“Тэд хүчирхэг хөлөндөө найдсан ч галан ханыг давж чадсангүй”

2020-01-07

Б.СОЛОНГО

“Нүд хорсгох утаа, өтгөн манан холилдсон саарал бүүдгэр энэ орчинд зөвхөн айдас ноёлж, нарны гэрэл ч нэвтлэн орж ирж зүрхлэхгүй байна. Зөвхөн урдах замаа харахыг хэчнээн хичээсэн ч өөрийн эрхгүй нүдний буланд сэртэсхийн өртөх энэ дүр зургийг би үхэн үхэтлээ мартаж чадахгүй байх. Мэдэхгүй ээ, магадгүй хэдэн арав, бүр хэдэн зуун имж замын хажууд овоорон хэвтэж байна. Цагт 45 км хурдалж чаддаг, том хөл бүдүүн сүүлнийхээ хүчээр хоёр метрийн өндөрт төвөггүй үсрэн дүүлдэг энэ амьтад дүрэлзэх галын дөлийг даваад гарчихна гэж найдсан байх л даа. Харамсалтай нь тэд чадсангүй. Галан ханыг давж чадалгүй мөргөөд үхчихэж. Дайны дараа л байлдааны талбар ийм төрхтэй байдаг байх даа” …

“The Guardian” сэтгүүлч Эллэ Хант энэхүү зүрх шимшрэм өгүүлбэрүүдийг бичжээ. Түймрийн хохирлыг хамгийн их амсч байгаа Шинэ Өмнөд Уэльсийн Батлоу руу явах замд замын хажуугаар овооролдон үхсэн асар олон имжнүүдийг бичсэн бичлэг дэлхийн ногоон бүсд тулгарсан гамшгийг олон үггүйгээр илэрхийлж, харуусал бүхий хамгийн олон хандалт, сэтгэгдлийг авч байна.

Шатаж буй Австралийн зүрх нь болсон хагас тэрбум ан амьтан энэ түймэрт амиа алдлаа. Уутат имж, эв дүйгүй царай муутай коала баавгайгаар л Австралийг төсөөлдөг бол бэлэгдэл нь болсон энэ амьтад мөхөж, эргэж сэргэхгүйгээр  устан үгүй болж байгааг дэлхийн хэвлэлүүд бичиж байна. Түймрийн утаанд бүрхэгдэж галын дөл дундаас ганц амьтныг ч болов сугалж гаргахаар тэмцэж буй австраличуудын тооцоолж гаргасан ганцхан тоог дурьдахад коала баавгайны амьдрахад хамгийн таатай гэгдэж байсан, энэ баавгайны 80 хувь нь нутагладаг байсан  “Кенгуру” арал шатсанаас тэнд байсан 50 мянган баавгайны тал нь үрэгдсэн байна. Зүүн Австралид өндөр модон дээр амьдардаг өвсөн тэжээлтэн энэ амьтныг 20 дугаар зууны эхээр олноор нь хядаж байсан түүх бий.  Хүн төрөлхтөн хийсэн үйлдлийнхээ бурууг хүлээж үлдсэн цөөхөн коалагаа яг энэ “Кенгуру” аралд нутагшуулан үржүүлж, өхөөрдөн хайрлаж байсан юм.

Австраличууд коалагаа, имжээ аврахыг хичээж байна. 18 настай Мила, 19 настай Калеб нар шатаж буй ой дундаас коалануудыг цуглуулахыг хичээж байгаа бичлэг байна. Машины сандалнаас болон бие биенээсээ байдгаараа зуурсан таван бяцхан коалаг тэд галаас аварчээ. Харамсалтай нь нэг нь эмнэлэгт хүргэх замд шархаа даалгүй амиа алджээ.

Энэхүү аймшигт түймэр коала баавгайны удмын санг сэргэхгүйгээг устгах нь тодорхой болжээ. Галын аюул намжлаа ч хоол хүнсний хомсдол халдварт өвчин тэднийг хүлээж байгаа аж.

Австралид байдаг хөхтөн амьтдын 84 хувь, ургамлын төрөл зүйлийн 85 хувь, жигүүртний 45 хувь, загасны 89 хувь нь зөвхөн Австралид л байдаг амьтад байдаг. Имж, Динго, Лемур, Күкабурра шувуу, уутат баавгай коала зэрэг нь Австралийн бэлэг тэмдэг юм. Эдгээрээс динго нь зөвхөн Австралид л байдаг өвөрмөц төрөл зүйл. МЭӨ 3000 оноос эхлэн уугуул австраличууд нохой тэжээх болж, улмаар тэжээсэн нохойнууд нь орчноо орхин зугтаж, зэрлэгшиж эхэлжээ. Нэг ёсондоо хүний тэжээж байсан нохой зэрлэгшиж, энэ өвөрмөц төрөл зүйлийг үүсгэжээ. Гэвч зөвхөн Австралид л байдаг энэ амьтад хэдэн зуун саяараа үхэж үрэгдсэн аймшигт үйл явдлын гэрч боллоо бид.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ