Энгүй их ачтан

2019-12-02

Д.ОЮУНЧИМЭГ

Таван давхар шар байшингуудын дундуур ээж минь явж харагдана. Шингэхээн зөөлөн үсээ байнга л ороож самнадаг, яг л тэр хэвээрээ. Тэрхэн зуур “Ашгүй ээж минь охиныг минь харж өгөх нь.

Ажилдаа ордог хэрэг ээ” гэх бодол зурсхийв. “Ээжээ, ээжээ” гээд тэнхээ мэдэн гүйсэн ч надад гүйцэгдээгүй ээжийнхээ араас “Хоёр дахь удаагаа хаяад явчихдаа яадаг юм бэ” гээд хөлөө тийшчлэн уйлж гарлаа. Гэсэн ч ээж минь эргэж ч харсангүй явчихлаа.

Би ч чарлаад л байлаа. Гэнэт л миний хань “Яаж байна” гээд духан дээр минь үнсэх нь тэр. Эргэн тойрноо ажтал урт шар хонгилоор явж байгаа харагдана. Нээрээ охин минь яалаа гэж бодон “Миний охин хаана байна. Охиноо олоод ир. Миний охин хаана байна” гээд үгийн сөлөөгүй охиноо нөхөрөөсөө нэхэж гарав… Ээжийгээ маш ихээр санаж өөрийн эрхгүй л нулимс бөмбөрөөд “Ээжээ” гээд чанга хашгирч, хөлөө тийчлээд сууж байсан газраа бахь байдгаараа уйлсаар… Нэг сэртэл хань минь миний толгойг илэн “Сэрж чадах нь уу. Шөл уу” гээд зогсч байсан юм. Энэ үед 20:00 цаг аль хэдийнэ өнгөрч байлаа.

Би дөрвөн хүүхдийн ээж. Гурван томыгоо хэвийн тээж, төрөх хугацаанд нь төрүүлсэн. Харин энэ удаад Завхан, Ховд гээд онгоцоор нисч, газраар явсныг эс тооцвол жирэмсэн болсноо мэдсэн дариудаа л гам барьж эхэлсэн. Найман сар тээсэн. Зургаан сар хэвтрийн дэглэм барьж, эх болоод урагт шаардлагатай, хэрэгтэй гэсэн болгоныг ууж хэрэглэдэг байлаа. Учир нь отгон охиноо ямар ч байсан тээж төрүүлнэ гэдэг хүсэл минь намайг зоригжуулж байв. Өдөр өдрөөр өсч, гэдсэнд минь тонгочих хүүхдээ төрүүлчихвэл дүү минь ирчихэж магадгүй гэсэн далд бодол намайг хатжуулж байсан юм.

Байсхийгээд л Эх нялхасын “Дутуу тээлт судлалын тасаг”-т хэвтэж эмчлүүлнэ. Утсаар битгий ярь, ном битгий унш, тайван унтаж амрах хэрэгтэй, босч явж болохгүй гэж эмч зөвлөнө. Гэвч зургаан сар гэрээс гарахгүй хэвтрийн дэглэм сахиж байгаа надад тэвчихэд тун хэцүү байсан ч хичээсэн. Төрөх хугацаа тун чиг дөхөж байлаа. Хуруу даран тоолж хугацаагаа гүйцээхээр мэрийж байтал гэнэт л цус алдаад эмнэлэгт хүргэгдэв. “Дутуу тээлт судлалын тасаг”-таа хэвтэнэ гэж бодсоор очтол эрсдэлтэй жирэмсний тасагт хэвтүүлнэ гэнэ. Би ч Анагаах ухааны доктор, клиникийн профессор Ж.Отгонбаатар эмч рүү залгаад “Би өөр тасагт хэвтэхгүй ээ. Бас одоо төрчихөөд л гаръя. Цаашаа тээж чадахгүй нь ээ” гэв. Ургаа тээж эхэлсэн цагаас минь үзэж, зөвлөгөө өгч байсан болохоор эмч маань хүлээн авахын эмчид учрыг нь хэлсэн бололтой. Ингээд дутуу тээлт судлалын тасагтаа хэвтлээ. Тус тасгийн эрхлэгчийг Б.Батхишиг гэдэг. Тэрээр эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч, алаг нүдтэй, сайхан зантай эмэгтэй бий. “За Оюунаа минь гэрээ санасан хүүхэд шиг гүйгээд ирэв үү” гээд л угтсан юм. Би ч “Одоо төрчихөөд явнаа” гэхэд минь “Хоёулаа эхлээд үзнээ. Отгоо эмчтэйгээ ярьсан уу. Цуг л хагалгаанд орно доо. Уг нь ураг маань хэвлийдээ ганц ч болов хоног байх нь хэрэгтэй. Тиймээс л гүйцэд тээлгэчих гээд бид хичээгээд байгаа юм шүү дээ” гэж учирлана. Гэхдээ эмч ч, би ч биеийн байдал, эрсдэлээ мэдэж байв.

 

ДУРСАМЖ ҮЛДЭЭХ “ПАТИАР”

Эх баригч болон хүүхдийн эмч хагалгаанд орохын өмнө.

Жирэмсний гурван сартайд буюу 13-14 неделтэй байхад эхэс төрүүлсэн гэдгийг Ж.Отгонбаатар эмч хэлэв. Хэвтрийн дэглэм сахивал эхэс байрлалаа солих магадлал бий хэмээн эмч маань хэлж би ч зөвлөсөн ёсоор “томоотой” байлаа. Гэсэн ч эхэс байрлалаа солих нь бүү хэл бүр шигдчихсэн байжээ. Төрөх явц аминд эрсдэлтэй хэмжээнд тулсныг эмч нар хэллээ. Тэгсэн ч надад ямар ч айдас байгаагүй. “Охиноо төрүүлчихвэл” би ямар ч эрсдэлийг даваад л гарна гэх итгэл сэтгэлийн мухарт тодоос тод гэрэлтэж байв. Эмч нарынхаа нүдийг хариулж байгаад эмнэлгийн коридороор хааяахан сэлгүүцнээ. Явах нь бүү хэл ширүүхэн ч хөдөлж болохгүй шүү гэж жижүүрийн эмч нар сануулдаг байлаа. Нэлээд хэд хэвтсэн болохоор дутуугийн тасгийнхантай аль хэдийнэ найзууд болчихсон. “Царай муутай хүүхдээ сайн уу” гэж мэндэлдэг намайг ч тэр тасгийнхан бас жижүүр эмч нар андахгүй. Дутуугийн тасгийнхан мөн ч их ачаалалтай. Коридор, сувилагчийн пост гээд хэвтэж болох бүхий л зай завсраа ашигладаг. Тэр ч бүү хэл төрсөн ээжээ зөөдөг орон дээрээ ч хүнээ авна. Тийм болохоор оргүй үед ирвэл асрагчаас эхлээд эх барих эмч, эмч гээд хэвтрийн дэглэмтэй, хөдөлгөөн хорих ёстой учраас өрөөнд оруулах хэрэгтэй гэлцэн коридорт хэвтүүлэхгүй байхыг л эрмэлздэг байв. Миний зовиур бас эрсдэлийг мэддэг учраас хүн бүр сэтгэл гарган эрвийх дэрвийхээрээ л туслана. Ингэсээр төрөхөөр товлосон өдөртэйгээ золгох нь тэр. Бас болоогүй төрөхөөсөө өмнө дурсамж үлдээхээр “зөрүүдэлснийх” төрөх өдрийнхөө урд орой нь хэдэн сайхан патиар татуулаад амжсан гэж байгаа юм. Эх нялхасын “Дутуу тээлт судлалын тасаг”-т сургалтын танхим бий. Тэнд татуулсан зургийг минь харсан хүмүүс аль студи вэ гэдэг. Өнгөлөг, тохилог тэр өрөөнд ээжүүдэд хэрэгтэй зөвлөгөө, дасгалыг зааж өгдөг юм билээ.

 

АЙДАСЫГ ТАЯГДАН ХӨӨСӨН СЭТГЭЛИЙН ХҮЧ

Ахлах зэргийн эх баригч Б.Өлзийдэлгэр.

2019 оны наймдугаар сарын 16. Өглөө 07:00 цаг. Хань минь хувцсаа солиод ороод ирэв. Би ч хамаг юмаа боож баглаад явуулах, авч үлдэх гээд ялгачихсан хором мөч бүрийг тоолж байлаа. Хамгийн эхний хагалгаа учраас бас догдлоостой. Цаг 09:00 зааж байна. Догдлоод зүрх минь хурдан хурдан цохилоод л. “Одонгийн охин минь эсэн мэнд л мэндэлчихвэл би яах вэ, сэвхийгээд л босоод ирнэ” гэх бодол хэдэн өдрийн турш ээрсэн юм. Өнөөх бодол бас л ээрсээр… Эмч яаралтай хагалгаа орчихлоо гарахаар нь 11:00 цагт орноо гэнэ. Бас нөхөр бид хоёрт эрсдэлээ цаасан дээр зурж байгаад дахиад л тайларлаж байна. “Шигдэлттэй эхэс төрүүлэлт. Маш эрсдэлтэй. Багадаа гурван литр, аягүйдвэл таван литр цус алдах магадлалтай. Таван литр цус алдвал бүх цус юүлж байна гэсэн үг. Энэ бол аминд эрсдэлтэй шүү. Ер нь гурван литр байсан ч аминд эрсдэлтэй гэдгийг ойлгоорой” гэлээ. Би ч “Яах вэ эмчээ, охиноо төрүүлээд авчихвал болоо. Зүгээрээ би чинь хөөрхөн хүүхэн юм чинь яах ч үгүй босоод л ирнэ” гээд инээж байлаа. Гэхдээ сэтгэлд минь өчүүхэн ч айдас байгаагүй. Охиноо хөхүүлээд сууж байгаагаар л өөрийгөө харж, төсөөлж байв. Түүндээ мэдээж баясаад л… Онгироод л… Одонгийн найраа хэрхэн хийх вэ гээд төсөөлж, мөрөөдөж байлаа.

 

ИЖИЙДЭЭ ИРСЭН ЭРДЭНЭ

 

Хагалгааны өрөө рүү явна, бэлэн үү гээд эмч өрөөгөөр ороод гарлаа. Цаг 11:00 өнгөрч байна. Ингээд хагас мэдээ алдуулалт хийж төрөх явц эхэлсэн хэрэг. 13:20-д 2.5 кг охинтой боллоо. Охиныг минь ахлах зэргийн эх баригч Б.Өлзийдэлгэр эмч авсан юм. Хүйгээ хоёр ороосон байна хэмээн эмч хэлэв. “Үр минь үр минь. Би үнсье. Эвий минь, ээждээ ирсэн эрдэнэ минь” гээд үнэрлэх үед аньсага чийгтээд, хоолой минь сааралтаж байв. Үгүй мөн сонин юм шүү, баярлаж байгаа ухаантай юм байхдаа, уйлах нь ээ гэж бодон өөрийгөө шоолж байлаа. Орчлонд ирснээ зарлан тэнхээ мэдэн уйлах охиныг минь өлгийдөх зуураа Өлзий эмч “Царайлаг юмаа” гэж байнаа. Би ч “Тэгэлгүй дээ, ээж нь царайлаг юм чинь” гээд инээлээ. Эмч охиныг тэврээд гарлаа. Гэхдээ царай нь нэг л таагүй, айсан мэт санагдав. Энэ зуур Б.Батхишиг эмч урологи дуудаарай, бүтэн унтуулаарай гэж байгаа нь сонстов.

Хагалгаа санаснаас тун хүнд болжээ. Урд хожид байгаагүй тохиолдол байсныг хожим Хишгээ эмч хэлсэн юм. Хэвлий нээх үеэс хүндрэл эхэлсэн аж. Цус олгойдон яах, ийхийн зуургүй л таван литр цус юүлэгдсэн гэдэг. Эмч “Ядаж охиныг нь аваад үлдэх хэрэгтэй. Саранбумба эмчид өгөөрэй” гэж захисан юм билээ. Таван цаг гаран хагалгааны орон дээр нам унтаж байгаа надад ээж минь харагдаж, би араас нь элдэж байсан нь тэр. Харин Б.Батхишиг, Ж.Отгонбаатар эмч нар маань амийг минь аврахын тулд үг хэлэх ч сөгөөгүй бүхий л хүчээ дайчлан, үхэлтэй тэмцэн байж амийг минь аварсан юм. Амсхийх чөлөөгүй таван цаг зогссон эмч нарын маань сэтгэл тун тавгүй байжээ. Бурханы дутууг гүйцээж амийг минь аварсан энгүй их ачтан Б.Батхишиг, Ж.Отгонбаатар эмчдээ талархал илэрхийлье.

Ээжийгээ муудаж, эргэж ирэхгүй ч байж мэдэх тэрхэн агшинд охин минь үхэл амьдралын заагт иржээ. Гэнэтхэн муудсан охины минь амийг Саранбумба эмч аварсан юм. Төрөнгүүтээ эхийнхээ хөхийг хөхөж чадалгүй глюкозоор хооллосон үр минь аппаратанд орсон байв. Сэхээнд зургаа хоноод энгийн тасагт шилжин охин дээрээ очтол аппаратаар амьсгалан, гуурсаар хооллож байгаа охин минь дэндүү жижигхэн харагдав. Цээж давчдан хоолой зангирсан ч сэтгэлийн хаттай байж охиноо тэврээд эмнэлгээс гарах ёстой хэмээн өөрийгөө зоригжуулсан юм. Хөхөө амлаагүй ч ээжийнхээ сүүг гуурсаар ууж байгаа охин минь өдөр өдрөөр өнгө засч байлаа. “Эмчээ, би охиноо амлуулчихья” гэж гуйх бүрт “Охин чинь өөрөө амьсгалж чадахгүй учраас хөхүүлэх боломжгүй” гэдэг байв. Орох тоолондоо л элдвийг шалгаадаг надад сувилагч Мөнгөнчимэг “Анх хүүхэд чинь ямар байсныг чи огт хараагүй. Харин нөхөр чинь харсан. Дөрвөн цагийн турш борви бохисхийлгүй охины чинь амийг аврахаар зүтгэж байхыг харсан бол чамаас юм үлдэхгүй нь ээ” хэмээн хэлэх зэмлэхийн завсар ярив. Үнэхээр тэр үеийг нь харсан бол тэсэхүйеэ бэрх байсныг хань минь хэллээ…

Үрийн минь ам өмөлзөөд хөхөө хөхчих л юм шиг л санагдана. Эмч даанч зөвшөөрөхгүй… Ингэсээр яг 15 хоногийн дараа охиноо амлуулсан юм… Ээж, охин хоёрыг үхлийн савраас цагаан нөмрөгт эмч нар булааж чадсан юм. Төрөхийн хүндрэлийг даваад гарсан нь ур чадвартай Б.Батхишиг, Ж.Отгонбаатар, Саранбума эмчийн ач. Монголын үрс маш олон болтугай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.12.2  ДАВАА  №238  (6205)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ