Тэтгэвэр ирэх сарын 1-нээс найман хувиар нэмэгдэнэ

2020-01-13

Б.НАМУУНТАМИР

Нийгмийн даатгалын тухай хуулиудад орсон 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх өөрчлөлтүүдийн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Н.Саран, Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг нар танилцууллаа.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх нь үүссэн  сайн дурын даатгуулагч эх шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг  тэтгэмжийн даатгалын сангаас Бусад эх шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг улсын төсвөөс хариуцан төлнө. Шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон төлөх ба хуулийн үйлчлэлд хүүхэд нь гурван нас хүрээгүй нийт эхчүүд хамаарах аж. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгон авч буй нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд энэ онд 150,6 тэрбум төгрөг зарцуулах аж. Ингэснээр тэтгэврийн хэмжээ найм орчим хувиар нэмэгдэх юм байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг “Дараах дөрвөн нөхцөлтэй иргэдийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэхээр болсон. Нэгдүгээрт, 15 жилээс доошгүй хугацаагаар улсад ажилласан гурав хүртэлх насны хүүхэд үрчилж авсан буюу дөрвөөс дээш хүүхэдтэй эхчүүдийн хувьд 15 жил ажиллаад 50 нас хүрсэн бол хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгож байсан эхчүүд. Хоёрдугаарт, нийтдээ 20 дээш жил улсад ажилласан буюу дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн эхчүүдэд нас харгалзахгүй тэтгэврээ тогтоолгож байсан эхчүүд. Гуравдугаарт,  хуучин хуулиар 55 насандаа буюу 20-оос дээш жил ажилласан тохиолдолд тэтгэвэр тогтоодог байсан. Тэгвэл тухайн үед 27 жил улсад ажилласан бол нас харгалзахгүй тэтгэвэр тогтоож өгдөг байсан. Дөрөвдүгээрт, эрэгтэй хүмүүсийн хувьд 25 жилээс дээш ажиллан 60 насандаа тэтгэврээ тогтоолгодог байсан. Тухайн үед 32 жилээс дээш улсад ажилласан бол 60 нас хүрээгүй байхдаа тэтгэврээ тогтоолгосон иргэд гэсэн дөрвөн нөхцөлтэйгөөр нэмнэ. Дээрх нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон 21.2 мянган иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байгаа бөгөөд нийт 12.7 тэрбум төгрөг зарцуулна.

Түүнчлэн төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор 1.6 сар нэмж тооцно. 2020 онд сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон. Үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон шимтгэлээ төлдөг сайн дурын даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хэмжээ 56700 төгрөг болсон” гэдгийг танилцууллаа.

Мөн ажилгүйдлийн тэтгэмжийн доод хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувь буюу нэг өдрийн тэтгэмжийн доод хэмжээ 14858 төгрөг 420000 төгрөг, нийт тэтгэмж 76 өдөрт олгох тэтгэмжийн доод хэмжээ 1129245 төгрөгөөс багагүй болж өөрчлөгдсөн.

Малчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломжтой болжээ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Н.Саран “Нийгмийн даатгалын тухай хуулиудад орсон хээд хэдэн кааотын гол нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлүүлэх тухай хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль 2017 онд батлагдсан. Шимтгэлийн хуулийг дагаж мөрдөх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар буюу сард 42 мянган төгрөгөөр тооцож төлнө. Уг хуулийн үйлчлэлд 88,1 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдах бөгөөд 2020 онд 34,8 мянган иргэн шинээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тооцоо гарсан. Нөхөн тооцох жилд тухайн иргэний суралцсан, ял эдэлсэн хугацааг хамаарахгүй.  Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор 2020 онд сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоосон. Үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон шимтгэлээ төлдөг сайн дурын даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хэмжээ 56 мянга 700 төгрөг болсон. Харин үүнээс дээш дүнгээс шимтгэлээ  төлдөг даатгуулагчийн төлөх дүнд өөрчлөлт орохгүй ба сайн дурын даатгалын шимтгэлийн хэм хэмжээ нь 2019 онд мөрдөж байсантай ижил 13,5 хувь байна” гэсэн юм.

Албан журмын даатгуулагч эх хүүхэд төрүүлэх бүртээ тэтгэмж авна. Ажил, хөдөлмөр эрхэлж байсан буюу албан журмын даатгуулагч эхэд хуульд заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин төрүүлэх бүрт жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно. Өмнө нь хоёр удаа олгодог байсан юм.

Тэтгэврийг даатгуулагчийн шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн дотроос дурын дараалсан таван жилийн буюу 60 сарын дундаж цалингаас тогтоож байсныг долоон жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор өөрчилсөн байна. Хуулийн энэхүү зохицуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд 2020 оноос эхлэн тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан иргэдэд хамаарна гэж хуульчилжээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ