“Шүлэг бичих гэдэг аавдаа өргөж байгаа хайр юм”

2019-12-05

Х.ОЮУНБОЛД

“Зууны мэдээ” сонин  дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй элэг нэгт монголчуудынхаа үзэл бодлыг хүргэх үүднээс “Миний Монгол” буланг санаачлан эхлүүлсэн. Энэ удаагийн дугаартаа Япон улсын Нарита олон улсын нисэх онгоцны буудлын терминал I-ийн гаалийн албанд ажилладаг Дашбалбарын Дэжидмаатай ярилцсан юм.

 

-Японд  амьдарч, ажиллаад удаж байна. Анх ямар зорилгоор энэ оронд хөл тавьж байв ?

– 2012 онд байх. Энэ оронд суралцах нь миний хүсэл байсан. Харин манай аав ээж охин хүүхдээ гадаадад  байлгах дургүй хүмүүс л дээ. Анх загвар урлал, гоо сайхан, технологич мэргэжлээр суралцах гэж очсон. Харин яг амьдраад 7-8 жил болсон байна. Цаг хугацаа ямар ч хурдан юм бэ. Японы нийгэмд идээшин дасч, учраа олж амьдрахад хялбар биш. Цаг хугацаа их ордог гэж хүмүүс ярихыг сонсч байлаа. Би өөрөө ч тэр замаар явж ирсэн.

-Аав ээжийгээ яаж зөвшөөрүүлсэн бэ?

-Аав минь бурхан болоод байсан үе. Ээжийгээ ятгахад охиныхоо үгийг сонссон л доо. Дараа нь ах маань сурахаар ирсэн нь надад их түшиг болсон.

-Японд гадны хүн битгий хэл иргэд нь байр сууриа эзэлж амьдрахад их хэцүү нийгэм шиг санагддаг. Танд ямар байв?

-Тийм ээ. Эхлээд залуухан охин ирэхэд хүн бүр хайрлаж олон зүйлийг зааж өгснөөр бага багаар суралцаж эхэлсэн. Харин энэ  салбарт оюутнууд цагийн ажил хийж байхад би одоо хийж байгаа ажлын гараагаа эхэлсэн байдаг юм. Олон байгууллагад ажилд орох ярилцлагад орж, тэнцэхдээ их баярлаж байлаа. Япон хүмүүс ганц гадаад үзэмж биш ажил хийх чин хүсэл эрмэлзэл, яриа хөөрөө, хүмүүжил өнгөрсөн түүхийг нь сайн хардаг юм болов уу гэж бодогдсон. Эхэндээ шалгалт өгч ажилдаа тэнцэх, гаалийн ажилд туршлагатай болох, байр сууриа олж авах гээд өглөө 04:00 цагт сэрээд оройн 21:00 цаг хүртэл ажилладаг тэвчээр, хүч шаардсан ажил байлаа. Гэхдээ тууштай байх нь их чухал юм байна. Тухайлбал, цагтаа ирэх, шалгалтаа өгөх, бусдын үгийг сонсч, тэвчин өнгөрөөж сурах гээд их зүйл бий.

-Загвар урлаг, гоо сайхны мэргэжлээр суралцаж төгссөн хүн гаалийн компанид  ажиллах болсон нь бас сонин байна?

-Ер нь гоо сайхан, урлагийн талын мэргэжлээр суралцсан ч гаалийн компанид ажиллах болсон нь миний явах зам, хувь заяа  байж  гэж боддог. Гаалийн албанд хүлээн зөвшөөрөгдөх, албан тушаал ахих ч тийм амар биш. Ахиж дэвшихэд хугацаа их шаарддаг.  Япон хүн хүнийг он жил өнгөрөх тусам үнэлж дүгнэдэг  шиг санагдсан. Харин манай орныг ардчилсан нийгэмтэй болсон ч социализм, капитализмын үзэл суртал, соёл үлдсэн улс орон гэж үзэх нь элбэг. Япон орон үнэхээр сайн ардчилсан нийгмийг бүрдүүлж чадсан. Үүнийг нь  эерэг талаас харвал хүний эрхийг дээдэлсэн гэж хэлж болно. Гэхдээ хуучинсаг  үзэл, баригдмал хэв маяг, самуурайн үеийн сэтгэхүй одоо ч дунд насны хүмүүст нь хүмүүжил болж хадгалагдан үлдсэн. Тиймээс нээлттэй эрх чөлөөт нийгэмтэй эх орноосоо ирээд эхэндээ энэ орны дүрэм журам, ёс суртахууны тал дээр суралцах зүйл байсан. Мөн энэ нь өөрийнхөө зөв, сайн талыг  олж харснаар эерэг тал руугаа өөрчлөгдөхөд тусалсан.

-Тэгэхээр Японд сурсан нь  танд эерэгээр нөлөөлжээ…?

-Маш сайнаар нөлөөлсөн. Японд тэвчээртэй, бас шантрахгүй хийж буй зүйлдээ тууштай байсан хүн л ер нь илүү хожиж илүү үнэлэгддэг юм байна. Бусад орон шиг тэр ухаантай учир гэхээс илүүтэй  маш үнэнч, ажилдаа чин сэтгэлтэй гэдгийг нь л хардаг. Гоо сайхан урлагийн салбараас бас сэтгэл судлалын чиглэлээр сурсан маань миний хувийн сонирхол байсан. Одоо  энэ ажлаа түр хойш тавьж гаальд ур чадвараа дээшлүүлэхээр ажиллаж байна. Тушаал дэвшиж салбар хариуцах болсон. Үүнд улам урам орж энэ салбартаа нэг мөр хүчээ өгч эхэлсэн.

-Энэ оронд удаан амьдарсан хүний хувьд эх орондоо аваад хэрэгжүүлчих  юмсан гэж харж, боддог зүйл байдаг уу. Ялангуяа залуучуудын хувьд ?

-Тэр бол энд өгүүлж баршгүй их санагдсан. Олон монгол залууст тийм хүсэл бодол байдаг байх. Нэгдүгээрт,  хүний эрхийг дээд зэргээр дээдэлдэг. Хууль  чангатай. Тодруулбал, эмэгтэйчүүдийн  эрхийг дээгүүр тавьдаг. Ажлын байранд албан тушаал, эрх мэдлээ ашиглан бэлгийн дарамт учруулах, нэр хоч өгч доромжлох гэсэн дарамтыг  шийдвэрлэж, арга хэмжээ авдаг газартай. Тэр газарт нь авлига, хээл хахууль өгөх, авах гэсэн зүйл бараг байдаггүй нь ажиглагддаг. Ер нь албан тушаалтай  ах дүүсээ ч өөрийн ажлын байранд ажиллуулах ялангуяа төрийн албанд бол бараг боломжгүй. Энэ нь хүний тэгш эрхийг хангахаас гадна  хүн бүр хичээвэл ажлын байр үүсэх нөхцлийг бүрдүүлж өгдөг гээд ярих зүйл их  байна. Манай компанийн захирал “Танай Монгол Улс үйлдвэрлэгч орон биш. Энэ нь хөгжихгүй байгаа шалтгааны нэг” гэж хэлдэг.

-Нутаг нэгт монголчуудтайгаа уулздаг уу?

-Ажил ихтэй, хол амьдардаг учраас  уулзаж амждаггүй. Ер нь банкны салбарт ажиллаж Монголд буяны ажиллагаа явуулдаг Мандуул гэдэг дүүтэйгээ ч цөөн уулздаг.

-Сүмод барилдаж байгаа манай зарим бөх иргэншлээ сольж Японы иргэн болсон. Энэ талаар?

-Одоо  нас хамаарахгүйгээр иргэншлээ солихыг хүний эрх гэж  үздэг болсон цаг. Миний хувьд иргэншлээ солихыг эх орноосоо  урваж буй нэг үзэгдэл гэж  үздэг.  Зарим хүн хуучинсаг үзэл бодолтой юм гэж шүүмжилж магадгүй. Гэхдээ  би ийм үзэл баримталж өсч хүмүүжсэн болохоор тэгж боддог байх. Хэрэв аав минь амьд сэрүүн байсан бол иргэншлээ сольсон хүмүүсийг  хүлээн зөвшөөрөхгүй  байсныг би сайн мэдэж байна. Тиймээс иргэншлээ солино гэдэг миний одоо баримталдаг үзэл бодолтой зөрчилдөнө.

-Японд ажиллаж, амьдарч байгаа монголчуудынхаа талаар юу гэж боддог вэ?

– Энэ талаар бодож байгаагүй юм байна. Хүн бүр ая тухтай, сайхан амьдрах  боломжийг хайж эсвэл өөрийгөө нээж хөгжүүлэхээр  өндөр хөгжилтэй оронд  амьдрахыг хүсдэг байх. Мөн эрдэм ном сураад, эдийн засгийн хувьд бие даасан эх орондоо  хөрөнгө оруулах чадвартай болоод очихыг хүсдэг байж болно. Түүнээс гадна зарим нь гадаадад  амар тайван амьдрах гэсэн хүсэл зорилготой байдаг юм болов уу. Энд хар ажил хийж амьдардаг монголчууд бий.  Сурахын хажуугаар  дэлгүүрт ажилладаг оюутан залуус ч бий. Мөн нисэх онгоцны буудлын duty free үйлчилгээний салбарт ажилладаг ч хүн бий. Сүүлийн үед  Японы иргэн болсон иргэдийн дунд хувийн компанитай, жижиг бизнес эрхлэгчид  цөөнгүй байдаг болсон.

-Япончууд их ажилсаг хүмүүс шиг санагддаг. Амьдралын нэг өдөр яаж өнгөрдөг бол?

-Ер нь нэг хэвийн, уйтгартай амьдралтай. Их ажилсаг махруу, найрсаг хүмүүс.  Тийм хүмүүс бусдын итгэлийг авч,үнэлэгдэхийн тулд  их ажилладаг. Хэрэг тохиолдвол амралтын өдрөөр ч  ажлаас дуудах үе бий. Надад ч гэсэн тийм зүйл  тохиолдож байсан. Мөн япончууд амралтын өдрөө ном уншиж, дэлгүүр хэсч, кино үзэж өнгөрүүлдэг.

-Хэзээ эх орондоо бүрмөсөн ирж амьдрах вэ?

-Энэ талаар их олон хүн асуудаг.  Эх орондоо ирж амьдрах талаар  бодолгүй яах вэ. Аав маань гадаадад сурч, ажиллаад эх орондоо их уран  бүтээл туурвиж, Үндсэн хуулиа батлалцан, газар шороогоо хамгаалан тэмцэж бахархалтай сайхан амьдарсан. Хэдийгээр би Японд олон жил амьдарч байгаа ч өмнөө тавьсан зорилгоо биелүүлсний дараа эх орондоо очно. Ер нь бусад залуусын адил  эх орондоо өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Түүнээс гадна манай монголчууд яарвал даарна гэж ярьдаг. Туршлагаасаа харахад  яарснаар сайн зүйлд хүрч байгаагүй юм байна. Мөн  удаан боловч зогсолтгүй урагшил гэсэн  япон зүйр цэцэн үгээр өөрийгөө урамшуулдаг. Тиймээс хүссэн хүсэл, зорилгоо биелүүлсэн тэр цагт Монголдоо очно доо.

-Чөлөөт цагаа юу хийж өнгөрүүлж байна?

-Япон хүмүүсээс сурсан нэг сайхан зүйл бол төлөвлөгөө. Би цаг барихдаа тийм ч сайн биш. Хоцрох ч үе бий. Гэхдээ амралтын өдрөө ч төлөвлөгөөтэй эхэлдэг. Хувийн ажлуудаа амжуулах, бичиг баримтаа цэгцлэх, гэр орноо янзалж, цэвэрлэх, хүнтэй уулзах хувийн ажил байвал тэр хүмүүстэйгээ уулздаг. Мөн ойрхон ч гэсэн  салхинд гарч бие сэтгэлээ сэргээх, ирэх долоо хоногт хийх ажлынхаа хуваарийг гаргана. Амралт чөлөөт цагаа  өөртөө зориулж, бясалгал хийх  цагийг үнэт мөч гэж боддог.

-Шүлэг бичдэг шиг санагдсан ?

-Тийм ээ.  Надтай дотно ах дүү, найз нөхдийн харьцаатай хүмүүс хэзээ номоо гаргах вэ гэж асуусанд их баярласан. Багадаа бичсэн шүлэг аавд минь таалагдаж баярлаж байсан. Яруу найрагчдад, шавь нартаа уншиж өгөн охиноороо бахархан гайхуулж ч явсан үе бий. Энэ бүхэнд би урамшсан ч аавыгаа өөд болсон болон олон шалтгаанаар  шүлэг бичихээ орхисон. Тиймээс шүлэг бичих тал дээр сайжирч амжаагүй байх. Харин надад шүлэг бичих авьяас байгааг бусад хүн эсвэл би шүүхгүй. Аавдаа үнэлэгдэнэ гэдэг хамгийн том шагнал учраас  шүлэг бичих гэдэг өөрийн хүслээрээ аавдаа өргөж байгаа нэг хайр гэж бодож, бичихийг хичээж байна.

-Та өөрийгөө нэг үгээр  тодорхойлбол?

-Бусдад гэрэл гэгээ түгээхийг хүсдэг. Тиймээс  гэрэл гэгээ гэмээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.12.5  ПҮРЭВ  №241  (6208)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ