Б.Дөлгөөн: Төрийн чадавхи сулаас хөгжил гацаж байна

2020-01-20

Ц.МЯГМАРБАЯР

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ.Энэ удаа эдийн засагч, судлаач  Б.Дөлгөөнийг урьсан юм.

 

Хөгжлийг  дөрвөн хэмжээсээр тодорхойлдог

Блиц

Баасандаваагийн Дөлгөөн

Хөгжлийн эдийн засагч

Ажлын туршлага:

“Би Жи Би Пик” ХХК-н захирал, МБХХ-ны УЗ-ийн гишүүн. Санхүү, эдийн засгийн салбарт 10 жил ажилласан туршлагатай.

2012-2014 онд:

“Тэнгэр” Санхүүгийн Нэгдлийн охин компани болох “Тэнгэр Капитал” ҮЦК-ийн дэд захирал. 

2010-2011 онд:

“Ньюком групп”-т ТУЗ-ийн даргын туслах, ахлах санхүүгийн шинжээчээр ажилласан.

Боловсрол:

2016-2018 онд: Харвардын Кеннедигийн их сургуульд ОУ-н Хөгжлийн эдийн засаг чиглэлээр Төрийн Удирдлагын магистр.

2004-2007 онд: “Коннектикат коллеж”-г Математик эдийн засгийн мэргэжлээр бакалавр.

-Хөгжлийг хүн бүхэн өөр,өөрийн өнцгөөр хардаг. Хөгжил  ярихын өмнө нэгдүгээрт, XXI зуунд монголчууд бид яаж амьдрах гээд байгаа юм гэсэн асуултыг тавимаар байна. Хоёрдугаарт, ирээдүйд хэрхэн, хөгжих бодлогоо тодорхойлоод залуучуудаа яаж бэлтгэх юм. Гэхдээ хөгжилд хүн бүхэн өөр өөр байр суурьтай байгаа ч гэсэн хөгжлийг олон улсад  хүлээн зөвшөөрсөн дөрвөн  тодорхойлолтоор хэмждэг.

Хөгжлийг зөвхөн эдийн засаг талаас нь хэмжих нь өрөөсгөл. Нэгдүгээрт, тухайн хүний бүтээмж, орлого нэмэгдсэнээр. Хоёр­дугаарт улс төр та­лаас нь харах ёстой. Хэдийгээр эдийн засаг сайн байгаа ч тухайн улс орныг удирдах хүнийг сонгох, хариуцлага тооцох хэлбэр нь сул байвал хөгжил сайн байна гэж үзэхгүй. Хойд Солонгос хоёр туй­лын нэг хэсэг. Нөгөө хэ­сэг нь Норвеги. Өөрөөр хэлбэл хойд Солонгосын удирдагчийг иргэд нь сон­годоггүй. Үүгээрээ хөгж­лийн хэмжээсээр бол хамгийн муу жишээ. Норвеги хөгжлийн хэм­жээ­сээр хамгийн сайн хөгжилтэй орон.  Монгол Улсыг зөвхөн дээрх хоёр хэмжээсээр жагсаахад дэлхийн 196 орноос дун­даас арай дээгүүрт явж байгаа. Бид удирдагчдаа өөрсдөө сонгож байна. Гэх­дээ энэ сонголтын үр дүн нь Норвеги шиг түвшинд хүрээгүй. Сонгогчдыг худалдаж авч байна. Эд юм тараахаас гадна янз бүрийн худал мэдээлэл, гүтгэлгээр сонгогчдын тархийг угаах гэх мэт. Ер нь иргэншсэн нийгэмд өнөөдрийн Нор­вегийн хөгжлийн төвшинтэй харьцуулахад  Монголынх хаана нь ч хүрэхгүй. Гэхдээ сүүлийн 30 жилд энэ хэмжээсээр бол хурдтай хөгжиж байна гэж миний зүгээс хардаг. Чамлахаас чанга атга гэдэг. Гэхдээ  одоо сайжруулах зүйлс залуучуудаас шалт­гаална. Гурав дахь хэмжээс нь нийгэм дэх боломжууд. Жишээлбэл, долоон буудалд байгаа 18 настай залуу эхнэрээ өөрөө сонгож байна уу гэж асуувал бараг л чадахгүй, боломжгүй гэх байх. Түүнчлэн тэр залуу англи хэлээр ярьж байна уу, усанд сэлж чадах уу, төгөлдөр хуур тоглодог уу гээд асуумаар байна. Хариулт нь бүгд чадахгүй гэх байх. Тэгвэл Зайсанд амьдардаг 18 настай охин магадгүй бүгдийг чадаж байгаа. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл нийгмийн ялгаа гарсантай холбогдож тэд эхнэр, нөхрөө өөрсдөө сонгож чадахгүй болж байна. Манай улсын дун­даж амьдралтай дав­харга Зайсанд төвлөрч тэд хамгийн багадаа жилд нэг хүүхдээ дөрөв орчим сая төгрөгөөр хувийн сургуульд сургаж амралтын өдрүүдээр усанд сэлэх, хөгжмийн зэмсэг тоглуулах, спортоор хичээлүүлэх зэргээр төрөл бүрийн дугуйланд сургадаг. Усанд сэлж сургахад нэг бассейны жилийн төлбөр хамгийн хямд нь нэг сая төгрөг. Хөгжмийн дугуйлан мөн хамгийн бага нь сарын 250 мянган төгрөг. Харин гэр хорооллын хүү 18 нас  хүртлээ улсын сургуульд явж, хичээлээ тараад усаа зөөж, нүүрсээ авч байна. Чөлөөт цаг гарвал сагс тоглодог.Тэр мөнгө төлөөд фитнесс болон усанд сэлэх, хөгжмийн зэмсгээр хичээллэх боломжгүйгээс гадна төлбөрийн чадвар­гүй. Эдгээр нийгмийн бо­лом­жуудын хооронд зөрүү их байна. Энэ зөрүү багасах юм бол үүнийг хөгжил гэж үзнэ. Харин улам нэмэгдэх юм бол хөгжил ухарч байна гэж үздэг. Дөрөв дэх хэмжээс нь төрийн чадавхи. Өнөөдөр АНУ-ын төр гадаадад дайны бодлого хэрэгжүүлж бай­на. Төр нь өндөр чадав­хитай байх тусам гадагшаа бодлого явуулж илүү хүнд ажлыг хийдэг. Харин сул чадавхитай төр энгийн ажлыг хийдэг бол дунд зэргийн ажлыг хийж чад­даггүй байх нь. Дунд зэр­гийн ажил гэдэгт  хил хам­гаалах, байнга давтагддаг өргөн хүрээ шаардагдаагүй асуудлыг шийдвэрлэх зэрэгт төр нь гайгүй ажиллаж байвал тухайн орны төрийн ча­давхи энэ төвшинд байна гэж хэмждэг. Төрийн чадав­хийг судалсан гурван эрдэмтний судалгаанд 190 орныг дөрвөн ангилалд хувааж үзсэн байна. Эхний ангилалд төрийн чадавхи хурдтай сайжирч байгаа, хоёр дахь нь төрийн чадавхи нь сайжирч байгаа гурав дахь нь  төрийн чадавхи нь муудаж байгаа, дөрөв дэх нь төрийн чадавхи хурдтай муудаж байгаа гэж ангилжээ. Монгол Улс төрийн ча­давхи муудаж байгаа гэсэнд багтсан аж. Хэ­рэв манай улс төрийн чадавхи сайжирч байна гэсэн ангилалд багтвал тогт­вортой хөгжил илүү урт хуга­цаанд үргэлжлэх боломж­той.

 

Эдийн засгийн хэмжээсээр хөгжихөд бидэнд мэдлэг чухал

 

-Сүүлийн 15 жил эдийн засгаа солонгоруулна гэж ярьсаар ирсэн. Гэвч туршлага, технологи нь манайд нэвтрэхгүй байгаа учраас экспортоо солонгоруулж чадахгүй  зогсонги байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгаа солон­горуулсан гэх олигтой харьцуулалт гарсангүй. Шүүмжлэх нэг өөр хэ­рэг. Хөгжихгүй байгаа шалтгааныг нь судлахад бидэнд мэдлэг, но хау, туршлага дутаж байна.  Мэдлэгийг кодлогдсон мэдлэг, багаж тоног төхөө­рөмж, но хау буюу туршлага гэсэн  гурван төрөлд хувааж байна. Кодлогдсон мэдлэгийг цаасан дээр буулгаж, уншиж судалж болно. Багаж тоног төхөөрөмжийг импортоор худалдан авч зааврын дагуу угсарч, ажиллуулж чадна. Харин но хау туршлагыг богино хугацаанд эзэмшиж чадахгүй. Тухайлбал, шүд­ний эмчийн номыг хараад бэлэн багажаар өвчтөнг шууд эмчил гэвэл хэн ч чадахгүй. Тэгэхээр энэ турш­лага, но хауг хүн өөрөө олж авдаг. Мэдлэгийг хоёр янзаар олж авдаг. Гадаадаас мэргэжилтэн урьж монголдоо эзэмшиж нутагшуулах эсвэл монгол­чуудаа гадагшаа сургаад, эргээд эх орондоо ирж хэ­рэг­жүүлэх хэлбэр. Дэл­хийн II дайны дараагаар 1980 он хүртэл  Монгол Улсын эдийн засаг яагаад хурдтай сайжирсан бэ гэвэл  бүх салбартаа орос зөвлөхүүдийг авчирч ажил­луулсан байдаг. Түүнчлэн 60 мянган монголчуудыг  ОХУ-д  сэтгүүлч, тагнуулч, инженер, багш, эмч, цэргийн гээд  бүх салбарт сургаж улмаар монголд нь авчирч ажиллуулсан учраас эдийн засаг  хурдтай хөгжсөн. Түүнээс гадна манай өвөө Завхан аймгийн орлогч дарга хийж байхдаа таван орос зөвлөхтэй хамт ажил­лаж байсан гэдэг. Зөвхөн нэг аймгийг хөгжүүлэхийн тулд таван зөвлөх салбар бүрт мэдлэг, но хаугаа хуваалцаж байсан гэхээр хөгжихөөс аргагүй биздээ. Тэгвэл өнөөдөр монголчууд яах ёстой вэ гэвэл залуучуудаа илүү сайн боловсролтой болгох шаардлагатай. Гэтэл энэ тухай огт ярихгүй байна. Дунд сургуулийн математикийн ном болох­гүй байна гээд шинэ ном жил болгон хэвлэдэг. Бо­ловс­ролын салбарт тулгамдаж байгаа асуудлыг бүгд мэдэж байгаа боловч түүний шалтгааныг олж илрүүлэх ямар нэгэн судал­гаа хийдэггүй. Жишээлбэл, тэтгэврийн зээлийн тэглэлт улс төрийн шийдвэр болсон. Ямарч бодлого, судалгаа, нотолгоо байхгүй. Цэвэр сонгуультай холбоотой улс төрийн акц. Хэрэв бодлоготой байсан бол 783 тэрбум төгрөгийг тэглэвэл ядуурал ийм хувиар буурна. Эсвэл ахмадуудын орлого өссөн тул цаашид ийм үр дүн гарна гэсэн зорилт байх ёстой. Гэтэл ямар ч бодлого, нотолгоо үр дүнг тооцохгүй шийдвэр гаргасан. Түр хугацааны улс төрийн шийдвэр гаргаж байгаа төрийн энэ мэт шийдвэр, үйл ажиллагааг өөрчлөхгүйгээр хөгжил ярихад хэцүү. 783 тэрбум төгрөгөөр юу хийж болох байв гээд  тооцож үзэхэд гурван  км метро тавьчих хэмжээний мөнгө. Хятад улс нэг км метроны газар доогуурхи байгууламжийг барихад 100 сая ам, доллар зарцуулж байна. Монголд хөдөлмөрийн хүч хямд гээд тооцох юм бол үүнээс арай бага дүн гарна. Монгол төгрөгөөр 250 тэрбум гээд тооцоход 783 тэрбумаар гурван км метро барина. Сапорогийн уулзвараас зүүн дөрвөн зам хүртэл есөн км. Энэ хооронд метротой болох мөнгө. Энэ оны төсөв хоёр их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. Тэгсэн хэрнээ нэг км ч метрогүй. Хэрэв энэ мөнгөөр метротой болсон бол нэг сая 500 мянган хүн амтай Улаанбаатар хотын түгжрээ арилж өдрийн  турш түгжрээнд өнгөрөөх цагаа хэмнэх байв. Хүн болгон өдөрт дор хаяж 30 минутаас хоёр цагийг хэмнэх боломжтой. Энэ бүгдээс дүгнэхэд аливаа бодлого, шийдвэрээ  тоо­цоо судалгаа, нотолгоонд үндэслэхгүй байна. Ялан­гуяа 10 тэрбум төгрөгөөс дээш зарцуулах зарлага бүрт судалгаа хийх хэрэгтэй. Судалгаа, нотолгоотой шийд­вэр бүрийн цаана үр өгөөж нь хэд дахин нэмэгдэнэ. Ядаж төсвийн 11 их наяд төгрөгийг зар­цуу­лахдаа тооцоо судалгаатай үр өгөөжийг нийт ард түмэнд хүртээхээр шийдвэрлэж чадвал эдийн засаг сайжрах  магадлалтай. Манай улс мөнгөтэй. Хам­гийн гол нь зарцуулж чадахгүй байна.

 

Их эрсдэлийн цаана их боломж бий

 

-Монгол Улс ОХУ, БНХАУ гэсэн хоёр том гүрэн, маш том зах зээлийн дунд байрлаж байна. Манай улс гурван улсын эдийн засгийн коридорын төслийг амжилттай урагш­луулж “Нэг зам, нэг бүс”-д өөрт ашигтайгаар тооцоо судалгаатайгаар оролцоогоо тодорхойлж чадах юм  бол үр өгөөж нь өндөр байх юм. Ямар ч бэлтгэлгүй, тооцоо судалгаагүй оролцох юм бол алдах эрсдэлтэй.Тэгэ­хээр энэ коридорт  орол­цоогоо зөв хангах юм бол ашигтай. Харин хангаж чадахгүй бол  эрсдэлтэй.Ялангуяа шийдвэр гаргал­тад байгаа эрх баригчид хэр бэлтгэлтэй зөв стра­тегитэй оролцоно тэр хэ­рээр  ашиг хүртэнэ. Чөлөөт бүсээр дамжуулан эдийн засгийн коридорт оролцож буй зарим нэг хөрөнгө оруулагчид өрөнд орсон, усан боомтоо алдсан зэрэг хүндрэлд орсон олон улсын таагүй туршлагууд бий. Эдгээр туршлагаас суралцахын зэрэгцээ үүнд тулгуурлаж хэрхэн оролцохоо тодорхойлох нь чухал юм. Монголын хөгжлийг боомилж буй хүчин зүйл нь популизм, авлига, нотолгоонд суури­лаагүй шийдвэр гаргаж буй хандлага. Эдгээр хү­чин зүйлүүд хөгжлийг хүлж буй юм. Популизм  зөвхөн Монголд ч биш АНУ,  хаа сайгүй улс болгонд сонгуулийн үеэр дэвэрдэг зүйл. Ялангуяа уламжилт медиа салбар нь багасч цахим орчин нэмэгд­сэнээс популизм илүү хурдтай гаарч байна. Үүнийг сонгогчид өөрс­дөө сааруулна. Тэдний мэдлэг, боловсрол чухал. Нөгөөтэйгүүр боловсорсон хэсгийн оролцоо бас чухал. Тухайлбал, попорсон асуудалд нотолгоотойгоор дуугарах, няцаах хэсгийн оролцоо дутмаг болохоор тухайн асуудал дэвэрдэг.Сонгуулийн үеэр попу­лизм гаарна. Түүний нө­лөө эргээд манай дунд  хуга­цааны хөгжилд хэр нөлөө­лөх вэ гэдгийг хэлэхэд арай эрт байна. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт өөрч­лөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдэл нэмэгдэж танхимаа өөрөө бүрдүүлэх боллоо. Энэ нь ямар нэг байдлаар гарсан ахиц мөн. Дунд хугацаандаа хөгж­лийг наашлуулах боломж ирнэ. Харин популизм гаараад байвал ирээдүйд ирэх боломжоо хулгайлж байна гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.1.20  ДАВАА  № 12 (6237)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ