М.Тунгалаг: Малаа өсгөж, ашиг шимийг хүртэх нь монгол ухаан юм

2020-01-20

Ч.ҮЛ-ОЛДОХ

Их хотын дуу чимээнээс хол­дож хөдөө нутгийг зори­ход ер бусын амар амгалан, аним гүмхэн. Хаанаас  хэн ирэв гэх шиг хөв хөв хуцаж сүрийг үзүүлэн шуугиж  ирэх атлаа төмөр хүлэгтэй эн зэрэгцэхгүйгээ мэдээд тээр хойно хоцрох хоточ банхар. Хорооны үүд нээх­тэй зэрэгцэн асгарах  хонин сүрэг шиг  хамаг сэтгэлээ уудлан байгаа бүхнээрээ дайлах  малчин хүний цайл­ган цагаан сэтгэл. Хөдөө нутаг, малчин хүний үйл амьдралыг зураглавал ийм.  Замын түгжрэлд хамаг цагаа барж, зорьсон ажил нь цагтаа  амжихгүй бухим­даж, хажуугаар нь том, жижиггүй, өдөр шөнөгүй  гар утсаа  илээстэй, хоорон­доо халуун дотно яриа өрнүүлэх нь багассан  хотын биднээс тэд тэс өөр ажээ.

Хөгжил дагасан хотын нүргээн, цахимжсан оюун сэтгэхүй, түүнийг дагаад бий болж буй төмөрлөг нийгмийн сүүдэрт жиндэвч хамаг сайхнаасаа  байдгаараа зуурч, нүүдэлчдийн ёс уламжлал, зан заншлыг чадах ядахаараа тээн оршсоор буй хүмүүс бол малчид юм. Иймд “Зууны мэдээ “сонин “Амьдрал тойрог” булангийнхаа ээлжит дугаарыг Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт өвөлжиж буй малчин М.Тунгалагийн хотноос бэлтгэлээ.

“Сурвалжлах баг танайхыг зорьж очих гэсэн юм” хэмээн холбогдоход гэрийн эзэн М.Тунгалаг гуай “Ах нь ийм аварга, тийм ч сайн малчин гэх цол гуншингүй, жирийн малчин. Ярьж хөөрөхдөө ч маруухан хүн шүү”  хэмээсэн. Бямба гаригийн өглөө хотоос гарч Налайхаар дамжин Монголын шилдэг гэрэл зурагчдын нэг Н.Сүхбат ахтай уулзан замчлуулахын зэрэгцээ нэг баг  болж аваад цааш М.Тунгалаг гуайнхыг  зорив. Тэднийх  хотоос 70 гаруй километрт Эрдэнэ сумаас зүүн хойш чигтэй өвөлжиж байна.  Холоос харахад айлын бараа алган дээр мэт илхэн. Хашаа хорооны эмх цэгц, морины уяа, үхрийн хөлдүү баасыг  нэг цэгт овоолсон зэрэг нь  гэрийн эздийн ажилсаг хөдөлмөрч гэдгийг илтгэнэ.  Гэрийн гадаа ирвэл хонио хараахан бэлчээрт  гаргаагүй,  адуу зүүн урд зүгийг барин  захалж, хөдөөний ажилд  сүрхий дөртэй 3-4  хүүхэд  үхрийн хөлдүү баас цэвэрлэн гүйлдэж,  эзэгтэй  малын тэжээл ууталж, эрчүүд уурга, хуйв засч сэлбэх гэхчлэн бүгд тус тусдаа ажилтай  өглөөний жаварт даарсан шинжгүй шаламгай хөдөлцгөөх аж.  Утсаар ярьснаас биш уулзаж зүс хараагүй тул гэрийн эзнийг хараачилвал хөх дээл өмссөн, дунд зэргийн нуруутай хүн гэргийн хамт ирж биднийг гэртээ орохыг урьсан нь М.Тунгалаг гуай байлаа. Тэднийх  Төв аймгийн Сэргэлэн сумын айл гэнэ. Сүүлийн хоёр жил үлийн цагаан оготно ихэсч, бэлчээрийн гарц муудсан тул арга буюу ийшээ нүүж иржээ. Гэрийн эзэн М.Тунгалаг, эзэгтэй Г.Хандсүрэн нар багаасаа аав, ээжийгээ дагаж мал маллаж өссөн. Нас биед хүрээд нэгдлийн мал маллаж явахдаа танилцан гэрлэж, хоёр охинтой болжээ.1990-ээд оны хувьчлалаар нэг хүнд бод, бог нийлсэн 10 орчим мал  ногдоход, тэр хоёр 20-оод  толгой малтай болж аваад түүнийгээ өсгөж, ашиг шимээр нь амьдралаа залгуулж иржээ. Өдгөө тэд өөрийн болон хоёр дүүгийнхээ  нийт мянга гаруй толгой мал маллаж байна. Зөвхөн бог мал 1000 давсан бөгөөд хавар 500 гаруй төл хүлээж авах  бол үхэр 50-60,  адуу  200 гарчээ. Тэдний нэг охин нь хуулийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн төрийн албан хаагч бол нөгөө нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Ач зээ  болон дүү нарынх нь хүүхдүүд амралтаараа ирж  мал аж ахуйн ажилд тусалж, хөвгүүд нь эмнэг сургаж өгдөг гэнэ. М.Тунгалаг гуайн аав, ээж эрэгтэй хүүхэд тогтохгүй байсан тул хүүдээ ийнхүү эмэгтэй хүний нэр хайрлажээ. Мөн хүүхдүүддээ элдэвт шуналгүй, амьдралаа илүү, дутуугүй тэгш сайхан авч явахыг захиж, малч ухаанаа өвлүүлж үлдээжээ. Энэ нь ч түүнийг өнөө хүртэл “Мянгат малчин”, “Сайн малчин” болохсон гэлгүй  уулын мухарт эгэл жирийн, хөдөөгийн цөлх эрийн амьдралаар амьдарч ирэхэд гол зарчим нь болжээ. Иймд тэрээр малаа олон болгоё, өсгөе гэж боддоггүй гэсэн. “Өөрийн  болоод хүүхдүүдийнхээ хэрэгцээг хангаад дутагдах гачигдах юмгүй байхад болно. Малчин хүн мал сүрэгтээ хэзээд эзэн нь байх ёстой. Тоо толгойг  нь хэт өсгөвөл  өөрөө малынхаа боол болно. Тэгээд ч малаа  хоёр, гурван мянгад хүргэлээ гэхэд туслах малчин авахаас өгсүүлээд төвөгтэй.  Бэлчээрийн талхагдана. Дээр нь өвс тэжээлийн асуудал, мал  ноослох, хөөвөрлөх,  эмнэг сургах, үрээ, бяруу, хурга ишгээ  хөнгөлөх, хавар төл  авах, ямаагаа самнах гээд хүчрэгдэхгүй шүү дээ” хэмээн тэрээр хуучилж байна.

Сүхбаатар аймгийн Баяндэлгэрийн улаан ямаатай болохоор ухна авчирч тавьсан. Ямаа мах, сүү, ноолуур гээд бүх талын ашигтай гэж гэрийн эзэн хэлэв.

Малчин хүний амьдрал байгаль цаг уурын байдал, дөрвөн улирлын аясыг дагаж байдаг. Цаг сайхан бол сайхан, цас орж, нүдгүй шуурга тавибал  байдал бишдэнэ. Тиймээс гадаа гарч тэнгэр хангайг шинжиж,  малтайгаа ярилцаж, хаашаа бэлчээхээ тооцоолж, хаана зусч, намаржиж, хаваржаа, өвөлжөөнд хаашаа буухуу  хүртэл товлож байдаг орон зайн мэдрэмжтэй хүн гэвэл малчин юм. Өвөл малаа онд  бүрэн оруулах, хавар  төл хүлээж авах, цаашлаад ямаагаа самнах, мал хөөвөрлөх, ноослох, цас ханзрахаас өмнө үрээгээ засах, халуу орчихоос өмнө амжиж хурга, ишгээ хөнгөлөх гээд бүгд цаг улирлын хийгээд өдөр судар харж товлосон  нарийн ухаан дээр суурилна. Энэ тухай хуучилж суугаад саяхан сошиал орчинд  “Ноолуураар маш нарийн  бүтээгдэхүүн гаргах гэж нялх  ишгийг орилуулж   самнадаг юм гэнэ”  гэсэн мэдээлэл гарч, зарим хүн бухимдсаныг  дуулгавал М.Тунгалаг гуай хүд хүд инээгээд “Яалаа гэж ишиг самнах вэ. Харин ноднингийн ишиг буюу борлонг  бол самналгүй яах вэ. Манай залуучууд уламжлалт ёс заншлаа ухаж төнхөж сайн судлахгүй юм. Монгол хүний оюун санаа цэлмэг  уужуу байх, хүчирхэг байх, тэвчээртэй тэнхээтэй  байх, аливаа зүйлийн утга уялдааг олж хооронд нийцүүлэх чадвар бол бидний зан заншилд нэвт шингэсэн эд.  Цаг улирлаа хараад аливаад сэрэмжтэй байх, сэргэлэн байх, жудаг ёсоор,  бэлгэдлээр цээрийг арилгаж сэтгэлдээ сэвгүй сайхнаар үйлийг бүтээж амжилт бүтээл арвин сайхан байх  гээд маш олон юм бидний  уламжлалт монгол ухаанд бий. Мэдээж орчин цагт авах, гээхийн ухаанаар хандах ёстой байх. Малчид бид суурин газарт сууж сул цалин авч,  дулаан байшинд утсаа маажиж суугаа хүмүүсээс өөр шүү дээ. Ямаагаа самнах өдөр, цагийг хүртэл зурхайгаас харж байж тогтоно. Буянт малдаа хүрэх нь яг л хүүхдийн даахи  үргээхтэй адил хүндэтгэлтэй. Ямар насны ямааг самнах вэ, яаж самнах вэ гэдэг  хотын хүүхнүүд “Үсчин”-д орж үсээ будуулж, засуулахаас нарийн дэгтэй шүү дээ, дүү минь” хэмээн ярилаа.

М.Баясгалан, ач хүү Төв аймгийн цогцолбор сургуулийн 5-р ангийн сурагч П.Жавхлантөгсийн хамт хээрийн хойморт хуучлав.

Мөн тэрээр  “Хөдөө өсч торнисон хүүхдүүд л малд нүдтэй, малчны амьдралд ойр хүн болох юм. Ийм л хүүхдүүд том болоод малчин болохоос төвд ном үзэж, комьютер тоглож өссөн хүүхэд амралтаараа хэчнээн малын захад ирж зуныг өнгөрөөлөө ч дөр суух нь муу байх юм. Хуучин цаг шиг хүүхдүүдээ зун, өвлийн амралтаар хөдөө  сүү, цагаан идээн дээр  агаарт гаргадаг уламжлал алга боллоо. “Хөдөлмөр зуслан” гэж хүүхдүүдийг ажилд сургадаг байсан хуучны арга барил хоцрогдсон гээд орхигдсон нь нэг талаар маш муу. Малчны хүүхдүүдийг зургаан наснаас боловсрол эзэмшүүлнэ гэдэг ч өрөөсгөл санагддаг. Ахуйгаас  нь холдуулна гэдэг амьдрал мэдэхгүй хүн болгож буй  хэрэг юм. Үүнд төр анхаарч, мэргэн бодлогоор хандаасай” гэснийг энэхүү сурвалжлагаар дамжуулан  уламжилъя.

Өдөр нар голлож, жавар цаашлахуйд Ч.Буянбадрах, М.Эрдэнэбат, М.Бат-Эрдэнэ нар даага сургасан юм.

Малчин М.Тунгалагийн дүү Ч.Буянбадрах, М.Эрдэнэбат нар нь адуунд эрэмгий чадалтай залуус аж.

Нийтлэлийн баатрын ач хүү Налайхын 10 жилийн сургуулийн 10-р ангийн сурагч Б.Базаргүр, Сэлэнгэ аймгийн Номгон сумын сургуулийн 3-р ангийн сурагч Б.Баяржавхлан нар ах нарыгаа дууриаж адуунд эрэмгий болж өсч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.1.20  ДАВАА  № 12 (6237)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • 1 сар

    Хэн ч харсан дэлтэй хонгор бол даага биш л байна даа Ихэнх нутагт үхрийн хөлдүү баасыг “хүйдэс” гэдэг юм овоолж байгаа нь ирэх жилийнхээ аргалыг бэлтгэж байгаа хэрэг энэ мэтийг мэдэхэд илүүдэхгүй

Холбоотой мэдээ