Ж.Энхбаяр: Манай 40-өөд гишүүн ирэх сонгуульд маш хүнд тамгатай орох байх

2019-12-04

“ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм.

“Зууны мэдээ” сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв.

Энэ удаад дахин нэг хуралдааны талаарх МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралджээ. Хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Ц.Энхжаргал, А.Батзаяа, Б.Жамбал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, референт Б.Цэцэгдэлгэр нар оролцжээ.

МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь энэ хуралд суусан байна. Харин УИХ-ын Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд , Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна.

Энэ хурлаар “ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ.

 

Өмнөх нь М.Оюунчимэг: Та дөрөв ч гэсэн өөрсдийгөө бодох ёстой болов уу

 

…УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “…ЖДҮ-гийн асуудалыг яаж улс төр болгох вэ, хэзээ хаана ярьсан, хэзээ зохион байгуулсан, бусад баримтыг устгасан гээд олон мэдээлэл байгаа. Тэрийг дараа цаг нь болохоор ярих байх. Энэ бол энэ дотроос гарсан. Манай энэ дотор сууж байгаа нөхдүүд хэсэг нөхдийнхөө эсрэг зохион байгуулалттайгаар эрүүгийн хүнд гэмт хэрэг үйлдсэн гэдгийг ярьсан. Өнөөдөр яг таван нөхөрт маань эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах санадыг прокурор оруулчихсан. Хэрэг бодитой гэдгийг нь нотолчихсон. Прокурор үндэслэлтэй гээд үзчихсэн. Энэ бол амаргүй буюу үндсэндээ улс төрийн дараагийн 2020 оны сонгуульд эхний ээлжинд энэ таван хүн байхгүй. Цаана нь нэлээдгүй улсууд байгаа. Нэлээдгүй гэж байгаа шүү. Энэ болгон эндээс гарсан. Тэгэхээр энэ асуудлыг нуруун дээрээ үүрсэн Батзориг сайд үгээ хэлээч. Юу болсон юм бэ. Бүлэг ямар чиглэл өгч байсан юм бэ. Тухайн үеийн төсвийн ажлын хэсэг гэж яасан юм бэ. Үүнийг өг гэж яаж шахсан юм бэ. Энэ гишүүд таныг шахсан юм уу. Нэг газар цуглаж байгаад зохион байгуулалттайгаар хийсэн юм уу. Бодит байдлыг гишүүддээ сайхан хэлээч. Ийм, ийм юм болсон. Бүлгээс ийм чиглэл өгсөн юм. Ажлын хэсэг ингэж төсөв өөрчилсөн юм гээд. Сангийн сайд бас үгээ хэлэх хэрэгтэй. Юу гэж байсан юм гээд. Сангийн сайдууд байж байна. Их хурлын индэр дээрээс олон гишүүн хэллээ шүү дээ. Зохион байгууллалтайгаар, онц ноцтой бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хажууд, урдаас харж байгаад хэлсэн. Ингээд улс төрийн үйл явц болсон. Мэдээж, энэ бол сонгууль болоход хохиролтой дуусна. Сонгуулийн сезон эхэлчихлээ. Нэг жил гаруй үлдлээ. Саяын болсон үйл явцын өрнөлөөс харахад манай 65-аас 40-өөд гишүүн ямар ч байсан ирэх сонгуульд маш хүнд тамгатай орох байх. Амаргүй болох байх. Энэ нь мэдээж бид нарт маш хүнд сонгууль болно гэдэг тодорхой” гэлээ.

Үргэлжлэл бий…

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.12.4  ЛХАГВА  №240  (6207)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ