Хүүхдийн эмч нар Сиднейн их сургуулийн мэдлэг туршлагаас хуваалцав

2019-11-25

Б.ЭНХТУУЛ

Монгол Улсын хүн амын талаас илүү хувийг хүүхэд залуучууд эзэлдэг.  Сүүлийн жилүүдэд хотжилт, хүн амын нягтаршилтай холбоотойгоор хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчин, харшил, бөөр, шээсний замын өвчлөл, дотоод шүүрэл, шүдний эмгэг, төрөлхийн гажиг хөгжил, нэмэгдсээр байна. Тиймээс хот, хөдөөд ажиллаж буй хүүхдийн эмч нарын мэргэжил мэдлэгийг нь дээшлүүлэх зорилгоор АШУҮИС-ийн Хүүхдийн тэнхим өнгөрсөн амралтын өдрүүдэд нэгэн чухал сургалтыг зохион байгуулсан юм. Уг сургалтад нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч нарын төлөөлөл болсон 100 орчим хүн хүрэлцэн ирсэн байна. Аливаа улс орны эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт хүн амын эрүүл мэндийн түвшнийг илтгэдэг учраас хүүхдийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнийг гадаад, дотоодын сургалтад хамруулах зэрэгт Засгийн газар, Эрүүл мэндийн яам, АШУҮИС-ийн зүгээс онцгой анхаарч ажиллаж байгаа билээ.  Энэ хүрээнд зохион байгуулж буй томоохон ажлын нэг нь хүүхдийн эмч нарын мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн энэхүү сургалт семинар юм. Сургалтын гол онцлог нь Австралийн Сидней их сургуулийн хүүхдийн эмч нарын мэргэжил дээшлүүлэх жилийн сургалтад хамрагдаж буй багш нар энэ удаа чиглүүлэгч багш нарынхаа хамтаар, хүүхдийн эмчилгээнд шинээр нэвтэрч буй анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн ололт амжилт, мэдлэг мэдээллийг  бусад эмч нартайгаа хуваалцаж, тодорхой кэйс, судалгаан дээр суурилан хэлэлцэж буй аж. Ингэснээр хүүхэд багачууд дунд зонхилон тохиолдож буй өвчлөлд дүн шинжилгээ хийж, орчин үеийн анагаах ухааны мэдлэг, мэдээллийг олж авах, мэргэжлээ дээшлүүлэх зорилготой юм байна. Нөгөөтэйгүүр монгол хүүхдийн өвчлөлийн дотор удамшлын гаралтай эмгэг, хоол боловсруулах эрхтний эмгэг байнга дээгүүр байр эзэлдэг. Тиймээс АШУҮИС-ийн Хүүхдийн тэнхимын багш анагаах ухааны доктор, профессор Р.Отгонбаяр, Г.Эрдэнэтуяа нар хамтран Монголын хүүхдийн эмч нарыг Австралийн Сидней их сургуулийн мэргэжил дээшлүүлэх жилийн сургалтад хямд үнээр хамрагдах боломжийг олгожээ. Энэ сургалтад хамрагдсан эмч нар долоо хоногт хоёр удаа онлайн сургалтад хамрагдаж, Австралийн Сидней их сургуулийн цахим хичээлүүдийг үздэг аж. Энэ сургалтыг төгсөж гарснаар Сидней их сургуулийг төгссөн хүүхдийн эмч нараас дутахааргүй мэдлэг мэдээлэлтэй болох аж. Дээрээс нь онлайн сургалтын хугацаа богино, үнэ хямд гээд монгол эмч нарт олон боломжийг олгож байгаа юм байна. Тухайлбал, Австралийн Сидней их сургуулийн тавьж буй шаардлагаар найман сарын хугацаанд хичээлээ нэлээд шахуу орох аж. Төлбөрийн хувьд, энэ сургалт нь  Австралидаа 6500 доллар бол монгол эмч нар 550 австрали доллар буюу долларын ханшаар 400 орчим ам.доллар төлөөд сурах боломжийг бүрдүүлжээ. Мөн Монгол Улсаас өөр газар суралцаж буй монгол оюутан энэ сургалтад хамрагдахыг хүсвэл тухайн газрын ханшаар суралцах ёстой. Шалгалтын хувьд маш өндөр шаардлагатай. Хэрэв шалгалтандаа тэнцэж чадахгүй бол нэг удаагийн боломж олгоод, шаардлага хангахгүй суралцагчдад сертификат олгохгүй байх гэх мэт шаардлага өндөр тавьдаг аж. Тиймээс хүн болгон хариуцлагатай суралцахыг хичээдэг гэдгийг хүүхдийн эмч нар хэлж байв. Мөн хүүхдийн эмч нарын мэргэжил дээшлүүлэх дараагийн сургалтад хамрагдахыг хүсвэл хот, хөдөөгийн эмч нар АШУҮИС-ийн Хүүхдийн тэнхимд хандаарай гэдгийг албаныхан хэлсэн. Энэ үеэр холбогдох албаны хүмүүсээс зарим мэдээллийг тодруулсан юм.

 

Хүүхдийн эмчилгээнд нэвтэрсэн ололт, амжилтуудыг хэлэлцэж байна

АШУҮИС-ийн нэгдсэн эмнэлгийн захирал, анагаах ухааны доктор, профессор Р.Отгонбаяр:

-Энэ сургалтыг өнгөрсөн жилээс хүүхдийн эмч нарын дунд зохион байгуулж эхэлсэн. Уг арга хэмжээнд нийслэлийн болон аймаг орон нутгийн хүүхдийн эмч нар хамрагдаж, хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг олж авдаг. Сургалтын гол зорилго нь  бид Австралийн Сидней их сургуулийн хүүхдийн эмч нарын мэргэжил дээшлүүлэх жилийн сургалтын программаар мэдлэг мэдээллийг олгож байгаа нь чухал ач холбогдолтой юм. Манай эмч нарт Австралид очиж суралцах боломж хомсхон байдаг. Тиймээс энэ зайны сургалтад хямд үнээр хамрагдах боломжийг олгож, энэ сургалтад хамрагдаж буй эмч нарыг урьж мэдлэг мэдээллээ хуваалцаж, лекц уншдаг юм. Энэ сургалтыг анагаах ухааны доктор, профессор Г.Эрдэнэтуяа болон миний бие хамтран Монгол Улсдаа 2-3 дахь жилдээ зохион байгуулж байна. Бид цаашид энэ сургалтыг жил бүр тогтмол явуулах зорилготой байна.

 

Хүүхдийн удамшлын гаралтай эмгэгүүдийн талаарх мэдлэгийг олгож байна

АШУҮИС-ийн Хүүхдийн тэнхимийн багш, анагаах ухааны доктор, профессор Г.Эрдэнэтуяа:

-Хүүхдийн анагаахыг дэлхийн түвшинд хүргэж тусламж үйлчилгээ үзүүлэх, тэр түвшинд хүрсэн эмч мэргэжилтэнг бэлтгэх, тэр түвшний судалгаа шинжилгээг хийхэд энэ сургалт маш өндөр ач холбогдолтой. Энэ сургалтад Баян-Өлгий, Хэнтий аймаг, Эрдэнэт, Дархан хотоос гээд олон аймаг, сумдаас 100 орчим хүн хүрэлцэн ирсэн байна. Уг сургалтад сууснаар хүүхдийн эмч нар олон улсын түвшинд хүрсэн хүүхдийн анагаахын тусламж үзүүлэхэд ямар мэдлэг хэрэгтэй  вэ гэдгийг хамгийн түрүүнд мэдэх боломжтой. Энэ удаа бид хүүхдийн дотоод шүүрлийн эмгэг, бодисын солилцоо, удамшлын гаралтай эмгэгүүд гэсэн чиглэлээр сургалтаа явуулж байна. Монгол Улс хүн ам цөөтэй ч хүүхэд олонтой. 0-18 хүртэл насны хүн амын дотор өвчлөл өндөртэй байдаг. Тухайлбал, бамбай булчирхайн төрөлхийн дутагдал 4000-д нэг байдаг бол манайд 2000-д нэг тохиолдол бүртгэгддэг. Хүйс хоёрчлогдох, бөөрний дээд булчирхайн төрөлхийн үйлийн хямрал гээд удамшил, бодисын солилцоо, дотоод шүүрлийн эмгэгийг аль алиныг нь хамруулсан эмгэг дэлхий нийтэд 7000-17000-д нэг байдаг бол манайд маш өндөр давтамжтай, 3500-д нэг байх жишээтэй. Тиймээс эдгээр эмгэгүүдийг эрт илрүүлэхын тулд энэ сургалтаар олж авсан мэдлэгээ ашиглах боломжтой. Зайны сургалтад хамрагдаж буй хүүхдийн эмч нар өнөөдөр энэ мэдлэгээ бусадтайгаа хуваалцаж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.11.25  Даваа  №234, 235  (6201, 6202)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ