Ч.Болдбаатар: Г.Чагдаржав ноёныг тулгар төр байгуулах хэрэгт үнэн санаагаар чармайн зүтгэсэн гэж үнэлдэг

2019-11-29

С.УЯНГА

Монголын үндэсний хувьсгалын удирдагчдын нэг, Түшээт засаг, хошой чин ван, Монгол Улсын Сангийн яамны анхны сайд Гадинбалын  Чагдаржавын мэндэлсний 150 жилийн ой энэ жил тохиож байна. Түүний намтар, үйлсийнх нь талаар МУБИС-ийн Түүхийн тэнхимийн багш доктор, дэд профессор Чунтын Болдбаатартай ярилцлаа.

 

-Г.Чагдаржав ноёныг Монгол Улсын сэргэн мандалтын эхлэлийг тавилцсан, үндэсний эрх чөлөөний хувьсгалыг зорилго нэгт нөхдийн хамтаар эхлүүлж амжилтад хүргэж, эх орноо Манжийн эрхшээлээс ангижруулах үйлсэд хичээнгүйлэн зүтгэсэн гэж түүхнээ тэмдэглэсэн байдаг. Монгол Улсыг байгуулахад түүний оролцоо ямар байсан бэ?

-Гадинбалын Чагдаржав бол Манж Чин улсаас салж улс гэрээ сэргээн мандуулах үйл хэргийг сэдэж, хичээнгүйлэн зүтгэсэн Монгол төрийн зүтгэлтэн хүн. Үндэсний хувьсгалын үйл хэрэгт Халхын Түшээт хан аймгийн эрх баригчид, тус аймгийн чуулган дарга Чагдаржав, аймгийн жанжин Ханддорж ван нар голлох үүрэгтэй оролцсон.

Түүхэн  баримтаас харахад 1911 оноос Түшээт хан аймгийн эрх баригчдын санаачилга, зүтгэлээр Халхын олон аймаг, шавийн ноёд, мяндагтан лам нар Хүрээний газар цуглан чуулж Шинэ засгийн бодлогыг хэрхэх асуудлыг зөвлөн хэлэлцэж эхэлсэн байдаг. Улмаар Манж улсаас салж туурга тусгаар улс гэрээ мандуулах хэргээр тусгай төлөөлөгчдийг Хаант Орос улсад зарж тусламж гуйхаар шийдвэрлэсэн. Тухайн үед хашиж байсан ажил алба, нэр нөлөө, улс үндэс язгуураа гэх сэтгэл нь түүнийг Монгол Улсыг сэргээн мандуулах, товхинуулах үйл хэрэгт түүчээ болоход хүргэсэн болов уу. Монголын төлөөлөгчид Орос руу одсоны дараагаар Хүрээний манж амбан Сандо түүнийг дээрх хэрэгт сэрдэн байцаахад тэрбээр “Манж улсын дотоодод самуун намын хувьсгал дэгдэж, улс төр түгшүүртэй болсон тул манайх нэлээд цэрэг бэлтгэсэн. Сайд та бидэнд цэрэг, зэвсгийн зүйлийг өгнө үү” гэх зэргээр сөргөн зүтгэж явсан байдаг.

1911 оны арваннэгдүгээр сарын 30-д Халхын Хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газрыг Халхын Түшээт хан аймгийн чуулган дарга Чагдаржав, жанжин чин ван Ханддорж, Хүрээний да лам Цэрэнчимэд, Сэцэн хан аймгийн чуулган дарга жүн ван Гомбосүрэн, мөн аймгийн жанжин бэйс Гомбосүрэн, Сайн ноён аймгийн Цэдэнсодном ван, Түшээт ханы аймгийн улсад туслагч гүн Намсрай нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Энэ байгууллагыг доктор О.Батсайхан цагаагчин гахай жилийн зун нь Богд уулнаа болсон ноёдын нууц зөвлөлгөөний үеэр үндсэндээ байгуулагдсан гэж үзсэн байдаг. Ямартай ч Түр Засгийн газрын шинжтэй энэ байгууллага нь Монголын тусгаар тогтнолыг сэргээн мандуулах их үйл хэргийг хангах, зохион байгуулах үүрэг хүлээж байсан юм. Үүнд Чагдаржав тэргүүлэх байр суурьтай байсан нь үнэн. Тиймээс Чагдаржавыг үндэсний хувьсгалын удирдагчдын нэг гэж үнэлж дүгнээд байгаа хэрэг л дээ.

-Түүнийг Монголын төр нийгмийн хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж байсан гэлцдэг. Үүний тод жишээ нь юу байв?

-Богд хааны хишиг тархаах зарлигт Чагдаржав ноёныг тулгар төр байгуулах хэрэгт үнэн санаагаар чармайн зүтгэсэн гэж үнэлсэн байдаг. “Үнэн санаагаар чармайн зүтгэсэн” гэж тодотгосон нь үнэхээр оносон гэж боддог. Хааны зарлигаар Чагдаржавт үе улиран Түшээт цол, засаг төрийн жүн вангийн хэргэм хүртээж, шадар сайд, Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч  яамны тэргүүн сайдаар тохоон томилсон. Сангийн яамны дэд сайдад Сэцэн ханы Бишрэлт засаг Доржцэрэн, Засагт ханы Сартуул сэцэн засаг Жалчингомбоцэдэн нарыг томилсон. Ер нь Монгол Улсын сэргэн мандалтын эхэн үеийн санхүү эдийн засгийн байдлыг З.Лонжид, Ж.Урангуа багш нэлээд нухацтай судалсан. Эхлээд тухайн үеийн нөхцөл байдал ямаршуу байсныг ойлгох хэрэгтэй. Өөрийн мөнгөн тэмдэгт, банк, санхүүгийн байгууллага гэж байхгүй, татварын нэгдсэн тогтолцоо бүрдээгүй ийм хүнд хэцүү нөхцөлд улсын санхүүгийн эх үүсвэрийг бий болгоно гэдэг амаргүй ажил. Энэ ажил Сангийн яамнаа ногдож байсан. Улсын орлогын гол хэсэг гаалийн хураамжаас бүрдэж байсан. Тиймээс 1912 онд Сангийн яамны гаалийн хэлтсийг өргөтгөн Гаалийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамыг байгуулж, Хиагт, Улиастай, Ховдод салбар хороо нээн ажиллуулсан нь орлогоо нэмэгдүүлэхийг зорьж авсан арга хэмжээ гэж ойлгож болно. Харин 1912 оны Монгол Оросын хэлэлцээрийн дагуу Оросын худалдаачид манайд гааль төлөхгүй, худалдаа эрхлэх эрхтэй байсан. Засгийн газар Монголтой хийсэн хуучин гэрээг шинэчилж, жилд алт олборлолтын хоёр хувийн шимтгэл авдаг байсныг өөрчилж сар бүр олборлосон алтны 16.5 хувь, түүнтэй тэнцэхүйц рублийн шимтгэл авах болсон нь том амжилт байсан юм шүү.

-Энэ үеэс ард иргэдээс татвар авч эхэлсэн үү. Авсан татвараа хэрхэн зарцуулж байсан юм бол. Тухайн үеийн Сангийн яамны үйл ажиллагаа ямар байсан бол гээд сонирхол татаж байна л даа?

-Энэ үед цэрэг, өртөө зэрэг улсын алба, засаг ноёдод залгуулах хийгээд сүм хийдэд өргөх элдэв алба, хятад худалдаачдад төлөх өр төлбөрийг ард олноос татварлан авч байсан. 1913 онд шинэ журмаар улсын төсвийн зардлыг тогтоож, Халх дөрвөн аймгаас татварлан авахаар хуваарилсан боловч элдэв гачигдал тоочих, тэгш бус зэргээр шалтаглан аль ч аймаг нь ногдсон мөнгөө гүйцээн гаргаагүй байдаг. Албан татвар ногдуулахдаа малын тоо толгойг харгалзахгүй оноож тэгш шударгагүйд хүрсэн тул хүн ам, малын тооллого явуулах шаардлагатай тулгарч 1913 онд Халхын дөрвөн аймгийн олон хошууны хүн малыг тоолсон. Нийт өрхийн 30 орчим хувь нь малаа дарж тоолуулсан гэсэн дүн байдаг. Улсын албын гол цөмийг Халхын дөрвөн аймаг нугалж байсан, харин Дөрвөд, Өвөр Монгол, Баргын дагаар орсон олон хошууд, иргэдээс ямар ч татвар авдаггүй байсан юм шүү. Өрийн хувьд гэхэд Оросын худалдааны экспедицийн тооцоолсноор Хятадын пүүсүүдэд 10 сая рубль өртэй байсан гэдэг. Засгийн газар Хятадын банкнаас зээл авахаар хэдэнтээ оролдсон ч чадаагүй, тиймээс Хаант Оросын талд хандаж мөнгөн зээл хүссэн байдаг. 1913-1914 онд Оросоос гурван удаа, 100 мянган рублийг 10 жил, хоёр сая рублийг 20 жил, гурван сая рублийг 30 жилийн хугацаатайгаар тус тус зээлсэн. Ийм хүнд нөхцөлд Чагдаржав Сангийн яамыг толгойлон ажиллаж байсан хүн. Тэрбээр 1911-1915 онд Сангийн яамыг толгойлохын сацуу өөр бусад хэрэгт зарагдан ажилласан байдаг. 1913 оноос “Таван замын байлдаан”-д, 1914 оноос Хиагтын гурван этгээдийн хэлэлцээрт оролцсон. Богд хаантан түүнд итгэдэг, ихээхэн талтай ханддаг байсан тул төрийн энэ мэт хүнд бэрх тулгам хэрэгт эн тэргүүнд Чагдаржавыг зарж байж. Энэ бол түүний эрдэм чадал, нэр нөлөө, зангараг хэр том байсныг харуулах баримт гэж хэлж болно.

-Та таван замын байлдаанд Чагдаржав сайдыг оролцож явсан талаар дурдлаа. Энд чухам ямар үүрэг оролцоотой байсан юм бэ?

-Монголын Засгийн газар Хятадын гараас өвөр монголчуудыг чөлөөлөх, дагаар орсон монголчуудын аюулгүй байдлыг сахин хамгаалах, хязгаар нутгаа батлан хамгаалах зорилгоор 1913 онд Чуулалт хаалга, Долон нуур, Хөх хот, Бугат гацаа, Бат хаалганы чиглэлд таван замаар цэрэг хөдөлгөсөн. Таван замын байлдаан гэж нэрлэдэг энэ үйл хэрэгт Чагдаржав ноён хүчин зүтгэж, баруун өмнө хязгаарын цэргийн хэргийг бүгд захирч, олон монголчуудыг илбэн тохинуулах сайдын тушаал хүлээж явсан байдаг.

Чагдаржавын намтар, үйл ажиллагааг анх удаа дагнан судалсан эрдэмтэн бол академич С.Чулуун. Тэрбээр хэд хэдэн сонирхолтой санаа дэвшүүлсэн. Нэгд, Оросоос авсан зээлийн нэлээд хэсгийг “Таван замын байлдаан”-д зарцуулсан нь Сангийн яамны сайдын хувьд ерөнхийлөн захирагч байхаас өөр аргагүй байсан. Хоёрт, их цэргийн агт, уналга, цалин хэрэглэл гээд ар талын хангалтыг зохион байгуулах гол үүрэг түүнд ногдож байсан. Гуравт, түүний захирч байсан Түшээт засгийн хошуу Өвөр Монголын хошуудтай хил залгаа тул цэрэг татах, цэргийн хангалт, ард олны дэмжлэг авахын тулд түүнийг эл хэрэгт зарахаас өөр аргагүйд хүрсэн гэж үзсэн байдаг. Энэ хэрэгт Чагдаржав ноён мөн л үнэн сэтгэлээр чармайн зүтгэж Богд хааны зарлигаар чин вангийн хэргэм шагнуулсан байдаг. Ямартай ч таван яамны тэргүүн сайд нараас Чагдаржав ганцаараа энэ үйл хэрэгт биеэр оролцсон, төрийн цэргийн хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулсан түүхэн зүтгэлтэн байсан гэдэг нь тодорхой.

-Их олон талтай хүн байсан бололтой юм. Хиагтын гурван улсын гэрээнд мөн оролцсон биз дээ?

-Тийм ээ. Чагдаржав сайд 1914-1915 онд Хиагтын гурван этгээдийн хэлэлцээрт Монгол Улсын бүрэн эрх барих сайдаар оролцож гарын үсэг зурсан. Тэгээд ч Богд хаантан түүний гавьяа зүтгэлийг сайшаан тэмдэглэж, үе улиран засаг, хошой чин вангийн хэргэм шагнал хүртээсэн. Хэлэлцээрт манай төлөөлөгчдөөс өөрсдийн бат баримтлах гол чиг шугамаа зургаан зүйлт мэдэгдэл болгон гаргасан. Тухайлбал, Монгол Улсын нэр, хааны цол, оны цолыг хэвээр батлахыг шаардаж, “Энэхүү гол утгыг шилжүүлэн хөдөлгөж хэрхэвч чадахгүй” гэх зэргээр мэдэгдэж байв. Хятадын төлөөлөгч Чэн Лү-гийн дурссанаар “… Гадаад Монгол нь тусгаар тогтноогүй гэдгээ зарлах, Жавзандамба хутагтын хаан цолыг цуцлах, олноо өргөгдсөн он тооллоо цуцалж, ДИУ-ын он тооллыг хэрэглэхийг шаардахад Гадаад Монголын төлөөлөгчид он тоолол, хаан цолыг цуцлах тухайд хэлэлцэх боломжгүй, эхлээд Гадаад Монголын автономит эрхийн тухай хэлэлцэе гэснийг талууд зөвшөөрсөнгүй, хурал тарлаа” гэсэн байдаг. Үнэхээр хэлэлцээр хурц ширүүн өрнөж, заримдаа тасалдах зэргээр 1914 оны есдүгээр сараас 1915 оны зургадугаар сар хүртэл 10 сар үргэлжилсэн. Энэ хэлэлцээр бол Чагдаржавын дипломат ур чадварыг шалгасан томоохон сорилт байсан. Чагдаржав ноён бол яриа байхгүй шинэ Монгол Улсын гадаад харилцааны түүхийг бичилцсэн түүхт хүн шүү.

-Чагдаржав дээрх үйл ажиллагаанд оролцоод удаагүй өөд болсон тухай тэмдэглэсэн байна. Өвчний улмаас гэдэг нь үнэн үү. Намнансүрэн, Ханддорж нарын адил бусдад хорлогдсон байж болзошгүй гэх хардлага бас байдаг юм билээ?

-1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараагаар Монголын нөлөө бүхий эрхмүүд зуурдаар нас барж эхэлсэн. Түшээт хан аймгийн чуулган дэд дарга Түшээт хан Дашням, Засагт хан аймгийн чуулган дарга Засагт хан Содномравдан, Цэргийн яамны тэргүүн сайд, Эрдэнэ далай ван Гомбосүрэн, Дотоод яамны тэргүүн сайд, Чин сүжигт да лам Цэрэнчимэд, Бүгд Ерөнхийлөн шийтгэх яамны дэд сайд Бинт ван Гончигсүрэн, Гадаад яамны тэргүүн сайд Эрдэнэ дайчин хошой чин ван Ханддорж, бас Түшээт чин ван Чагдаржав… Эдгээр хүмүүс идэр залуугаараа өөд болсон учраас ийм хардлага сэрдлэг гарсан байх. Хуучин манай түүх бичлэгт энэ бүх хэрэг явдлыг Богд хаанд тохдог байсан шүү дээ. Магадгүй Богдын шадар бараа бологсдоос эдгээр сайд ноёдыг хорлоход ямар нэг хэмжээгээр оролцсон байхыг үгүйсгэхгүй, гэхдээ гадаад хүчин зүйлийг сайтар бодолцох ёстой. Эдгээр ихэс ноёд байхгүй болох нь хэнд хэрэгтэй байсан бэ гэдэг өнцгөөс харж нягталж шалгах нь зөв болов уу. Чагдаржав сайдын хувьд Хиагтын хэлэлцээрт оролцоод ирсний дараахан өөд болсон. Сангийн яамнаас Богд хаантанд өргөсөн нугалбар бичигт харьяат засаг сайд, Түшээт засаг хошой чин ван Чагдаржавын өвчнийг шаардан засуулсан боловч илаар болж чадсангүй улам хүндэдсээр энэ долоон сарын 16-ны хулгана цагт нэгэнт наснаас нөгцөв.. Бидний улсад тулгар төр байгуулсан цагаас улс төрийн хэрэгт үнэнээр зүтгэсэн гавьяа бүхий сайд бөгөөд ийнхүү наснаас нөхцсөн нь үнэхээрийн хайран.. Богд эзэн гэгээнээр толилж сурган заах ажааму” гэсэн байдаг. Албан баримтад эдгээр сайд ноёдыг их төлөв өвчнөөр өөд болов гэж бичсэн байдаг. Гэвч Монголын сайд ноёд цэл залуугаараа бөөнөөрөө гэнэт үгүй болж байгаа нь ямар ч хүнд сэжигтэй санагдах нь зүй ёсны асуудал.

-Түүнийг төрсөн нутагт нь оршуулсан гэдэг. Ер нь Говь Түшээт засгийн хошуу ямар онцлогтой нутаг вэ. Түүний удам угсааны талаар тодорхой зүйл бий юү?

-Тийм ээ. Чагдаржав сайд боржигод овогт, хиад ястай Чингис хааны угсааны сурвалжит язгууртан. Түшээт хан аймгийн Түшээт засгийн хошууны засаг ноён. Түшээт засгийн хошуу бол тухайн үедээ Түшээт хан аймгийн хамгийн том хошууны нэг байсан юм. Хошууны нутаг дэвсгэр нь одоогийн Дундговь аймгийн баруун бие буюу Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Өлзийт, Дэлгэрхангай, Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Цогт-Овоо, Ханхонгор, Даланзадгад, Цогтцэций, Номгон, Баян-Овоо сумын нутгийг хамарч байсан байдаг. 1918 оны тооллогоос харахад хүн ам хөрөнгийн хувьд Эрдэнэ дайчин хошой чин ван Ханддоржийн хошууны дараа орж байж. Эндээс нэг сонин зүйл ажиглагдана. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын үйл хэргийг эхлүүлсэн Ханддорж ван, Чагдаржав ван хоёул Түшээт хан аймгийн хамгийн олон хүн ам, хөрөнгө бүхий хошууны засаг ноёд, тухайн үед Түшээт хан аймгийн чуулган дарга, жанжны албыг хашиж байсан байдаг юм.

-Удам угсааны хувьд жаахан тодруулахгүй юу. Ноёд угсааны хүн гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг шүү дээ?

-Удмын хувьд Чагдаржав ноён хоёр хөвүүн, гурван охинтой хүн байсан бололтой байгаа юм. Үр ач нарынх талаар нарийн сайн мэдэхгүй. Ойн арга хэмжээний үеэр үр ач нараас ирцгээх биз. Та бүхэн ярилцаж тодорхой болгож болох байх. Ямартай ч засаг ноёны тамганы хайрцаг орон нутагт нь хувь хүнд байгаа сураг бий. Чагдаржав ноёныг бага хөвүүн Лхамсүрэн залгасан. Түүний тухай Монгол Улсын шастирт дурдсан байгаа, сонирхоод үзэж болно. Харин ардын засгийн жилүүдэд хэрхсэн тухай тодорхой тоймтой зүйлгүй гараагүй шахам. ТЕГ-ын тусгай архивын эрдэм шинжилгээний ажилтан докторант Н.Батболд Монголын сүүлчийн засаг ноёдын талаар эрдмийн зэрэг горилсон бүтээл бичсэн. Түүний судалгаанд Лхамсүрэн ноёны талаар бага сага зүйл тэмдэглэгдсэн байгаа юм. Тухайлбал, 1928 оноос ДХГ-аас хуучин засаг ноёдыг нууцаар хянаж байх тушаал заавар гаргаж засаг ноёдыг ажиглаж байсан байдаг юм. Хориод оны сүүлчээр Ч.Лхамсүрэн ноёнынх 200 гаруй бог, 160-аад бодтой, хошууны Ар Хашаат хэмээх газраа шавар байшинтай байсан гэж архивын данс хараанд бүртгэгдсэн байна. Түүнийг эх орноосоо оргон зайлах гэх хэргээр баривчилж хэлмэгдүүлсэн бололтой байгаа юм.

-Энэ эрхэм хүний талаар түүхэн сурвалж, судалгааны баримт бичиг, номонд хэрхэн тэмдэглэсэн байдаг бол?

-Нэгэн цаг үед амьдарч байсан хүмүүсийн бичиж үлдээсэн дурдсан зүйлс мэр сэр байна. Тэдгээрийг харах юм бол Чагдаржав ноён хэдийгээр сурвалжит язгууртан боловч энгийн аж төрдөг, олон зангүй, шударгуу нэгэн байсан мэт сэтгэгдэл төрдөг. Тухайн үед Хүрээнд ирж байсан Оросын бүрэн эрх барих сайд И.Я.Коростовец Чагдаржав ноёныг “Сангийн сайд Түшээт ван бол бүр сэтгэл татам, өндөр нуруутай, нүүрэндээ сорвитой, тийм ч гоё биш монгол… Түшээт ван бол маш үнэнч, туйлбартай” гэх зэргээр тодорхойлсон байдаг.

Харин Галсангийн Навааннамжил абугай түүнийг “Монгол бичигтэй. Хашир томоо бүхий ард олонд зөөлөн зантай боловч хүний хойно орж сурсан, элдэв хэрэгт эрс шийдвэргүй, хэн юу л гэвэл за гэж явдаг хүн болохын дээр улс төрийн бодлогоор бага, хувиа сахина” гэж Өвгөн бичээчийн үгүүлэлдээ тэмдэглэжээ.

Монгол Улсын шинэ түүх бүтээл туурвисан, ардын засгийн жилүүдэд Шүүх яамны тэргүүн сайдаар ажиллаж байсан Магсаржав хурц “Тэр үеийн журмыг үүсгэсэн жанжин чин ван Ханддорж, Түшээт ван Чагдаржав” гэж дурдсан байдаг. Энэ бол 1911 оны хувьсгалын их үйл хэргийг сэдэж санаачилсан хоёр эрхмийг нэр заасан хэрэг шүү дээ.

-Ярилцсан танд баярлалаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.11.29  БААСАН  №237  (6204)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ