У.Хүрэлсүх: Хийн хоолойг Монголоор дайруулах ажлыг эхлүүлж байна

2019-12-04

С.САРУУЛ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс хойд хөршид айлчилж байна. Хоёр улсын Засгийн газрын тэргүүн зарим хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, хамтарсан мэдэгдэл хийлээ.

ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведев “Эдийн засаг, хүмүүнлэгийн найрамдалт харилцаа болон бүс нутгийн асуудлаар ижил төстэй байр суурьтай байгаа гэдгээ бид хэлэлцээрийн үеэр ярилцлаа. Манай хоёр улс худалдааны сайн түншүүд. Хоёр орны худалдаа 2017 оноос эхлээд өсөх хандлагатай байгаа. Тодруулбал, 2017 болон 2018 онуудад худалдаа нэмэгдэж байсан. 2019 оны эхний есдүгээр сарын байдлаар мөн адил 13 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарч байна. Шинэ төслүүдийг  хэрэгжүүлэхээр ярилцлаа. Жишээлбэл, Улаанбаатар төмөр замын шинэчлэлт, хөгжүүлэлтийн хүрээнд бид шинэ тээврийн коридор байгуулж цаашид ачаа тээврийн асуудлыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой байна. Үүний зэрэгцээ Монгол Улсын дулааны цахилгаан станцыг шинэчлэх асуудалд хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Бид эрчим хүчний технологийн дэвшлийг танай оронд хуваалцах бодлоготой байна. Мөн аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, цөмийн эрчим хүчний салбарт хамтарч ажиллах бодолтой байна.

Одоогийн байдлаар ОХУ-ын их дээд сургуулиудад 3 мянган оюутнууд суралцаж байгаа. Яриа хэлэлцээрийн үеэр Ерөнхий сайд үүнд талархаж байгаа. Гадаад улсуудад олгож байгаа тэтгэлгийн хамгийн их квотыг бид олгож байна” гэжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх  “Манай хоёр улсын засгийн газар стратегийн иж бүрэн түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр ажиллах үүрэг хүлээж байна. Энэ айлчлалын үеэр хоёр орны хамтын ажиллагаа, худалдааны асуудлаар саналууд солилцлоо. Тухайлбал, хамтарсан УБТЗ, хөдөө аж ахуй, газар тариалан, газрын тос, боловсролын зэрэг асуудлууд юм. Мөн хоёр талын харилцаанд олон жил шийдэгдэж чадаагүй байсан Монгол дахь үл хөдлөх хөрөнгийн эхний ажлуудыг шийдвэрлэсэндээ баяртай байна. Монгол, ОХУ, Хятадын эдийн засгийн коридорын хүрээнд яригддаг хийн хоолойг Монголын нутгаар дайруулах саналыг ОХУ дэмжиж байгаад баяртай байна. Энэхүү төслийг хамтран хэрэгжүүлэх ажлыг гарааг эхлүүлж байна гэж ойлгож байна ” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ