“МОН-30”-ын талаар худал мэдээлэл тарааж байна гэв

2019-12-04

Б.БАЯРЖАВХЛАН

Монгол инженерүүд “Мон-30” цахилгаан автобусны талаар өчигдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр “Монгол машин байгууламж” компанийн үйлдвэрийн дарга С.Болдсайхан  “Цахилгаан тээвэр компани 2006 онд анхны троллейбусыг үйлдвэрлэж байсан. Нийт 80 троллейбус үйлдвэрлэсэн. Тэд 12 жил үйлчилгээнд яваад, стандартад заасны дагуу 2018 онд актлагдсан. 20 орчим нь одоо ч үйлчилгээнд явж байгаа. Энэ нь монгол инженерүүдийн үйлдвэрлэсэн тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж чадна гэдгийг баталж байгаа юм. Гэсэн ч 2014 онд автобус баазуудад бүтцийн өөрчлөлт хийх нэрээр баг бүрдээд байсныг тараасан. Бидний зүгээс дотооддоо цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэхэд итгэл үнэмшилтэй байна. Биднийг бодлогоор дэмжээд өгөөч л гэж хүсэж байгаа юм” хэмээн ярилаа.

Агаарыг бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “Монгол машин байгууламж”, “Монгол машин индастриал”, “Эрдү” компаниуд хамтран “МОН-30” автобусыг дөрвөн сарын хугацаанд угсарч, үйлдвэрлэсэн байна.

Үйлдвэрлэлийн ажлыг гардан хийсэн “Монгол машин индастриал” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд  “Агаарын бохирдлыг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлын хүрээнд өнгөрсөн онд Засгийн газрын тогтоолоор ЗТХЯ, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл хамтран манай компанитай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу манай компани төслийг хэрэгжүүлж бусад хувийн хэвшлийнхээ инженер техникийн ажилтнуудын тусламжтайгаар автобусыг угсарч, үйлдвэрлэсэн. ЗТХЯ-тай хамтран автобусандаа туршилт, судалгаа хийж автобусыг дулаан зогсоолд байлгаж, ашиглалтын горим, зөвлөмжийг мөрдсөн тохиолдолд 100 хувийн цэнэгээр өвлийн улиралд 130-140 км, зун 190-200 км замыг туулах чадвартай гэдгийг тогтоосон. Гэтэл ашиглалтын горимуудыг мөрдөөгүй, буруу зөрүү ойлголцсоноос үүдэж цахилгаан автобусны талаар янз бүрийн мэдээлэл гарч байна” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.12.4  ЛХАГВА  №240  (6207)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ