С.Чинзориг: Хүүгийн орлогоор хөөцөлдөх бус  сангийн мөнгө эрсдэлгүй байх ёстой

2019-12-03

Ч.ОЛДОХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Капитал банкинд  байршуулсан нийгмийн даатгалын сангийн мөнгөтэй холбоотой  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Түүний хувьд   2017 оны 10-р сарын эхээр ХНХ-ын сайдаар томилогдсон. Ажил хүлээж авсан тухайн үед  Капитал банкинд Нийгмийн даатгалын сангийн 228.1 тэрбум төгрөг  байсан бөгөөд үүнээс 20 тэрбум нь  хадгаламж хэлбэрээр байршиж  байсэн гэв. Тус мөнгөн хөрөнгийг 2013-2017 оны хооронд тус банкинд байршуулж байсан. Би сайдын ажлыг хүлээж авахдаа нэг ч төгрөгийг нэмж тус банкинд байршуулаагүй, гэрээ байгуулаагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье гэж С.Чинзориг сайд мэдээллийн эхэнд  тэмдэглэв.

Тэрээр цааш хэлэхдээ “2017 оны 12-р сарын 26-ны өдрийн байдлаар дээрх  хадгаламжийн гэрээ дуусч, 79 тэрбум төгрөгөө авах хүсэлт тавихад “Банкны санхүүгийн байдал тааруу” гэсэн тул  мөнгөө авч чадаагүй аж. Энэ байдалтай  2018 оны зургадугаар сар хүргэсэн. Гэрээгээ цааш сунгахгүй гэж явсаар нэлээд хугацаа алдсан. Ингээд Нийгмийн бодлогын байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу гэрээг есөн сараар сунгасан. Манайх гэрээгээ сунгахгүй гэж хэлсэн. Өр барагдуулах явц удаан явсан. Улмаар 2019 оны 5-р сард Монголбанкнаас Капитал банкыг татан буулгасан. Миний хувьд сайд болсноос хойш тус банкинд нэмж гэрээ байгуулаагүй, харилцахад байсан мөнгийг хадгаламж рүү шилжүүлж гэрээ байгуул гэсэн үүрэг өгсөн” гэлээ.

Тэгвэл С.Чинзориг сайд өчигдөр Монголбанкны Ерөнхийлөгчтэй  уулзсан байна. Тэд үндсэн хөрөнгийг барьцаалж, нийгмийн даатгалын сангийн өрийг барагдуулах хувилбарын талаар ярилцсан. Нэг асуудал үүсээд байгаа  нь Капитал банкны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Тиймээс үндсэн хөрөнгүүдийг хөдөлгөх боломжгүй болоод байна. Хэрэв  үндсэн хөрөнгөөс өр барагдуулахаар болбол зах зээлийн үнэлгээ, чанарыг сайтар тодорхойлох шаардлага бий.

Капитал банкинд  одоогоор Нийгмийн даатгалын сангийн 105 тэрбум төгрөг байгаа. Цаашид нийгмийн даатгалын сангийн мөнгийг Засгийн газрын үнэт цаасыг худалдаж  авах байдлаар арвижуулах чиглэлээр ажиллах шийдэлд хүрсэн. Энэ тохиолдолд  хүү нь тодорхой хэмжээгээр буурна. Гэхдээ хүүгийн орлогын хойноос хөөцөлдөх биш, сангийн мөнгө эрсдэлгүй байх ёстой гэж  салбарын яамныхан  үзэж байгаа ажээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ