Олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлаг Улаанбаатарын сэтгүүлчидтэй туршлага солилцов

2019-12-05

УЛААНБААТАР, Арваннэгдүгээр сарын 29 – РИА Новости. SputnikPro төслийн хүрээнд олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн сэтгүүлчид Улаанбаатарын их, дээд сургуулиудын оюутнуудад зориулсан мастер класс (үзүүлэх сургалт) зохион байгуулж, монголын сэтгүүлчидтэй туршлага солилцлоо хэмээн олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн зөвлөх, Эдийн засгийн дээд сургуулийн профессор Олег Дмитриев РИА Новости агентлагт мэдээлжээ.

“Монгол, оросын сэтгүүлчдийн хооронд мэргэжлийн холбоо харилцааны хомсдол байгаа нь харахад илт байна. Жишээлбэл, хоёр орон олон жилийн турш найрсаг хөршийн харилцаатай гэдэг хэдий ч оросын олон нийтийн мэдээлийн хэрэгслийн нэг ч байгууллага Монголд өөрийн тусгай сурвалжлагчгүй, монголынх ч мөн адил Москвад нэг ч төлөөлөлгүй байна.” – хэмээн РИА Новости – д Дмитриев мэдэгдэв.

Монголын сэтгүүлчид орос хэл бараг мэддэггүй, оросын хөрш зэргэлдээ бүс нутагтай эдийн засаг, соёл, бурхан шашны ойр дотно нягт холбоо харилцаатай, хуурай замаар урт хиллэдэг, визгүй зорчих дэглэм үйлчилдэг хэдий ч тэд Орос улсад маш ховор зорчдог болохыг тэрээр онцлов. Олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлаг, монголын “Монцамэ” агентлагийн хамтарсан SputnikPro төслийн хүрээнд энэхүү сул орон зайг зарим талаар үл ялиг ч гэсэн нөхөхийг шинжээчид хичээсэн ажээ.

Тухайлбал, тусгай сурвалжлагч Дмитрий Виноградов Хүмүүнлэгийн их сургуулийн оюутнуудтай уулзаж, халуун цэгт ажиллаж байгаа оросын сэтгүүлчдийн ажил үйлсийн талаар өгүүлж, Сири, Иракийн нөхцөл байдлын тухай гэрэл зураг үзүүлэв. Нөгөөтэйгүүр, иймэрхүү аюул, эрсдэл ихтэй ажилд томилолтоор явахад сэтгүүлч хэрхэн бэлтгэх, томилолтын үеэр тэргүүн шугаманд байх үедээ аюулгүй байдлын ямар арга хэмжээ авах ёстой, сэтгүүлч шархдах, амь насаа алдах тохиолдолд төр засаг, даатгалын компаниуд хариуцлага хүлээдэг эсэх талаар оюутнууд асууж сонирхов. Үүнээс гадна сөргөлдөөний бүсэд ажиллаж байгаа сэтгүүлчид сөргөлдөгч талуудын зүгээс дарамт шахалт, хяналт шалгалтын нөлөөнд өртдөг эсэхийг ирээдүйн сэтгүүлчид сонирхож байв. Сөргөлдөөний бүсэд оршин суугчдын болон сэтгүүлчийн сэтгэцэд халуун цэгийн нөхцөл байдал хэрхэн нөлөөлдөг болохыг сэтгэл зүйн ангийн оюутнууд онцгойлон сонирхож байсан.

Олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн зөвлөх Олег Дмитриев Монгол улсын боловсролын их сургуулийн оюутнуудад хандаж үг хэлэхдээ мэдээллийн эх сурвалжийг хэрхэн эрж хайх, тэдэнтэй хэрхэн ажиллах, мэдээллийн үнэн худлыг хэрхэн ялгаж салгах, ямар эх сурвалжид итгэж болох талаар тайлбарлав. Орос улс дахь блогийн төвшин хийгээд эргэлзээтэй, эсвэл найдвартай, баримт нотолгоонд нийцсэн эх сурвалжийг ялгаж зааглаж сурсан талаар асууж сонирхов. Дараа жил Монгол Улсад парламентын сонгууль болно, улс орны улс төрийн амьдрал хангалттай буцалж байгаа, тийм болохоор “хар пиар”, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, блогчдод өгөх захиалгат нийтлэлийн асуудал залуучуудын хувьд нэн тулгамдсан чухал асуудал болжээ.

Орос улсын мэргэжилтнүүдийн хэлж ярьсан зүйл үнэхээр чухал байсан болохоор TV9 телевиз, өдөр тутмын “Зууны мэдээ” сонины сэтгүүлчидтэй төлөвлөөгүй дугуй ширээний яриа өрнүүлэхэд хүрэв. Орос, Монголын мэргэжил нэгт сэтгүүлчид хэвлэлийн эрх чөлөө, хоёр орны ньюсмейкерүүд болон эрх баригчдын харилцаа, блогт нийтлэл бичдэг сэтгүүлчдийн ажлын онцлогийн талаар хамтран хэлэлцэв. Профессор Дмитриев оросын медиа-д контент гаргах орчин үеийн арга барилын талаар тусгайлан онцолж тайлбарласан явдал технологийн олон асуудлаар оросын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд монголынхоос нэлээд хэдэн жилээр түрүүлсэнийг харуулсан бөгөөд оросуудын туршлага Улаанбаатарын хувьд маш хэрэгтэй байж болох ажээ.

“SputnikPro – гийн хөтөлбөрт Монгол Улсыг татаж оруулсан явдал маш сайн боллоо. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн монгол залуу ажилтнууд, ирээдүйн сэтгүүлчид орчин үеийн Орос улс, оросын сэтгүүл зүйн талаар гол төлөв хагас дутуу төсөөлөлтэй байсан бөгөөд SputnikPro энэ хоосон орон зайг бага ч атугай нөхлөө. Мэдээж энэ бол хоёр талын холбоо харилцааг бэхжүүлж хөгжүүлэх болно”  хэмээн Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны хэвлэл мэдээллийн атташе Ксения Панкова РИА Новости – д өгүүлэв.

Энэ бол туршлага солилцсон маш сайн ажил боллоо, хамтарч төсөл хэрэгжүүлсэндээ тун баяртай байна хэмээн “Монцамэ” агентлагийн орос хэлний редакцийн ерөнхий эрхлэгч Юмсүрэнгийн Дэлгэрмаа нэмж хэлэв.

Тэрээр төсөл цаашид өргөжиж хөгжинө гэлээ.

SputnikPro-гийн лекторууд дараа жил зөвхөн оюутнуудтай төдийгүй, ажлаа хийж байгаа сэтгүүлчидтэй харилцан ярилцана гэж бид бодож байна. Хоёр орны мэргэжил нэгтнүүд харилцан танилцаж, мэргэшлээ дээшлүүлж, бие биеийн ажлын онцлогийг таньж мэдэх болно” хэмээн Дэлгэрмаа үзэж байна.

Ажлын дадлага туршлагатай, тэр тусмаа Олон улсын мэдээллийн “Россия сегодня” мэтийн томоохон агентлагийн сэтгүүлчдийн туршлагаас сонсож мэдэхэд орон нутгийн оюутнуудад ашиг тустай байсанд Монгол улсын боловсролын их сургуулийн сэтгүүл зүйн тэнхмийн эрхлэгч С.Амартүвшин анхаарал хандуулав. “АНУ, Япон, Герман, Орос улсаас профессорууд манайд байн байн ирдэг хэдий ч одоо ажиллаж байгаа сэтгүүлчдийн бодит амьдралын жишээ бүхий туршлагаас сонсож, тэдэнд асуулт тавина гэдэг бол үнэлэхийн аргагүй юм”  хэмээн С.Амартүвшин РИА Новости – д ярилаа.

SputnikPro –сэтгүүлч, их, дээд сургуулийн мэргэжлийн ангийн оюутан, хэвлэл мэдээллийн албаны ажилтнуудад зориулсан гадаадын мэргэжил нэгтнүүдтэйгээ туршлага солилцох, сэтгүүлчдийн хооронд медиа болон мэргэжлийн холбоо харилцаа хөгжүүлэхэд чиглэсэн олон улсын төсөл. Төслийн хүрээнд Sputnik – удирдагч нарын эчнээ болон шууд хэлбэрийн лекц, Москва дахь Sputnik – ийн төв офис болон гадаад дахь олон чиг үүрэг бүхий редакцийн төвүүдэд сургалт (тренинг), гадаадын сэтгүүлчдийг Орос улсад айлчлуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг. Төсөл хэрэгжсэн бүхий л хугацааны туршид 80 гаруй улс орны төлөөлөл түүнд оролцжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ