Т.Төмөрбаатар: Гэрчилгээ нь гарсан бол зургаан сая төгрөгийн буцаалт авч болно

2019-12-04

С.УЯНГА

Шинэчлэн батлагдсан татварын хуультай холбоотойгоор Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч Т.Төмөрбаатартай ярилцлаа.

 

-Жилийн найм болон арилжааны банкны 18 хувийн хүүтэй зээлээр орон сууц худалдан авсан иргэд хөнгөлөлтөд хамрагдаж зургаан сая төгрөгийн буцаан олголт авах талаар мэдээлэл өгнө үү?

-Арилжааны банкаар дамжуулан зээлээр орон сууц анх удаа худалдан авсан  бол найм, 18 хувийн хүүтэй гэж харгалзахгүйгээр орон сууцны хөнгөлөлт эдэлж, зургаан сая төгрөгийн буцаан олголт авч болно. Гэхдээ ирэх оноос хэрэгжиж эхлэх Татварын багц хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс орон сууцны гэрчилгээ нь гарсан тохиолдолд буцаан олголтын зургаан сая төгрөг авах боломж нь бүрдэнэ. Харин 2019 онд орон сууцных нь гэрчилгээ гарсан бол орон сууцны буцаан олголтыг авах боломжгүй гэж ирэх оноос хэрэгжих хуульд журамласан. Өөрөөр хэлбэл, 2020 онд 2019 оны буцаан олголтоо авч байгаа болохоор хуучнаараа гурван сая төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ гэж ойлгох хэрэгтэй.

-Жилийн найман хувийн хүүтэй зээл авсан иргэд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх боломжтой юу?

-Боломжтой. Иргэд өөрийн хөрөнгөөр эсвэл арилжааны банкнаас зээлээр орон сууц, хашаа байшин худалдан авахад ХХОАТ-ын тухай хуулиар татварын хөнгөлөлт эдэлж болно. Орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах иргэд  тухайн орон сууцыг борлуулсан аж ахуйн нэгжээс заавал төлбөрийн и-баримт  авсан байх ёстой.

Орон сууц борлуулсан аж ахуйн нэгж, иргэн нь Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдсэн тохиолдолд олгосон төлбөрийн баримтад  хоёр хувийн буцаан олголт буюу урамшуулал тооцогдоно. Хэрэв өөрөө орон сууцаа барьж ашиглалтад оруулсан бол тухайн орон сууцыг барьсан бараа материалаа худалдаж авахад төлсөн төлбөрийн баримтуудаа /и-баримт/ заавал авах ёстой ба энэхүү төлбөрийн баримт нь НӨАТ-ын тухай хуулийн урамшуулал болох сугалаанд хамрагдах мөн хоёр хувийн буцаан олголт авах боломжтой болно гэсэн үг.

НӨАТ-ын тухай хуулиар хоёр хувийн урамшуулал болох буцаан олголт нь тухайн бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бизнес эрхлэгч нь нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч тохиолдолд  хоёр хувийн урамшуулал тооцогддог болно.

-Тэгэхээр орон сууцны зээлд хамрагдсан иргэд НӨАТ-ын  хоёр хувийн урамшуулалд хамрагдаж урамшуулах авах боломжтой гэсэн үг үү?

-Орон сууцыг худалдан авахдаа арилжааны банкаар дамжуулан зээлээр авсан тохиолдолд төлбөрийн баримтыг бараа буюу орон сууцыг худалдан борлуулсан аж ахуйн нэгж нь олгоно. Тиймээс орон сууц худалдаж авахад төлсөн төлбөрийн баримт нь хоёр хувийн урамшуулалд тооцогдоно. Иймд төлбөрийн баримтыг бизнес эрхлэгч, хуулийн этгээд заавал олгох ёстой. Арилжааны банкинд орж буй хүүгийн орлого нь Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгддөг. Харин хоёр хувийн урамшуулал тооцогдохгүй.

-Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх, хөнгөлөлт эдлэхэд тодорхой баримт материал бүрдүүлдэг, татварын албанд ялгаатай баримт шаарддаг. Энэ асуудлыг хэрхэн шийдэх боломжтой вэ?

-Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар иргэд орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхэд бүрдүүлэх баримтын жагсаалтыг “Хувь хүний орлогыг чөлөөлөх, албан татварын хөнгөлөлт эдлүүлэх” журамд тодорхой тусгасан. Ингэснээр иргэд болон татварын албадын хооронд ялгаатай баримт бүрдүүлдэг гэсэн маргаан байхгүй болно. Иргэд хөнгөлөлтөд хамрагдахад бүрдүүлэх материал дээр төрийн байгууллагаас авдаг мэдээллийг “Хур” системээс гаргуулан авна. Тиймээс иргэнээс бүрдүүлэх материалын жагсаалтад цаасаар бүрдүүлэх бичиг баримт багассан. Харин иргэнд зөвхөн өөрт нь байх буюу орон сууцыг зээлээр худалдан авсан бол зээлийн гэрээ гэх мэт баримт материалыг цаасаар хүлээн авч хөнгөлөлтөд хамруулна. Орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах иргэдийн хувьд төлбөр төлснийг нотлох цахим төлбөрийн баримт /И-баримт/ заавал байх ёстой.

-Татварын багц хуулиар ирэх оноос эхлэн НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд олгохоор болсон. Үүнтэй холбоотой төлбөрийн баримттай холбоотой  өөрчлөлт орсон болов уу?

-Төлбөрийн баримт олголтод ямар нэгэн өөрчлөлт ороогүй. НӨАТ-ын урамшууллыг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс  улирал тутамд олгоно. Тухайлбал, нэгдүгээр сарын 1-ны өдрөөс  гуравдугаар сарын 31-ны хооронд бараа бүтээгдэхүүн худалдан авахад төлсөн төлбөрийн баримтын урамшууллыг дараа сарын 20-ны дотор олгоно. Төлбөрийн баримт бүртгүүлэхэд интернетийн орчин шаардлагагүй.

-НӨАТ-ын баримт олгодоггүй, аж ахуйн нэгж илгээгээгүй гэсэн гомдолд хариуцлага тооцсон тохиолдол бий юу?

-Иргэд ихэвчлэн төлбөрийн баримт олгодоггүй, төлбөрийн баримт олгохдоо үнийн дүн зөрүүтэй олгодог гэх гомдол мэдээллийг ирүүлдэг. Төлбөрийн баримт олгох хэрэгсэл нь байгаа боловч үнийн дүн зөрүүтэй олгох, төлбөрийн баримт олгохгүй байх нь зөрчил юм. Ийм тохиолдолд иргэд харьяа дүүргийн татварын хэлтэс болон 1800-1288 дугаарын утсанд хандаж гомдлоо гаргаснаар татварын алба тухайн гомдлыг барагдуулж, хариуцлага тооцож байна. Ингэснээр иргэдэд төлбөрийн баримтыг нь нөхөн олгож байгаа юм.  Мөн тухайн аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг төлбөрийн баримт олгохгүй байгаа татвар төлөгчийн гомдлыг гар утасныхаа аппликейшнээр /ebarimt/ мэдээлж болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.12.4  ЛХАГВА  №240  (6207)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ