Ирээдүйн баялаг бүтээгчдийг манлайлах Эрдэнэ сумын МСҮТ-ийнхөн

2019-12-11

С.УЯНГА

Бид үдийн алдад Цонжинболдог хөшөөт цогцолбор өнгөрч явав. Ийнхүү аялал жуулчлалын бүс, Мянганы замыг дурдсаны учир нь Ар хустын түүхэн сургууль гэгддэг Эрдэнэ сумын МСҮТ-ийг зорьсных. Улсын хэмжээнд гарын таван хуруунд багтах МСҮТ бий. Харин Эрдэнэ сумынх хөдөөгийн сумын буйдхан сургууль мөртлөө онцлог олонтой. Төв зам дагуу гэдгээрээ хотын гурван дүүрэг, Төв аймгийн долоон сум, Хэнтийн гурван сумаас элсэлт авдаг. Нэг ёсондоо өнгөцхөн дүгнэвэл тэрүүхэндээ бүх зүйлээ болгочихдог “жижигхэн” сургууль мэт боловч гадны төсөл хөтөлбөрүүдийг татсан, баялаг бүтээгчдийг манлайлах мэргэжилтэй ажилчдыг бэлтгэж буй кампус болох нь төд удалгүй танигдана.

 

ШИНЭЛЭГ, АНХДАГЧ САНААЧЛАГА БУЮУ “ҮДИЙН ЦАЙ” ХӨТӨЛБӨР

 

Урьдчилан холбогдсоны дагуу биднийг МСҮТ-ийн захирал Ш.Отгонхүү сумын ойролцоо тоссон юм. Сумын айлуудын хашааны үзэмж жишиг талаар яриа үүсгэхэд тэрээр “Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй сум ядаж айлынх нь хашаа жигд, айл бүр үзэмжтэй хогийн савтай байя гэж сум, орон нутгийн хурал дээр байнга хэлдэг. Манай гагнуур, мужааны ангийнхан ашиг хайсан компаниуд шиг биш. Материалыг нь өгчихвөл дадлагаараа хийе. Компани таван хаалганы мөнгөөр гурвыг хийх бол манайх тавууланг нь хийгээд өгнө. Сумын хамгийн том асуудал бол хог. Манайх бульдозерт түлшийг нь хийгээд өгвөл дадлагаараа хогийг нь түрчихдэг” гэв. Нээрэн л сумынхаа эдийн засгийг хэмнэхээс гадна өнгө үзэмж, хэрэглээ талаас нь ингэж хөгжүүлж байгаатай танилцсаар МСҮТ дээр ирлээ. Хашаагаар оруут цэмцгэр орчин угтав. Өөдлөх айл үүднээсээ гэдэг дээ. Мөн сургууль, үйлдвэрлэлийн 12 барилга бүхий цогцолбор угтлаа. “Спортын заалтай болчихвол. 32 мянган куб талбай бүхий Соёлын төв, байр, дадлагын газрууд нийлээд кампус болно. Манайхан зарим нь мал тооллогод явсан. Төрийн албан хаагч учраас түймэрт хүртэл явах үүрэгтэй. Эх орон шатаж байхад энд суугаад байж болохгүй гээд эрчүүд голдуу явна даа. Мөн элсэлтээс гадна наад зах нь халаалт, дулаанд холбоогүй гээд сумын сургуулийн бэрхшээл их” хэмээн яриа дэлгэсээр дотогшоо орлоо.

Эднийх сум байтугай аймаг, нийслэлийн хэмжээнд төрийн соёрхол хүртсэн цөөн сургуулийн нэг. “Алтангадас” одонгоо гардаад удаагүй байхад нь очсондоо олзуурхлаа. Эрдэнэ сумын МСҮТ 300 гаруй оюутан, 50 багш, ажилтантай 12 мэргэжлээр сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. Дээр дурдсанчлан олон онцлогийн нэг нь үйлдвэрлэлийн эрхтэй анхны сургууль. Тэр утгаараа мэргэжил тоног төхөөрөмжөөс эхлээд өргөжин тэлж буй. Өөрөөр хэлбэл, өөрсдийн хийж буй  бүтээгдэхүүнээ албан ёсны шинжилгээнд оруулж бар код авах эрхтэй. Энэ ажил эхэлж байгаа. Бар код авчихвал шууд дэлгүүрүүдэд нийлүүлж эхлэхээр бэлтгэж байгаа аж. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв үйлдвэрлэгчдээс дутахааргүй нөөцтэйг харуулж буй бас нэг шинэлэг, анхдагч жишээ бол “Үдийн цай” хөтөлбөр. Тогооч, сүү бэлтгэлийн ангийнхан сурагчдад чанартай, хэмжээ арвин, төрөл бүрийн хоол бэлтгэж өгөхөөр хариуцлагатайгаар хичээж буйг шинэхэн болгож тохижуулсан гал тогоонд бужигнах цагаан нөмрөгтэй оюутнуудын үйлдлээс төвөггүй харж болно. Тогоочийн ангийнхан цайны газар түрээслэж олсон орлогоороо хэрчсэн гурилын төхөөрөмж, цахилгаан жигнүүр авсан гэгээтэй мэдээтэй биднийг угтав.

Харин Ш.Отгонхүү захирал “Бидний хоолны цэсийг хараад л сэтгэл хангалуун байгаагаа хэлсэн. Цэсээ 14 хоногоор батлуулдаг. Эрүүл ахуйн шаардлагыг хангахын тулд тогоочийн ангийг стандартад нийцүүлж засварласан. “Үдийн цай” хөтөлбөрт ажиллаж байгаа хүүхдүүд алдаа гаргах эрхгүй. 285 хүүхдийн хоол, цайг хийж байгаа учраас хариуцлагатай байхаас өөр аргагүйг хүүхдүүд сайн ойлгосон. Үдийн цайг бэлтгэж байгаагийн давуу тал нь хүүхдүүд чадваржиж, багш, эцэг эхчүүд сэтгэл ханамжтай байна. 600 төгрөгт аль болох чанартай, олон төрлийн хоол хийж өгөхийг хичээдэг. Өмнөхийг бодвол орц, хэмжээ, нэр төрөл олон болсон гээд давуу тал, чанарын баталгаа өгөхийг хичээн ажиллаж байна. Үдийн цайнаас орлого олох боломжгүй. Төрийн байгууллага шууд гүйлгээгээр Үдийн цайны зардлыг авах хүндрэлтэй учраас үйлдвэрлэлийн баг гаргаж багш, сурагчдын хамтарсан хоршоо байгуулсан” гэж байлаа. Хоршоо байгуулсан нь сургуулийн санхүүтэй холихгүйгээр ашиг олвол сургалтын орчноо сайжруулахаар алсыг харж төлөвлөжээ. Энэ янзаараа тэд мөдхөн  татвар төлөгч болох нь.

Мөн малчны ангиараа дамжуулж орчин үеийн малчин ямар чадвартай байх ёстой арга ухааныг зааж график сургалтаар 22 хүнийг сургаж байгаа аж. Өнөө цагт ногт, чөдөр зангиддаг эр хүн, ноосоо савж, цагаан идээг хэдэн төрлөөр нь боловсруулдаг эмэгтэй хэд билээ. Тиймээс уламжлалт арга ухааныг орчин үеийн техниктэй хослуулсан. Ядаж л үнэгүй шахам хаягдаж байгаа нэхий, ширээ боловсруулдаг жишиг малчныг бэлтгэж эхэлжээ.

Төрийг харахгүйгээр хөрөнгө оруулалт татаж тэр хэрээр чадварлаг мэргэжилтэй ажилтан бэлтгэж болдгийг сумын МСҮТ харуулж байна. Эднийх дээр 10 гаруй төсөл хэрэгжиж байгаагийн тал нь гадаадынх. Сумын сургууль гадныхны анхаарлыг яаж татсан талаар сонирхоход Ш.Отгонхүү захирал “Хандаж болох бүх газар руу хандаж, уйгагүй төсөл бичсэн. Төсөл бичдэг мэргэшсэн багтай. Хамгийн наад зах нь жорлонгоо шинэчилье, Тайванийн хүүхдийг ивээх сангийн номын сан гээд үнийн дүн өндөр биш ч олон төсөл бий.  Бид таван жилийн стратеги төлөвлөлтдөө хөдөө аж ахуйн сургалтын шинэлэг орчинг бүрдүүлэхээр тусгасан. Тэр дундаа мал аж ахуй, газар тариаланг орхигдуулахгүй. Малчин, малын гаралтай түүхий эдийг боловсруулдаг ажилчдыг бэлтгэхийг зорьж байна. Малчин, мах боловсруулах үйлдвэрийн ангийг саяхан нээсэн. Чехийн Элчин сайдын яаманд хандаж сүү боловсруулах үйлдвэрийн ажилтны анги нээлээ. Европын холбооны санхүүжилтээр сүүний ангийн тоног төхөөрөмжийг иж бүрэн болголоо. Одоо НҮБ-ын аж үйлдвэрийн газартай хамтрахаар ярилцаж байна. Багш, ажилчдаа чадавхижуулж ноос ноолуур, арьс ширний чиглэлийн тоног төхөөрөмжийг нийлүүлж, шинэ анги нээхээр төлөвлөж байна. Энэ алсын хараа бодит болгохын тулд уйгагүй л хөдөлмөрлөхгүй бол сумын сургуулийн зовлон их” хэмээлээ.

 

ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ӨНГИЙГ ТОДОРХОЙЛОГЧИД НЬ МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛЧИД БАЙХ БОЛНО

Орчин үед “диплом”-ыг биш чадвараар ажилд авдаг болсон. Үүний жишгээр хаана ч гологдохгүй чадварлаг ажилтан бэлтгэхийг зорьж буй мэргэжлийн боловсролын салбарын зорилго биелэлээ олсон. Ний нуугүй хэлэхэд нэгэн үе Техник мэргэжлийн сургууль гэхээр л айдас мэт санагддаг байсан энэ салбар одоо бол улс орны хөгжлийн хөтөч болсон үйлдвэрлэгчдийн гол зүтгүүрийг бэлтгэж байна. Тэр хэрээр нийгэм өөрөөр хардаг болсон. Диплом өвөртөлсөн худалдагчаас сайн гагнуурчин, оёдолчин, чадвартай тогоочид илүү цалин өгч байна. Төр, засаг ч чадлынхаа хэрээр дэмжиж байгаагийн илрэл нь тэтгэлгийг нэмж 200 мянган төгрөг болгосон. Богино хугацаанд мэргэжил эзэмшихийн хажуугаар орлого олж, гарааны компани байгуулаад гарах боломжийг ч олгож байгааг багш нар хэлж байв. Эрдэнэ сумын МСҮТ-ийн оюутнууд суралцахынхаа хажуугаар үйлдвэрлэл явуулж, нийгэмд тустай ажил хийж байна. Оюутнууд үйлдвэрлэлийн дадлагаараа урамшуулал авч, ажлын байраа олчихдог юм байна. Тухайлбал, тогоочийн ангийнхан гэхэд баасан гаригт хичээлээ тараад амралтын өдрөөр жуулчны баазуудад ажилладаг нь санхүүгийн дэмжлэг болдог. Оёдлын ангийнхан “Наран шигтгээ” компанитай хамтарч үйлдвэрийн нэг дамжлагыг хариуцахаар ярилцаж байгаа ч одоогоор захиалга ихтэй байгаа учраас түр хойшлуулаад байгаа талаар “Атрын ойн эко тор, байгууллагуудын ажлын хувцас, тамирын хослол, бусад МСҮТ-ийн хувцсыг хөнгөлөлттэй үнээр оёод ачаалал ихтэй байна. Ингэж ажиллаж байгаа хүүхдүүддээ орлогын тодорхой хэсгээр урамшуулж, үлдсэнийг нь төсөвт өгдөг. “Наран шигтгээ” компанид хүүхдүүдээ дадлагажуулаад ажлын хувцасны зөвхөн халаас хэсгийг ч юм уу бид хариуцъя гэж ярилцаж байгаа. Тэгээд хүүхдүүдээ төгсөхөөр туслан гүйцэтгэгч компани болгоод гаргачихъя гэж бодож байгаа” гэж захирал хэлэв.

Улс орны хөгжилд мэргэжилтэй ажилтан ямар хувь нэмэр оруулах талаар сургуулийн захирал Ш.Отгонхүү “Улс хөгжинө гэвэл үйлдвэрлэгч байх ёстой. Үйлдвэрийг мэргэжилтэй ажилчид л гардаж ажиллуулна. Бүр өрх болгон үйлдвэрлэгч байж болно. Үнэгүй хаягддаг шар сүү, нэхийгээр малчин айл ямар олон төрлийн бүтээгдэхүүн хийж болох билээ. Миний бодлоор жижиг, дунд үйлдвэрлэлийг МСҮТ-рүү чиглүүлбэл илүү үр дүнтэй гэж хардаг. МСҮТ төгсч байгаа хүүхдүүдийг баг болгож дэмжээд үйлдвэр байгуулах нь улс орны хөгжлийн маш том гарц. Бидний хувьд хамгийн чухал нь элсэлт. Манайх элсэлтээ нэмэгдүүлэхийн тулд “Илгээлтийн эзэн” хөтөлбөр хэрэгжүүлж Баянзүрх дүүргийн хороо бүртэй хамтардаг. Сургуулийн талаас тухайн хүүхдийг нэг багш, дадлага, ажлын байрыг хороо хариуцдаг нь ихээхэн үр дүнтэй. Хороод ажилгүй иргэдээ мэргэжил эзэмшүүлээд ажилтай болгож байна. Уг нь дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, мэргэжлийн боловсролын байгууллага, хороон дарга, ажил олгогч хамтарч хийвэл олон залуус ажилтай болно. Төгсөгчид маань бүх салбарын чадварлаг баялаг бүтээгчид болж улс орны хөгжилд хувь нэмэр оруулна. Харин энэ хүмүүсийг сайн бэлтгэх нь бидний үүрэг. Ур чадвартай залуус ирээдүйд манлайлагчид байх болно. Тэд бүх салбарт манлайлагч, баялаг бүтээгчид байх нь ойлгомжтой. Хамгийн наад зах нь цаг баримталж, хүнд туслаад сурчихна” гэлээ. Нээрэн л нэг ч гэсэн залуу амьдралаа авч явах чадалтай, гарын дүйтэй болчихвол олон хүн ажилтай болж, амьдралаа өөд нь татна.

Эрдэнэ сумын МСҮТ өнгөрсөн хугацаанд 24 мянган ажилтан бэлтгэжээ. Газар тариалангийн салбарт гэхэд 14 мянган ажилтан бэлтгэж 20 хөдөлмөрийн баатар, найман гавьяат, улсын аварга 300 гаруйг төрүүлжээ. Сумын МСҮТ-ийг хотоос, хаа холоос хэдэн зуун км-ээс хүүхдүүд зорьж очин суралцаж байгаа нь ирээдүйд мэргэжилтэй ажилчдын эрэлт, манлайлал ямар байхыг харуулж буй биз ээ.

 

Ахмад багш Л.Баасандамба: Инженер хүн лантуу үүрээд хадаас хадахгүй

 

-Би МСҮТ-д 43 жил ажиллаж байна. Мэргэжлийн боловсролын салбар бол дандаа үйлдвэрлэгчдийг, мэргэшсэн ажилчдыг улсдаа бэлтгэж өгдөг. Мэргэжилтэй ажилчид хамгийн чухал гэдэг нь анхнаасаа мэдэгдэж тэр хэрээр улс орны ачааны хүндийг үүрч ирсэн. Манай сургууль атрын аянд зөвхөн 1990 он хүртэл 15 мянга гаруй трактор, комбайнчин бэлтгэсэн. Мэргэжилтэй ажилчин бол улс орны үнэт капитал. Урьд нь төмөр замын техник мэргэжлийн анги гэж байсан. Төмөр замын бүтээн байгуулалт, нефтийн үйлдвэрт ажиллах гол хүмүүсийг МСҮТ-өөр дамжиж бэлтгэхээс өөр аргагүй. Болохгүй зүйл ч байхгүй. Автомашин засварын газруудыг МСҮТ төгссөн хүүхдүүд л ажиллуулж байна. Инженер лантуу үүрээд хадаас хадаад явахгүй. Гол хүч нь мэргэжилтэй ажилчид байдаг.  Тэтгэлэг нэмж, төрөл бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж сүүлийн жилүүдэд дэмжиж байгаа нь маш зөв алхам болж байна.

 

Тогоочийн ангийн II курсын оюутан Н.Хонгорзул: Төгсөхдөө бизнесээ эхлүүлж болно

 

-Дорноговьд МСҮТ байдаг ч миний сонирхсон тогоочийн анги байгаагүй. Тиймээс би Эрдэнэ суманд ирсэн. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сурах нь их, дээд сургуулиас хавьгүй дээр. Адилхан л мэргэжилтэй төгсдөг ч МСҮТ илүү ур чадвар эзэмшүүлж төгсгөдөг болохоор ажилд орох нь хурдан. Дээрээс нь их, дээд сургуульд 4-6 жил хэдэн арван сая төгрөг төлөөд ажилд орж чадахгүй тохиолдол их байдаг. Харин МСҮТ-д 2.5 жил сурахдаа тэтгэлэг авч өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ дадлага хийнгээ орлого олж болно. Хамгийн гол нь төгсөхдөө ажилтай болж эсвэл өөрөө хувиараа бизнес эхлүүлсэн хүүхдэд олон байдаг. Миний хувьд хоёр жилийн хугацаанд маш их зүйл сурсан. Ер нь бүхий л төрлийн хоолыг хийчихнэ. Дадлага хийхдээ Цонжинболдогын ойролцоо хэд хэдэн жуулчны баазад урамшуулал авч бэлтгэгч, тогооч хийдэг. Сурагчдын үдийн цайг бэлтгэхэд оролцож байгаа нь хамгийн том хариуцлага. Алдаа гаргах эрхгүй гэдгийг багш маань байнга хэлдэг. Төгсөөд ажилд авах урилга хэд хэд ирсэн.

 

Оёдлын ангийн төгсөх курсын оюутан Ч.Ганзул: Эсгүүрээ өөрөө хийгээд оёдог

 

-Хотоос ирж суралцаж байна. 10 жилээ Баянзүрх дүүргийн 88 дугаар сургуульд сурч төгссөн. Хүнээс сонсоод энэ МСҮТ-д суралцахаар шийдсэн.

Олон зүйл сурсан болохоор энэ сургуульд сурсандаа сэтгэл хангалуун байгаа. Ажлын өмд цамц, үндэсний хувцаснаас эхлээд олон төрлийн хувцас оёж сурсан. Мөн хамгийн том амжилт бол хувцасны эсгүүрээ өөрөө хийгээд оёдог. Төгсөхөөсөө өмнө хичээгээд бүхнийг сурах болно. Сургуулиа төгсөөд ажлын байр хэд хэд бий. Орчин, нөхцлийг нь харж байгаад сонгоно гэж бодож байгаа. Гэрийнхэндээ ч гэсэн хүссэн хувцсыг нь оёж өгөхийг хичээдэг. Тодорхой хугацаанд ажил хийж байгаад оёдлын газар нээх зорилготой байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.12.11  ЛХАГВА  №245  (6212)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ