Амжилтын түүх: Жэксонвилл Жагуарс багийн эзэн тэрбумтан Шахид Хан

2019-12-03

Х.ОЮУНБОЛД

 

Ресторанд таваг угаагчаар ажиллав

 

Шахид Хан гэгч халаасандаа 500 ам.доллартай их сургуульд суралцахаар ирж байжээ. Тодруулбал,16 настай хүү 1967 онд Илинойс мужийн их сургуульд суралцсанаар дөрвөн жилийн үйлдвэрийн инженерийн дипломыг өвөртлөн төгссөн байна. Тэрээр 1950 оны зургадугаар сарын 18-нд Пакистаны Пунжаб хотод төрсөн. Түүний ээж нь тооны багш, аав нь барилгын үйлдвэрт ажилладаг байжээ. Тэрээр оюутан байхдаа амьдардаг байсан өрөөнийхөө түрээсийг төлөхийн тулд цагт 85 центээр таваг угаагчаар ажилладаг байсан аж. Харин өнөөдөр Шахид Хан  хөлбөмбөгийн олон алдартай багийн эзэн болсон. Тэрээр Пакистаны дундаж давхаргад хамаарагдах гэр бүлд төрсөн ч 16 настайдаа АНУ-д ирснээр амьдралын гараа нь эхэлсэн гэдэг. Ийнхүү таваг угааж амьдарч явсан залуу хүү 1971 онд их сургуулиа төгссөн байна. Ингэснээр Шахид Хан “Флекс Н-Гате” автомашины эд анги үйлдвэрлэдэг компанид ажиллав. Энэ үеэс түүний  амьдрал өөрчлөгдөх эхлэл тавигдсан гэдэг. Тэнд долоон жил ажилласны дараа ажлаасаа гарч хувийн компаниа байгуулахаар шийджээ.

Хуримтлуулсан мөнгөө ашиглан нээсэн Бамбер Гате гэж нэрлэсэн компаниа Шахид Хан хоёр жил удирджээ. Дараа нь өмнө нь ажиллаж байсан компаниа худалдаж авах саналыг хуучин эзэндээ тавьсан байна. Ийнхүү худалдаж авсан компанидаа тэрээр 30 жил ажилласнаар дэлхийн зах зээлд “Тоёота” компанитай өрсөлдөх хэмжээний компани болгосон аж. Орон нутгийн жижиг компаниас дэлхийн хэмжээний том компани болтлоо өргөжсөн компани нь 2010 он гэхэд АНУ-д 12 мянга гаруй ажилчинтай, 48 үйлдвэртэй болсон байна. Шахид Хан тэрбумтан болсноор өөр салбарт хөрөнгө оруулах талаар бодож эхэлжээ. Ингэснээр хөлбөмбөгийн “Лос Анжелес Рамс” багийг худалдаж авахыг зорьсон ч бүтсэнгүй.  Харин одоо эзэмшдэг америк хөлбөмбөгийн “Жэксонвилл Жагуарс” багийг 746 сая ам.доллараар худалдан авчээ. Гэвч ганц үүгээр спортод өөрийн гэсэн багтай болох хүсэл нь ханасангүй. 1991 оноос АНУ-ын иргэн болсон Шахид Хан Лондонгийн Фулхам багийг 2013 онд 230 сая ам.доллараар худалдан авсан байна. Худалдааны эзэн гүрнээ байгуулсан пакистан тэрбумтан зургаан тэрбум гаруй ам.долларын хөрөнгөтэй. “Форбес” сэтгүүлээс гаргасан тэрбумтны жагсаалтын 158-д бичигддэг байна.

 

Хувийн амьдрал

Шахид Хан тэрбумтан болохоосоо өмнө эхнэр Анн Карлсон Хантай танилцсан байна. Тэр үед эхнэр нь нөхрийнхөө санг шалгадаг байсан нийгмийн ажилтан байсан аж. Харин 1977 онд гэрлэсэн байна. Анн Карлсон Хан 1954 оны аравдугаар сарын 21-нд Илинойм мужийн Парк Ридже хотод төрсөн аж. Харин тэрээр ямар гэр бүлээс гаралтай болон хүүхэд насны тухай их мэдээлэл байдаггүй байна. Анн Карлсон  дунд сургуулиа төгссөний дараа Ютагийн их сургуульд орчин үеийн бүжгийн мэргэжлээр суралцаж төгсчээ. Дараа нь Аризона мужийн их сургуульд сурч магистр болсон байна. Мөн залуудаа их сургуулиа төгссөний дараа бүжигчнээр ажиллажээ. Гэвч 1990 оноос өмнө  бүжигчнээр ажиллахаа больж Тусон хотын Аризона бүжгийн театрт тайлбарлагчаар ажилласан байна. Тэр үед олон оронд Сюзан Ретхорст гэж мэддэг бүжиг дэглээч болон хөгжмийн зохиолч, АНУ-ын бүжиг дэглээч Мередит Монктой ажиллаж байжээ. Харин энэ ажлаа орхисны дараа Анн Карлсон Хан урлагийн салбарт дахин ажиллаагүй  бөгөөд нөхөртэйгөө  Хан санг байгуулсан байна.

Тэд Шанна Хан гэдэг охинтой, Тони Хан гэдэг хүүтэй аж. Охин нь аав шигээ бизнес эрхлэгч бөгөөд Илинойс мужийн их сургуульд сурсан байна. Санхүүгийн  үйлчилгээ үзүүлдэг компанийн захирлаар ажилладаг нөхөр Жастин МК Кабетэй 2015 онд гэрлэсэн. Шахид Ханы хүү Тони Хан 1982 оны аравдугаар сарын 10-нд төрсөн. Гэр бүлийн бусад гишүүний адил Илинойсийн их сургуульд санхүүчээр суралцсан байна. Одоо аавынхаа хөлбөмбөгийн багийн технологи, шинжилгээ хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажилладаг аж. Мөн худалдааны компаниуд эзэмшдэг байна. Харин эхнэр, нөхөр Шахид Хан, Анн Хан нар сайн үйлсийн аянд их оролцдог аж.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ