Т.Энхтүвшин: Дорноговь хөгжлийн зангилаа бүхий залуусын хот болно

2019-12-04

С.УЯНГА

Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшилж өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг нэгэн хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарт тулгамдаж буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм зүгээр ч нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцэгч нэгэн байх учиртай билээ. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булангийнхаа ээлжит зочноор Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинг урилаа.

 

-Дорноговь аймаг өнгөрсөн жил шилдгээр шалгарсан. Салбар тус бүрийн үзүүлэлт нэлээд ахисан байна лээ. Орон нутгийг удирдаж байгаа хүний хувьд өмнө нь ч тэр одоо ч гэсэн ямар арга барил, зарчмаар ажиллаж ирэв? 

-Төрийн албанд цөөнгүй жил ажилласны дотор орон нутагтаа нягтлан, эдийн засагч, санхүүгийн хяналтын байгууллага, хөгжлийн бодлогын хэлтэс, Тамгын газар, мэргэжлийн хяналтын байгууллагад ажилласан. Мөн Улаанбаатарт санхүүгийн хяналтын албаны даргаар ажилласан маань аймаг удирдахад арай дөхөм байлаа. Ялангуяа, аймгийн Тамгын газрын даргаар дөрвөн жил, санхүүгийн алба, мэргэжлийн хяналтыг удирдахдаа багагүй туршлага хуримтлуулсан гэж боддог.

Аймгийг удирдах ажлаа төрийн албан хаагчдыг чадавхижуулахаас эхэлсэн. Хоёрдугаарт, Дорноговь аймаг өөрийгөө санхүүжүүлж, улсад татаас өгдөг учраас орлогыг нэмэгдүүлж бие даан хөгжүүлэх бодлого баримталж байна. Үүний үр дүнд сүүлийн гурван жилтэй харьцуулахад аймгийн орлого 23 хувиар нэмэгдлээ.

Энэ хэмжээгээр орон нутгийн хөрөнгө оруулалтаар аймаг сумдад боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, нийгмийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэж байна. Орон нутгийг удирдахад хамгийн гол түшиг тулгуур бол яах аргагүй агентлагууд байдаг. Хийсэн ажлаа өдөр тутам иргэдэд танилцуулах, үйл ажиллагааг нээлттэй шилэн байлгах, иргэдтэйгээ уулзаж хэвшсэний үр дүнд эхлүүлсэн, зорьсон ажлыг маань иргэд олон нийт дэмжиж ирсэн. Төр, иргэн хоорондын хамтын ажиллагаа үр дүнтэй байсны илрэл нь өнгөрсөн жил шилдэг аймгаар шалгарсан юм болов уу. Анх ажил авахад өрсөлдөх чадвараараа 21 аймгаас 13-дугаар байрт эрэмблэгдэж байсан бол одоо дөрөвдүгээрт орж байна. Мөн хамгийн олон иргэнийг ажилтай болгосон. Боловсролын  чанараар 21 аймгаас гуравдугаарт орсон гээд олон салбарт ахицтай, амжилттай бодит чанарын үзүүлэлтийг гаргаж чадлаа. Цаашид энэ суурин дээрээ эрчимтэй хөгжих учиртай.

Засгийн газраас зарласан “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд төрийн байгууллагатай холбоотой хүнд суртал, иргэдийн гомдлыг шуурхай шийдвэрлэх чиглэлээр нэлээдгүй ажил өрнүүлж байна. Ер нь дөрвөн хананы дунд суугаад байвал ажил явахгүй. Асуудлын гүнд орохгүйгээр бичгийн ширээний араас бүх зүйл сайхан харагдана. Тиймээс аль болох газар дээр нь ажиллаж, иргэдийн санал бодлыг сонсож ажилладаг. Өнгөрсөн сард сумдад ажиллах үеэр төрийн албан хаагчидтай тусгайлан уулзлаа. Нэг үеэ бодоход төрийн албаны хүнд суртал багасч нээлттэй, иргэдэд хүртээмжтэй болсон. Технологийн дэвшил дагаад мэдээ мэдээлэл шуурхай авч байгаа энэ үед хууль бус үйлдэл газар авахааргүй болсон. Аймгийн төрийн албаны зөвлөл ч сайн ажиллаж байна. Аймаг, сумдад төрийн албанд хийх зүйл бий. Төрийн албан хаагчдыг давтан сургах, мэргэшүүлэх ажлыг хийх шаардлагатай байна. Үүнээс гадна тогтвор суурьшилтай ажиллахад нийгмийн баталгааг сайжруулах тал дээр нилээн анхаарч ажиллаж байна. Шинээр ашиглалтад орж буй орон сууцуудад төрийн албан хаагчдийг хамруулж, сумдад төрийн албан хаагчдын орон сууцыг ашиглалтад оруулж байна. Цаашдаа ч төрийн албан хаагчдийн нийгмийн баталгааг сайжруулахад анхаарч ажиллах нь чухал.

-Аймгийг удирдах ажлаа төрийн албан хаагчдыг чадавхижуулахаас эхэлсэн. Хоёрдугаарт, Дорноговь аймаг өөрийгөө санхүүжүүлж, улсад татаас өгдөг учраас орлогыг нэмэгдүүлж бие даан хөгжүүлэх бодлого баримталж байна.

-Богино хугацаанд ийм амжилт гаргахад чадварлаг хамт олон чухал. Багаа хэрхэн бүрдүүлэв?

-Аймгийн ИТХ-аар дөрвөн жилийнхээ мөрийн хөтөлбөрийг батлуулж, Эрүүл мэнд, Боловсрол, Аялал жуулчлал, Аж үйлдвэр гээд төрөлжүүлэхээр тусгасан. Энэ бүхнийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд нэг зорилгын төлөө нэг баг болж хамтарч ажиллах нь чухал. 2016 онд улс төрийн албан тушаалтан, орон нутгийн өмчит компаниудын томилгоог хийсэн. Бусад алба бол тангараг өргөсөн төрийн алба хаагчид болон босоо удирдлагатай учраас “дээрээс” томилдог.  Гэлээ ч бид гар, сэтгэл нийлж, хамтран ажиллах учиртай.

Энэ зарчмаар ил тод, нээлттэй олон нийтийн санаа бодолд тулгуурлаж зорилгоо тодорхойлж тууштай ажиллахыг хичээж байна. Үүнийхээ үр дүнд тодорхой амжилтад хүрч байна. Миний хувьд ажлаа хийж мэддэг, чаддаг л бол хамтарч ажиллах зарчим баримталдаг.

 -Газрын тос, төмөр зам, сэргээгдэх эрчим хүч гээд түүхэн бүтээн байгуулалт өрнөсөн хариуцлагатай цаг үед та аймгийг удирдаж байна. Дөрвөн жилд аль салбар руу анхаарч, мөрийн хөтөлбөрийн биелэлт хэр байв?

-Дорноговь аймгийн бусад аймгаас ялгарах онцлог бол хамгийн урт төмөр зам, автозам, агаарын шугамтай, дэд бүтэц хамгийн сайн хөгжсөн аймаг. Олон улсын болон байнгын ажиллагаатай хоёр боомттой. Барилгын материал, тоног төхөөрөмж гээд импортын 70 гаруй хувь нь Замын-Үүд боомтоор дамждаг. Боомт болоод дэд бүтэцдээ түшиглэж, Засгийн газраас Алтанширээ суманд 1.5 сая тонн шатахуун үйлдвэрлэх хүчин чадалтай газрын тос боловсруулах үйлдвэр, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414.6 км төмөр замын ажлыг эхлүүллээ. Төмөр зам ашиглалтад орчихвол Тавантолгойн нүүрсийг далайгаар дамжуулж гуравдагч орон руу гаргах боломж бүрдэнэ. Нүүрсийг аймаг руу татаж угаах, коксжуулах, гангийн үйлдвэрт хэрэглэх бололцоотой. Мөн Зүүнбаян-Ханги, Сайншанд-Бичигт, Хөөт, Нөмрөгийн төмөр замын эхлэл тавигдлаа. Эдгээр замыг дагасан олон үйлдвэр, уул уурхай хөгжиж аж үйлдвэрийн чиглэлээр хөгжинө гэж харж байна. Улс орны эдийн засагт ч гэсэн нэлээдгүй хувь нэмэр оруулах нь лавтай. Хүн ам их өсч байна. Өнөөдрийн байдлаар манай аймагт 94 мянган хүн амын 20 гаруй мянга нь түр оршин суудаг. Хэтдээ хот төлөвлөлтийг 200-250 мянган хүнээр тооцохоор хөгжлийн бодлогодоо тусган ажиллаж байна.

Томоохон бүтээн байгуулалтаас гадна иргэдийн амьдрах орчныг сайжруулж, 2017 онд “Их бүтээн байгуулалтын жил”-ийг эхлүүлж байсан бол өнөөдөр манай аймагт бүтээн байгуулалтын ажлууд цаг нартай уралдан тасралтгүй хийгдэж байна. Биеллээ ч олж байгаа. Мөн 2018 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил”,  2019 оныг “Гэр бүлийг дэмжих жил” болгон зарлаж, олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх арга хэмжээг нийгмийн бүхий л давхаргад зориулж хийж байна. Аймгийн ИТХ-аараа үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж дүгнэдэг. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр бүрэн хэрэгжиж байна гэж хэлж болно. Өнөөдрийн байдлаар 97.6 хувийн биелэлттэй байна. Нэг дутуу зүйл нь дараа жил эхлүүлэх аймгийн Халдвартын эмнэлэг бий.

Ер нь бүхий л салбарт адил тэгш анхаарч ажилласан. Боловсролын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж,  10 цэцэрлэг, хоёр сургууль, хоёр дотуур байр барьж ашиглалтад орууллаа. Аймгийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмж 100 хувьд хүрсэн. Мөн багш нарыг чадавхижуулах, эмч нарыг мэргэшүүлж, боловсон хүчнийг багагүй бэлтгэлээ. Олон жил барилгын ажил царцанги байсан 50 ортой төрөх, Замын-Үүдийн 100 ортой эмнэлгүүдийг ашиглалтад орууллаа. Иргэдийн хөгжлийн төвийг барьж, багийн ажлын алба, багийн Иргэдийн Нийтийн Хурлын танхим, Цагдаагийн хэсэг, Өрхийн эмнэлгийг нэгтгэж, иргэд төрийн үйлчилгээг нэг цэгээс түргэн шуурхай авах боломжийг бүрдүүллээ.

Дорноговь аймаг спортоор тогтмол амжилт гаргаж ирсэн учраас бие даасан 7-8 заалыг шинээр барьж, сумдад спортын албадыг ажиллуулахаар төлөвлөлөө. Ер нь дэд бүтэц, мал аж ахуй гээд нэг ч салбарыг орхигдуулаагүй. Малын үүлдэр угсааг сайжруулах, түүхий эд боловсруулах тоног төхөөрөмжөөр дэмжих, худаг ус гаргах, аймаг, сумын аварга малчдын шалгуурыг өндөрсгөж, дагаад шагнал урамшууллыг нэмэх бодлого баримталж байна. Цаашид малчдыг соён гэгээрүүлэх, мал маллах арга ухааныг сайжруулах, таваарлаг чанар руу нь хандуулахыг зорьж төлөвлөсөн ажил их бий. Бүтээн байгуулалтуудыг дагаад мал махаа нийлүүлэх, түүхий эдийн үнэ өндөр байгаа учраас малчдын сэтгэл тэнэгэр байна.

– Төр, иргэн хоорондын хамтын ажиллагаа үр дүнтэй байсны илрэл нь өнгөрсөн жил шилдэг аймгаар шалгарсан юм болов уу. Анх ажил авахад өрсөлдөх чадвараараа 21 аймгаас 13-дугаар байрт эрэмблэгдэж байсан бол одоо дөрөвдүгээрт орж байна.

-2019 он ч шувтарч байна. Гэр бүлийг дэмжих жил болгон зарласан гэж та хэллээ.  Энэ оны онцлох ажил юу байв?

-Иргэд рүү чиглэсэн, гэр бүл, өсвөр, үе хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, идэвх санаачилгыг дэмжих, гэр бүлийн хөгжил хамгааллыг сайжруулж, орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй. Тиймдээ ч “Гэр бүлийг дэмжих жил” болгон зарласан. Бүх нийтийг соён гэгээрүүлэх цуврал сургалт, лекцүүдийг хийж, эмэгтэйчүүдийн чуулган, ерөнхий боловсролын сургуулийн эцэг эхийн зөвлөгөөн, эрэгтэйчүүдийн чуулганыг хийлээ, анх удаа залуу малчдын зөвлөгөөнийг ч хийлээ. Ерөнхий боловсролын сургуулиудад нийгмийн сэтгэл зүйч бэлтгэлээ. Маш олон арга хэмжээг зохион байгуулж, төлөвлөсөн үр дүндээ ч хүрч чадсан.

Энэ оны томоохон ажлын нэг бол 40 жилийн дараа Дорноговийн соёлын өдрүүдээ Улаанбаатар хотод хийлээ. Дорноговьчууд урлаг соёлын авьяастай гэдгээ харуулж, 1000 бүжигчин Сүхбаатарын талбайд бүжсэн. Зохион байгуулсан бүх арга хэмжээнүүд үзэгч дүүрэн, сайхан болсон.

-Төмөр зам, нефтийн үйлдвэр гээд төрийн тэргүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хамгийн олон очсон нь танай аймаг боллоо?

-Зөвхөн энэ онд Ерөнхий сайд газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцаж дөрвөн удаа, Ерөнхийлөгч төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор долоон удаа очлоо. Бусад аймгуудыг бодоход Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай хамгийн олон удаа уулзсан нь би байх. Уулзахдаа  хоёр том бүтээн байгуулалтыг маш их анхаарч, дэмжиж байгаад надад талархлаа илэрхийлсэн. Нефть боловсруулж дотоодынхоо хэрэгцээг хангана гэдэг асар том хөгжил. Төмөр замын үр ашиг эдийн засгийн эргэлт ч төсөөлөмгүй их.  Уул уурхайн бүтээгдэхүүнийг түүхийгээр биш аль болох боловсруулж гаргах бодлогын дүнд нүүрсээ угааж, мангани, жоншоо баяжуулдаг 13 үйлдвэр ашиглалтад орсон. Өндөр цалинтай, даатгал, татвар, цахилгаанаа орон нутагт төлдөг үйлдвэрийг дэмжинэ.

-Энэ эрчээрээ хөгжлийн зангилаа аймаг болох нь. Хот төлөвлөлт, боловсон хүчин бэлтгэхээс эхлээд энэ тэсрэлтэд Дорноговь аймаг бэлэн үү?

-Бид бэлэн. Сайншанд, Замын-Үүдийн ерөнхий төлөвлөгөөг тодотгож байна. Хаана нь ямар үйлдвэр, аль хэсэгт нь орон сууц байх, дулааны станц шинээр барихдаа яах вэ зэргээр төлөвлөлтөө хийгээд явж байна. Дорноговь аймаг усны нөөцтэй. Бүтээн байгуулалт дагаж тэлэх хүн амын суурьшлын бүсээ орон нутагт төвлөрүүлнэ.

Аймгийн төвийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд дэмжиж дахиад дөрвөн ангийг нээж өгсөн. Төмөр замын бүтээн байгуулалт, баяжуулах, боловсруулах үйлдвэрийн  боловсон хүчнийг орон нутагтаа бэлтгэж эхэлж байна. Дорноговь аймагт газрын тосны чиглэлээр бэлтгэгдсэн залуус бий. Дээр нь газрын тосны үйлдвэрийг санхүүжүүлж байгаа Энэтхэгийн Засгийн газраас манай аймагт тодорхой хэмжээний квотуудыг өгсөн. Хятад, Орост бэлтгэхээр ярилцаж буй зүйлс ч бий. Газрын тосны үйлдвэр 2023 онд ажиллаж эхлэхэд гадаадад 50 гаруй мэргэжилтэн  бэлтгэхээр төлөвлөж байна.

-Боловсролын чанараар 21 аймгаас гуравдугаарт орсон гээд олон салбарт ахицтай, амжилттай бодит чанарын үзүүлэлтийг гаргаж чадлаа. Цаашид энэ суурин дээрээ эрчимтэй хөгжих учиртай.

-Их бүтээн байгуулалтуудыг дагаад ажлын байр, орлого нэмэгдэнэ. Танай аймагт ажилгүй иргэн байхгүй юу?

-Аймгийн иргэдийн амьжиргааны түвшин өндөр. Өрсөлдөх чадвараар 21 аймгаас дөрөвдүгээр байрт эрэмбэлэгддэг. Энэ хэрээр амьдрах таатай орчин бүрдэж эдийн засгийн өсөлт улсын дунджаас гурван хувиар өндөр гарсан.

Харин ажлын байрны хувьд тогтвортой ажилладаггүй, ажил голдог, амар хялбарыг нь харсан хэсэг хүмүүс бий. Төмөр замын бүтээн байгуулалтад аймгаас 300 ажилтан авъя гэхэд 50 хүн цуглаж байх жишээтэй. Орон нутгийн барилгын компаниуд Улаанбаатараас хүмүүс авчирч ажиллуулж байна. Сумдад ч мөн адил ажилчид дутагдалтай. Өдрийн 45-50 мянган төгрөг, дээрээс нь хоолыг нь өгье гэхэд ажиллах хүн олддоггүй. Энэ янзаараа томоохон бүтээн байгуулалтууд хийгдээд явах юм бол ажиллах хүчний гачигдалд орох эрсдэлтэй.

-Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хоёр томоохон боомт, бусад бүтээн байгуулалтын үр шимийг нутгийн иргэд хүртэж чадаж байна уу. Ер нь аймгийн Засаг даргын эрх мэдэл хүрдэггүй, хүртээмж тааруу зэргээр тулгамдсан асуудлууд байдаг?

-Гадаадын зээл тусламж болоод Монгол Улсын Засгийн газрын мега төслүүдэд орон нутгийн аж ахуйн нэгж байгууллагыг түлхүү оруулах шаардлагыг байнга тавьж ирсэн. Чамлахааргүй үр дүн гарч орон нутгийн компаниудын өрсөлдөх чадвар сайжирч ашиг, орлого нь нэмэгдэж татвар, нийгмийн даатгалаа цаг хугацаандаа төлөх боломж бүрдэж байна. Ялангуяа, томоохон мега төслүүд дээр орон нутгийн аж ахуйн нэгжийг татан оролцуулснаар үр шим нь эргээд хөрөнгө оруулалт хэлбэрээр үлдэж байна.

Орон нутгийг удирдаж олон хүнтэй харилцахад янз бүрийн л асуудал гарна. Тухайлбал, босоо удирдлагатай байгууллагуудыг орон нутгаас томилох нь зөв. Нийгмийн халамж, иргэний бүртгэл мэдээлэл, Хөдөлмөр халамж үйлчилгээний газруудыг босоо удирдлагаар томилдог болохоор хэд хэдэн тайлан гаргах зэргээр хоёр эзний нэг зарц шиг ажиллаж байна. Ялангуяа, мал аж ахуйтай холбоотой асуудал бол аймгийн Засаг дарга хариуцаж болохоор гол салбар. Гэтэл бодлогын асуудлыг дээрээс нь томилдог байх нь зохимжгүй, ажлын үр дүнд сөргөөр нөлөөлдөг гэж хардаг. Мөн сумдын Засаг захиргааны нэгжүүдийг өөрчлөн зохион байгуулах шаардлагатай. Тухайлбал, Зам-Үүдэд дэд бүтэц, иргэний бүртгэлийн орон тоог нэмэгдүүлэхээс биш мал аж ахуйн тасаг шаардлагагүй. Сумдын онцлогт тохируулж засаг захиргааг зохион байгуулах нь оновчтой.

-Дорноговь аймагт лаа барьдаг сум саяхан байсан. Цахилгаан, үүрэн холбооны сүлжээ бүрэн нэвтэрсэн гэж ойлгож болох уу?

-Хоёр сум шилэн кабельгүй. Багуудад утасны сүлжээ барьдаггүй. Дэлхий дээр юу болж байгааг хүмүүс гэртээ суугаад гар утаснаасаа мэддэг болсон эрин зуунд  үүрэн холбооны сүлжээг өргөтгөх зайлшгүй шаардлагатай. Үүний тулд Засгийн газар оператор компаниудтай хамтарч станцуудыг яаралтай байрлуулах хэрэгтэй. Орон нутгийн зүгээс оператор компаниудтай ярилцаж зарим нэг станцыг байрлуулдаг ч өртөг өндөр тусдаг. 2016 онд улсын хэмжээнд байнгын цахилгаангүй гурван сум байсны хоёр нь манай аймгийн Мандах, Хатанбулаг сумд. 2017 онд төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Мандах, Хатанбулаг сумдыг цахилгаан эрчим хүчний төвлөрсөн шугаманд холбосон. Хангийн боомтоор Хятадаас цахилгаан импортолж, Ханги хилийн суурьшлын бүсийг тогтой болгосон. Иргэдээс гадна үйлдвэр, уурхай, ложистикийн төвүүд цахилгаантай болж төрийн бүтцийг бий болгосноор нөхцөл байдал эрс сайжирсан. Одоо хилийн хоёр сумаа шилэн кабельд холбочихвол үндсэндээ цэгцэрнэ.

-Хамарын хийд, энергийн төв гээд аялал жуулчлалаар мөнгө олох бүрэн боломжтой. Гэтэл жишиг хөгжиж чадахгүй байх шиг. Аялал жуулчлалаар эдийн засгийг солонгоруулахад хэрхэн анхаарч байна вэ?

-Монгол Улсын аялал жуулчлалын гол цэгүүдийн нэг нь яах аргагүй манайх. Энэ утгаараа дан ганц уул уурхайгаас хамаарахгүйгээр манай аймаг жилдээ 125 мянган жуулчин хүлээж авч байна. Монголд жилд 500-600 мянган жуулчин ирдгийн тавны нэг нь манай аймагт ирдэг. Тиймээс аялал жуулчлалыг хөгжүүлэхэд сүүлийн гурван жилд тодорхой  ахиц гарсан.

Буриад, Тува, Өвөрмонголын аялал жуулчлалыг Хамарын хийд, энергийн төвд татах боломжтой. Хамарын хийд засмал зам, өндөр хүчдэл, цэвэр бохир устай гээд эрчимтэй хөгжих боломжтой учраас хөрөнгө оруулалт хийж байна. Харин  тулгамдсан асуудал нь нэг өдрийн болоод бүлэг аялал жуулчлалыг Байгаль орчин аялал жуулчлалын яам шуурхай шийдэж өгөх хэрэгтэй. Үүнийг шийдчихвэл Улаан-Үүд, Өвөрмонголоос жуулчид авна.

Бид өнгөрсөн хугацаанд Засгийн газарт нэг л хүсэлт тавьж ирсэн. Тэр нь өглөө Замын-Үүдээр орж ирээд үдээс хойш буцаад гарах нэг өдрийн аялал жуулчлалыг нээгээд өгөөч гэдэг. 2016 оноос өмнө нэг өдрийн аялал жуулчлалтай байхад өдөрт 200-300  хүн орж ирээд хилийн багана дээр зургаа даруулж, зочид буудал юм уу аялал жуулчлалын кэмпт байрлаад, дэлгүүр хэсч, монгол хоол идээд гардаг байсан. Энэ үед Замын-Үүд хурдтай хөгжсөн. Тиймээс нэг өдрийн аялал жуулчлалыг зөвхөн Замын-Үүд дээр нээж өгөөч гэдэг асуудлыг Засгийн газарт гурван жил тавьж байна.  Жуулчид өглөө 10:00 цагт орж ирээд 16:00 цагт  хилээр гарахад маш том хөрөнгө оруулалт болно. Нэг хүн 2000 юань зарцуулаад гарлаа гэхэд 900 мянган юань буюу 300 сая төгрөгийг Замын-Үүдэд үлдээгээд гарна. Сараар тооцвол хэд болох билээ.

Мөн Замын-Үүд сум зарим аймгаас том. Үндсэн 30 мянган хүн ам дээр өдөрт 10 мянган хүн, 2000 тээврийн хэрэгсэл хилээр орж гардаг. Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар боомтын цогцолбор баригдаж байна. Хяналт, нэвтрүүлэлт шуурхай болохын хэрээр хүн, тээврийн хэрэгслийн урсгал нэмэгдэнэ. Замын-Үүдэд амар хялбараар мөнгө олох гэсэн, хэрэг төвөгт оролцоодож байсан хүмүүс маш их ирдэг, суурьшдаг. Тиймээс Замын-Үүд боомтод Цагдаагийн байгууллага болоод бусад байгууллагуудын орон тоог нэмэх ёстой.

– Аялал жуулчлалд тулгамдсан асуудал нь нэг өдрийн болоод бүлэг аялал жуулчлалыг Байгаль орчин аялал жуулчлалын яам шуурхай шийдэж өгөх хэрэгтэй. Үүнийг шийдчихвэл Улаан-Үүд, Өвөрмонголоос жуулчид авна.

-Таныг удирдаж байх хугацаанд Дорноговь аймаг хөгжлөөр ямар түвшинд хүрнэ гэж зураглаж байна вэ. Мэдээж том амбици бий байх?

-Дорноговь аймгийн хөгжлийн дүр зургийг солонгорсон эдийн засагтай Монгол Улсын хөгжлийн зангилаа бүхий залуусын хот болно гэж төсөөлдөг. Дорноговь аймаг Монгол Улсын барилгын цементийн 80 хувийг хангадаг. Уул уурхай, аялал жуулчлал, уламжлалт мал аж ахуйг түшиглэж солонгорсон эдийн засагтай байхаар хөгжүүлж байна. Уул уурхай зогссон ч үйлдвэрүүд ажиллаж байх болно. Дорноговиос салаалсан төмөр замуудын уулзвар нь Сайншанд хот болно. Энэ дэд бүтцийг дагаж ган, кокс, төмөр, цайр, жонш гээд олон үйлдвэр бүтээн байгуулалт өрнөж энд тэндээс олон залуус зорьж ирж ажиллана гэж боддог. Энэ үүднээс аймгийн хөгжлийн төлөвлөгөөг 250 мянган хүнтэй байхаар тооцсон. Ер нь бол Монгол Улсын хоёр дахь нийслэл болно гэж төсөөлдөг.

-Уул уурхай хөгжсөн аймагт асуудал дуусдаггүй. Нутаг орноо хамгаалах гэсэн иргэдийн эсэргүүцэл, шүүмжлэл хэр их гардаг вэ?

-Наад асуулттай чинь уялдуулаад нэг зүйлийг зориуд хэлмээр байна. Сүүлийн үед ТББ-ын нэр барьсан хүмүүс хэл амаар доромжилдог байдал газар авлаа. Тухайлбал, Босоо хөх Монгол бүлгэм нэртэй хэсэг нөхөд аймагт үйл ажиллагаа явуулдаг дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг дарамталдаг. Тэр бүлгэм гээд байгаа хүмүүсийн дунд манай аймгийн иргэд ч байхгүй. Уг нь иргэд, удирдлагуудаас эхлээд орон нутаг маань эзэнтэй. Гэтэл хэсэг нөхөд үе үе ирж, дарамт шахалт үзүүлж, бусдын ажлыг ямар ч хамаагүй аргаар харлуулахын тулд дайра    н орж бичлэг хийж, үймээн шуугиан үүсгэдэг. Цаашлаад компанийн ажилчдыг үгээр дарамталж, цохиж танхайрах нь энүүхэнд. Энэ янзаараа байвал гадаад дотоодын хөрөнгө оруулалт зогсож, хөрөнгө оруулагчид ч зугатана. Тиймээс ч хөрөнгө оруулагчдыг хамгаалахад улсын хэмжээнд анхаарал хандуулах хэрэгтэй байх.

Аймагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтуудад иргэд маань ам сайтай, зохион байгуулдаг арга хэмжээнүүдэд ч идэвхтэй оролцдог, санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. ТББ нэрээр улстөржсэн хэдэн нөхдүүд ирээд орон нутгийн бүтээн байгуулалтад саад болдог, харлуулдаг, иргэдийг буруу зүйлд турхирдаг эдгээр хүмүүсийг цаг нь болохоор зарлана гэж бодож байгаа. Хөгжилд саад болж байгаа хүмүүсийг орон нутгийн иргэд мэдэж авах хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.12.4  ЛХАГВА  №240  (6207)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ