“Жендер ба хөгжил” анхдугаар чуулганыг зохион байгуулна

2019-12-03

Н.ДАЯН

НҮБ-ын Хүн амын сан, Монгол Улсын Засгийн газар, Иргэний нийгмийн байгууллагууд хамтран жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг “Ойлгоё, хүндлэе” уриан дор эхлүүлж байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, нийслэл дэх жендерийн салбар хорооны дарга Ш.Анхмаа, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, Жендерийн үндэсний шинжээч, нийслэлийн жендерийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн зөвлөх, судалгааны багийн ахлах Ш.Солонго, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Оюунгэрэл, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Монгол Улс дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн засаглалын бүрэлдэхүүн хэсгийн менежер Г.Пүрэвтогтох нар мэдээлэл хийлээ. Мөн жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд жендерийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, олон нийтэд мэдээллийг хүргэх, жендерийн мэдрэмжтэй төлөвлөлт, төсөвлөлтийг хийж хэрэгжүүлсэн байгууллагыг алдаршуулж, сайн туршлагыг түгээх зорилготой “Жендер ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулганыг энэ сарын 9-нд зохион байгуулах гэж байна.

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, Нийслэл дэх жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 өдрийн аян нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр буюу арваннэгдүгээр сарын 25-нд эхэлж, Хүний эрхийн өдөр буюу энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилдэг. Олон улсын хэмжээнд 1991 оноос, Монгол Улсын хувьд 1997 оноос тэмдэглэж эхэлсэн. 2019 оны хувьд энэ аяныг “Ойлгоё, хүндлэе” уриан дор зохион байгуулж байна. Жендерт суурилсан хүчирхийлэл ялангуяа, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл харилцааг эрхэмлэхийг уриалж байна. Энэ уриа нь жендерийн талаарх хэвшмэл ойлголт, хортой зуршлуудыг арилгах, бие биенийхээ эрхэм чанар, эрхийг хүндэтгэх замаар харилцан ойлголцол, хүндлэлийн зарчмыг харилцаандаа эрхэмлэхийг дэмжиж байгаа юм” гэлээ.

Монгол эмэгтэйчүүдийн 57.9 хувь нь амьдралынхаа туршид хамтрагчийн зүгээс үйлдсэн аль нэг хэлбэрийн хүчирхийлэлд наад зах нь нэг удаа өртөж байсан болохыг харуулсан. Мөн монгол эмэгтэйчүүдийн 35 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд хамтрагчийн зүгээс үйлдсэн бэлгийн болон бие махбодийн хүчирхийлэлд өртсөн байна. Түүнчлэн жендерт суурилсан хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүдийн 35.5 хувь, хүчирхийлэлд өртөж байгаагүй эмэгтэйчүүдийн 22.2 хувь нь эрэгтэй хүн эхнэрээ буруу зүйл хийсэн тохиолдолд зодохыг зөвтгөсөн итгэл үнэмшилтэй байгааг судалгааны дүн харуулжээ.

Нийслэл дэх Жендерийн салбар хорооноос санаачлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хэрэгжүүлж байгаа Монгол Улс дахь барилга, байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх хүрээнд “Нийслэлийн жендерийн эрх тэгш байдлын дүн шинжилгээ” болон есөн дүүргийн жендерийн нөхцөл байдлын судалгааг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэж, “Нийслэлийн жендерийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөрийг боловсруулан, батлуулахаар ажиллаж байна. Дэд хөтөлбөр нь НҮБ-аас батлагдсан “Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөр”-ийн тавдугаар зорилт, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуультай уялдаж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилготой юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ