлдэх эх орон

2020-01-20

Б.БАЯРЖАВХЛАН

Улс орон оршин тогтнох нэг том үндэс бол улсын хил, газар нутаг. Түүнийг хамгаалж буй хилчдийн алдар гавьяаг магтахгүй байхын аргагүй. Тэгвэл өөрийн амьдралаа хил хамгаалах байгууллагатай холбож, тэр хүмүүсийг бэлтгэх их үйлсэд зүтгэхээс гадна тэр хүмүүсийн алдар гавьяаг дуунд мөнхлөхөд өөрийн авьяасыг зориулж яваа хүн бол Дотоод хэргийн их сургуулийн Хил албаны сургуулийн штабын дарга, хөгжмийн зохиолч, хурандаа Б.Лувсанравдан юм. Монгол Улсын төлөө” буландаа энэ сарын 23-нд тоглолтоо хийх гэж байгаа хөгжмийн зохиолч хурандааг “Зууны мэдээ” сонин онцоллоо.

20 жилийн хугацаанд цэрэг эх орны сэдэвт 60 гаруй дуу бүтээжээ

Хөгжмийн зохиолч, хурандаа Б.Лувсанравдан багаасаа л дуу хөгжимд дуртай хүүхэд байжээ. Харин түүний авьяасыг дэмжиж ээж нь гуравдугаар ангид байхад нь 60 төгрөгөөр гитар авч өгсөн байна. Гитараа бариад л байрныхаа ах нараар заалгаж, тоглосоор байгаад сурсан гэдэг. Түүний дараа нь есдүгээр ангиасаа төгөлдөр хуурт дурлах болжээ. Бүр хөгжмийн багшаасаа гуйж зарим хичээлээ таслаж урлагийн зааландаа төгөлдөр хуур дарж өнждөг байсан гэнэ. “Ер нь одоо бодоход ээж минь л миний урлагтай холбогдох зам мөрийг минь нээсэн гэж боддог” гэв. Харин тэрээр сургуулиа төгсөөд урлагийн хүн болохоос илүү эх орноо хамгаалах хилийн цэрэгт хүчин зүтгэхээр одоогийн Дотоод хэргийн их сургуульд элсч орсон байна. Гэхдээ хүний авьяас чадвар юунд ч үл хоригддог гэдэг. Тиймдээ ч анхны уран бүтээл нь түүнийг сонсогч байхад нь бүтэж байжээ. Энэ тухайгаа “Тухайн үед манай сургуульд хөгжмийн анги гэж байсан. Гэхдээ би хилийн цэргийн ангийг сонгож байсан. Харин тэр үед хөгжмийн ангийн нэг залуу чи хөгжимд авьяастай юм чинь хоёулаа ангиа сольё гэдэг байсан. Гэхдээ би эх орныхоо дархан хилийн манаанд зогсохыг хүссэн учраас ангиа солиогүй” хэмээн ярих нь сонголтдоо харамсдаггүй харуулж байлаа. Сургуулиа төгсөж Дорноговь аймгийн Улаан-Уул сумын Хилийн 129 дугаар ангид нэг жил ажиллаад түүнээс хойш одоогийн Дотоод хэргийн их сургуульд шилжиж иржээ. Тэрээр “Би Дотоод хэргийн их сургууль 20 гаруй жил ажиллаж байна. Хамгийн бага албан тушаалаас эхэлсэн. Одоо ес дэх албан тушаалдаа томилогдон ажиллаж байна” гэв. Энэ хугацаанд тэрээр хил хамгаалах байгууллага, онцгой цагдаа гээд олон газарт ажиллаж олон шавь нарыг төрүүлснээс гадна өөрийн сонирхлын дагуу уран бүтээлээ  хийсээр л байжээ. “Бага байхдаа л байрныхаа ах нартай тэр үеийн орцны дуу хийдэг байсан. Гэхдээ түүнийгээ би дуу хийсэнд тооцдоггүй юм. Харин сонсогч байхдаа хийсэн дуугаа би өөрийн анхны уран бүтээл гэж боддог. Харин тэр үеэс хойш 60 гаруй дуу хийсэн байна” гэсэн юм.

“Морин хуур наадам дэд байр хүртсэн маань надад маш их урам өгсөн”

2011 онд ХЦДБЧ-аас  хилийн сэдэвтэй дууны уралдаан зарлаж байсан. Түүнд хилчдийгээ жаргалтай байгаасай гэдэг сэтгэлээс “Хилчин би жаргалтай” дуугаараа оролцсон байна. Гэвч хараахан тэр уралдаанд амжилт үзүүлж чадаагүй байна.  Харин дараа нь 2015 онд дуучин Т.Дэлгэрмөрөнтэй хамт “Хилчин би жаргалтай” дуугаараа  “Морин хуур” наадамд оролцож дэд байрт шалгарчээ. Энэ нь түүнийг уран бүтээл хийх урмаар тэтгэж байжээ. “Гэхдээ тэр үед хөгжмийн мундаг зохиолчид их ирсэн байсан. Тиймээс би өөрийгөө худлаа болчихлоо гэж бодоод харьдаг юм уу гээд бодож байтал дэд байр эзэлсэн. Энэ нь надад уран бүтээл туурвихад маш их урам зоригийг өгсөн дөө. Мөн тэр өдөр миний бага охин маань охиноо өлгийдөж авсан. Түүнд би бэлэгшээ зээ охиндоо Аялгуу гэдэг нэр өгч байлаа” гэж байв. Мөн уран бүтээлч хүн бүрт л хамгийн удаан болон хурдан бүтсэн дуу гэж байдаг. Харин түүний хамгийн богино хугацаанд бүтсэн дуу нь хурандаа Х.Энхтайваны  “Яг л чи минь” дууны шүлгэнд 10 минутад ая хийж Д.Найдандорж олны хүртээл болгосон байна. Харин аавын тухай дуу хийх гээд би бараг 10 жил болж байна. Сэтгэлд нэг л хүрэх уран бүтээл туурвиж чадахгүй байна хэмээв.

Мөн тэрээрМанай” гэр бүлд урлагийн авьяастай хүн байгаагүй ээ. Аав ээж хоёр минь сайхан дуулчихдаг хүмүүс байсан. Харин хүүхдүүдээс минь том хүү минь намайг дуурайсан. Цэргийн амьдрал сонгож дуу хуур жаахан оролддог. Залуучууд таних байх. ДХИС-д сурч байхаасаа л хип хоп дуулдаг байсан Энэрэл  гэдэг залуу. Харин цахим хаяг нь “Энэрэл маружин” гэдэг хэмээн хуучиллаа.

 Нийтийн болон поп чиглэлээр дуу хийдэг

Дууны хувьд нийтийн болон поп  чиглэлээр дуу хийдэг байна. Түүний уран бүтээлүүдээс сонирхуулбал, Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгэнд ая хийж дуучин Т.Дэлгэрмөрөн дуулсан мөн Д.Найдандоржийн “Яг л чи минь”, Я.Гэрэлчулууны “Арван халтар” гэх мэтчилэн олны хүртээл болсон дуу олон. Харин 2002 онд хийж байсан “Хилчин сонсогч” дууг нь сонсогч нар өдөр бүр жагсаалд дуулахыг нь сонсох сайхан байдаг гэдгээ тэрээр ярианыхаа үеэр хэлж байлаа. Мөн уран бүтээл туурвихын хувьд “Төрийн албаны их ажлын хажуугаар тоглолт хийх болон бүтээл туурвих боломж байдаггүй.  Тиймээс ихэвчлэн амралтын өдрүүдэд уран бүтээл дээрээ суудаг. Гэхдээ заримдаа ажил дээрээ сууж байхад уран бүтээлийн санаа орж ирдэг шүү” гэв. Харин түүний найз нөхөд тоглолтоо хий гэдэг саналыг тавьсан байна. “Тоглолт хийнэ гэдэг чинь маш их ажил байдаг юм байна. Одоо л өөрийн биеэр мэдэрч сууна. Одоо тоглолтын ажил 80 хувьтай явж байна” гэв. Тоглолтод өнгөрсөн 20 жилийн хугацаанд зохиосон дуунуудаасаа сорчилж оруулж байгаа ажээ.

Тоглолтын нэрийн хувьд “Бидний өвөг дээдэс энэ улс гүрнийг бидэнд үлдээхийн тулд өөрсдийн халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй тэмцэж энэ эх орныг бидэнд авчирсан. Харин бид бүх юм биднээр дуусах юм шиг эх орноо хайрлахгүй байна. Тэгвэл бидний үр хүүхэд хаана амьдрах юм. Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл бол эх орон юм шүү. Бид эх орноо бүтнээр нь үр хүүхэддээ үлдээх ётой юм шүү гэдгийг ойлгуулах гэж тоглолтоо “Үрсэд минь үлдэх эх орон” гэж ийнхүү нэрлэсэн” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.1.20  ДАВАА  № 12 (6237)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ