“Монголын нууц товчоо”-улс төрийн сургаалийн эртний дурсгалт бичиг мөн

2019-11-25

Д.УЛАМБАЯР

ХИС-ийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал доктор, профессор

 

Монгол Улсын Ерөнхийлөгч ХҮII жарны “Наран гэтэлгэгч” хэмээх хөх Модон бичин жилийн босгон дээр Монголын ард түмний оюуны хосгүй бүтээл болох “Монголын нууц товчоо”-г төрийн ордонд болон айл болгон хоймортоо сүсэглэн дээдлэж, шүтэн өргөмжлөх зарлиг буулгасан нь туйлын бэлэг дэмбэрэлтэй үйл болсон билээ.

Бидний монголчууд улс төрийн сургаалийн түүхэнд өөрийн ул мөрийг гүн үлдээсэн Төв Азийн эртний сурвалжит ард түмний нэг мөн. Монголчуудын улс төрийн сэтгэлгээний түүх бол Төв Азийн газар нутаг дээр олон үеийн турш оршин амьдарч, бүтээн туурвиж ирсэн нүүдэлчин түмний эх түүхийн нэгэн чухал хэсэг даруй мөн бөгөөд энэ нь эсгий туургатны оюуны соёлын хөгжин боловсорч ирсэн түүх, уламжлал, залгамж холбоог эрхгүй илтгэн харуулдаг. Улс төрийн сэтгэлгээ нийгмийн ахуйд нийгмийн ухамсрын харилцах тодорхой харилцааны илрэл, байгаль, нийгэм дэх объектив бодит байдлын тусгал, уг ард түмний бодит ёсоор нөхцөлдөж түүхэн ёсоор хөгжиж ирсэн ухамсар юм. Улс төрийн сургаалийн түүхийг судлах шинжлэх ухааны аргазүйн эн тэргүүний шаардлага бол уг сургааль нийгэм-эдийн засгийн харилцааны хөгжлөөс үүсэн гарч яваандаа түүнтэйгээ дам холбоонд ордгийг байнга харгалзан үзэх явдал билээ. Улс төрийн шинжлэх ухаан нийгмийн олон янз үзэл санаа, түүний дотор улс төрийн үзлийн материаллаг үндсийг нээхийн хамт улс төрийн сэтгэлгээ нь эргээд эдийн засгийн суурьт нөлөөлж улмаар харьцангуй биеэ даан хөгждөг болохыг онцлон сургадаг. Улс төрийн сэтгэлгээний хөгжил материаллаг болон анги, нийгмийн дам хэрэгцээгээр урьд үеийн мэдлэгийн өв сангаас төрөн гарч, цаашид өмнөх үеийнхний улс төрийн сэтгэлгээгээр боловсрогдсон үзэл, онол, сургааль дээр түшиглэн хөгждөг. Улс төрийн янз бүрийн үзэл онол тодорхой нэг нийгэм-эдийн засгийн байгууллын хүрээн дотор хөгжих агаад, нийгмийн байгууллын  нэг хэлбэршлээс илүү хөгжингүй дараагийн хэлбэршилд шилжих үед тэр үзэл байр сууриа алдана, эсхүл өөрийн гол агуулгаа өөрчилж, бодит байдалтай өөрөөр холбогдох болдог, ингэхлээрээ түүхэн өөр агуулгатай ч болж хөгждөг байна. Ийнхүү улс төрийн сургаалийн түүхэн шинж чанар нь гүн ухааныхаа өмнөх үзэлд түүхэн ёсоор тодорхой хандах хандлагаар илрэн гардаг ажгуу. Нийгмийн дэвшилд түлхэц өгсөн улс төрййн сэтгэлгээ нь аль нэг улс төрч, цэргийн зүтгэлтэн, эрдэмтэн, мэргэдийн бодол бус, харин тухайн түүхэн үеийн бодит хэрэгцээ, бодит байдлын тусгал болон гарч ирдэг жамтай нь тодорхой. Улс төрийн сургааль (өргөн утгаараа тухайн үеийн ертөнцийг үзэх үзлийн төвлөрсөн илрэл ч гэж хэлж болохоор) гүн ухааны үзэл санааг баяжуулж тус дөхөм үзүүлж байвал нийгмийн дэвшил хөгжилд аанай л дөхөм үзүүлж байгаа хэрэг мөн билээ. Иймээс нийгмийн ахуйг улс төр, философийн үүднээс танин мэдэх хэрэгт улс төрийн зүтгэлтэн, цэргийн гарамгай жанжин, эрдэмт мэргэдийн оруулсан хувь нэмрийг тайлбарлах нь нийгмийн хөгжилд сайхь сургааль, мөнөөх зүтгэлтэн, мэргэд чухам жинтэй ямар үүрэг гүйцэтгэснийг үнэлж дүгнэх гэсэн үг юм.

Эртний Монголчуудын түүх, улс төр, хууль цааз, уран зохиолын сурвалж бичгүүд дотроос бидний үед уламжлагдаж ирсэн үлэмж ач холбогдол бүхий бүтээл нь 1240 оны (хулгана жил) 7 дугаар сард (хуран) Хэрлэний Хөдөө арлын Долоон болдог, Шилхинцэг завсар хааны орд бууж байхад бичиж дуусгасан «Монголын нууц товчоо» мөн билээ. Түүнийг эртний Монголчуудын түүхэн уламжлал, гүн ухааны мэдлэг, улс төрийн сэтгэлгээний өндөр түвшинд боловсрон гарсан улс төрийн сургаалийн гайхамшигт дурсгал хэмээн үзвээс зохилтой. Оросын нэрт эрдэмтэн Б.Я.Владимирцов “Монголчуудын нийгмийн байгуулал” бүтээлийнхээ оршилд бичсэн нь: “Дундад. зууны үед нэг ч үндэстэн Монголчуудын адилаар түүхч нарын анхаарлыг татсангүй гэж хэлж болох ахул, бас Нууц товчооны адилаар жинхэнэ амьдралыг тодорхой дүрслэн үзүүлсэн дурсгалт бичгийг нэг ч нүүдэлчин үндэстэн үлдээсэнгүй гэдгийг тэмдэглэвэл зохино” гэжээ.

“Нууц товчоо” эртний Монгол орон дахь улс төрийн үйл явц, Монголчуудын гадаад, дотоод улс төрийн бодлого, улс төрийн сэтгэлгээг судлахад бодит иш үндэс бүхий баялаг мэдээллийг бидэнд өгч байна. Алтан ургийнхны нууц түүх “Нууц товчоо” хэмээхүй эл хосгүй бүтээл нь Монгол орон эртний ураг төрлийн байгууллаас феодалын нийгэмд дэвшин орж хаяа, хаяагаа дэрлэн оршсон тархай бутархай олон Монгол ханлиг, аймгууд нэгэн улс гэрт нэгдэн төвлөрч, Монгол угсаатан бүрэлдэн тогтож байсан түүхэн үеийн бүтээгдэхүүн ажээ. Тийм дээрээс ч академич агсан Ч.Жүгдэрийн тэмдэглэснээр сайхь бүтээлийн улс төрийн гол үзэл санаа, тархай бутархай олон Монгол аймгуудыг нэгтгэх ба Монголын нэгдсэн төр улсыг байгуулахын зайлшгүйн чухлыг улс төр, үзэл суртлын талаар зөвтгөн сайшааж, нэгэнт мөхөж сөнөхөд хүрсэн овгийн нийгмийн байгууллыг шинэ тутам мандаж байсан феодлын ёс ялан дийлэх жамтай гэсэн үзлийг тууштай баримталжээ. Үүгээрээ “Монголын Нууц товчоо” нь тухайн түүхэн үеийнхээ дэвшилт тэргүүний үзэл санааг илэрхийлж бүрэн чадсан ажээ.

Тухайн үеийн Монгол орны нийгмийн хөгжлийн түүхэн шаардлагаар дэвшигдэн гарсан улс төрийн тэргүүний үзэл санаа, нэгдсэн төр улсын дотоод, гадаад улс төрийн бодлогын амжилтыг нягглан судлах нь өнөө бидний үед ч ихээхэн учир холбогдолтой. Энд “Нууц товчоо”-г улс төрийн шинжлэх ухааны гол элемент улс төрийн бодлого, улс төрийн систем, улс төрийн эрх, хууль цааз, улс төрийн үйл явц, улс төрийн харилцаа, улс төрийн үзэл суртал, улс төрийн ухамсар, улс төрийн соёлын талаас нь судлах тухай хэлж байгаа хэрэг юм.

ХII-ХIII зууны Монголчуудын улс төрийн сэтгэлгээнд эзэн хаан, төрд үнэнч байхын гол эх сурвалж нь төр, улсын нэгдэл, эв эеийг эрхэмлэж улс, үндэсний аюулгүй байдлыг хадгалах, аль нэг ханлиг, аймгийн эрх ашгаас төр улсын эрх ашиг ямагт дээгүүрт байх үзэл санаа тэргүүн зэрэгт дэвшигдэн тавигдаж байсанд оршино. Өгүүлэн буй үеийн Монгол дахь улс төрийн үйл явцыг ажиглавал дотоод эв нэгдэл сүрхий суларч, хэрэг дээрээ энэ төр овог, аймгийн язгууртан ноёдоор толгойлуулсан хэдэн бүлэглэлд хуваагдаад хоорондоо тасралтгүй тэмцэлдэж байсан самуун цаг байв. Энэ тухай “Нууц товчоонд” зураглан өгүүлсэн нь:

“Одтой тэнгэр орчин

Олон улс байлдаж

Орондоо унтах завгуй

Олзлон булаалдаж байв.

Хөрс дэлхий хөрвөж

Хөвчин улс хямралдаж              .

Хөнжилдөө унтах завгуй Хөнөөлдөи тэмцэлдэж байв”

“Нууц товчоонд” тэмдэглэснээр хурц ухаалаг, эрмэг, үзэсгэлэнт Өэлүн хатан нөхрөө хорлогдсоны дараа Хамаг Монголын төрийн хэргийг ерөнхийлөн хамаарахыг оролдсон боловч зарим ноёдын бүлэглэлд шахагдан цохигдож, харьяат иргэдийнхээ олонхийг алдаад “сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй” болон хоцорч, Онон мөрнийг өгсөн уруудаж амь зогоож байжээ. Гэвч Өэлүн эх хөвгүүддээ эв эе хүч чадал болох тухай Алангуа хатны сургаалийг ямагт сануулж, тэднийг жинхэнэ тал нутгийн язгууртны тэнгэрлэг дээд заяат үзэл санаагаар хүмүүжүүлсэн нь хожмын үлэмжийн их ач холбогдолтой байжээ.

Төрийг шүтэх, хаан эзэнд үнэнч байх үзэл өгүүлэн буй үеийн улс төрийн сэтгэлгээнд чухал суурийг эзэлнэ. “Нууц товчоонд” өгүүлэхдээ: хамт дутааж явсан ноёноо хээр орхиод дагаар орохоор ирсэн нэгэн ардыг Чингис хаан эзнээ хаяж ирсэн хүн, хараахан итгэж үл болно хэмээн цаазалжээ. Гэтэл өөр нэг хүн баригдаж ирэхэд өөрийн эзнийг орхихгүй, түүний амийг аврахын төлөө байлдсан эрийг хэн буруушаах вэ, нөхөрлөж болнл хэмээн өөртөө авчээ. Чингис хаан өөрийн харьяат нараас ямагт үнэнч байхыг шаардахдаа өөрийн эсрэг талын дотор ч урван тэрслэх явдал гарахыг тэвчдэггүй байжээ. Энэ тухай “Нууц товчоонд” Чингисийн нэг өшөөт дайсан ноёныг харьяат нар нь барьж аваад Чингис хаанд авч ирэх замдаа Чингис бол эзэндээ халдсан хүнийг үзэж чаддаггүйг санаж, ноёноо суллаж тавиад ирж хамаг бүхнээ өчихөд тэрбээр хан эзэндээ халдсан харц ардад үл итгэж болох тул та нарыг хамаатан садны нь хамт устгах ёстой боловч хан эзнээ хайрласан халуун сэтгэлийг чинь бодож өршөөе гэж өгүүлсэн байдаг.

Эзэн харъяатын ёс бэхжихийн хэрээр төр улс, хаан эзэнд үнэнч шударга байх явдал феодал язгууртны ёс суртахууны чухал хэм хэмжээ болон тавигдах болжээ. Тухайлбал: Чингис хаан өөрийг нь харваж шархдуулсан хүн хэн болохыг асууваас олзлогдогсдын дотроос Зэв би байна хэмээн хэлэхэд хаан: дайсны хүн дайсагнаж хорлосноо нуухгүй үнэн шударга хэлж байна. Ийм хүнтэй нөхөрлөж болно хэмээжээ.

“Нууц товчоонд” өгүүлснээр төр улсын нэгдэл, эе эвийг эрхэмлэн сахиж эзэрхэг дайсантай тулахад энэ биеийг үл хайрлах нь эзэн хаан, төрд үнэнч байхын чухал шинж байв. Тухайлбал:

“Хан эзэн чамайг байхад

Харийн дайснаас халшрах явдалгүй

Эзэн баатар чамайг байхад

Эзэрхэг дайснаас эмээх явдалгүй

Хамаг бүгд хамтарч

Хамаатан садан мэт эвлэлдэж

Харийн дайсныг хамх цохьё

Хатгалдах дайнд халуун амиа бүү хайрлая

Алалцах дайсанд амиа бүү хайрлая

Элгэн садап дотроо

Эв найрамдлыг бүү алдъя” хэмээжээ.

Ер нь улс гэрийг төвхнүүлж, эе эвийг бататгах, эзэн хаан, төрд үнэн ч байх үзэл санаагаар “Нууц товчоо” нэвтэрхий юм. Төр улс, үндэсний эрх ашгийг дээдлэхийн үнэнхүү чухал болох нь Чингис хааны өөрий нь хэлснээс нэн тодорхой байдаг билээ. Түүний өгүүлсэн нь:

“Алтап биео амасу (амраая) хэмээвээс

Аху төр мину алдаруузай

Бүтэн биеэ амасу хэмээвээс

Бүрэн улс мину самтаруузай

Алтан бие мину алжааваас алжаатугай

Ахуй төр мину бүү алдартугай

Бүтэн бие мину зовбоос зовтугай

Бүрэн улс мипу  бүү самтартугай”     хэмээх  сургаальөнөө  бидэндүлэмжийн их учир холбогдолтой гэрээслэл байжээ.Мөн ч Мориноосоо буулгүй ертөнцийг дагуулах амархан, харин мориноосоо буугаад төр улсыг төвхнүүлэх гэдэг хэцүү билээ гэж сургажээ.

Улс үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үзэл санаа “Нууц товчоо”-нд чухал байр эзэлнэ. Аюулгүй байдлын эх булаг нь төр улсын нэгдмэл байдал, өөр дотроо ах дүү, хамаатан садан эв найртай байх явдал бөгөөд гадаад талдаа бусад улс оронд элч довтолгож найрамдах, эвсэл холбоотон хийгээд худ ураг болох, бөөгийн шашнаас гадна бусад харь шашныг эн тэгш үзэж хүндэтгэх зэрэг байжээ. Чингис хаан улс, үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс төрийн торгон цэрэг хишигтнийг байгуулан өргөмжлөн өгүүлэхдээ:

“Үүлтэй шөнө, үүдтэй гэрийг миль үргэлж сахиж

Энэ биеийг мипь энх унтуулж эрдэний сууринд

Хүргэсэн эртний дэгт хэвтүүл минь

Одтой шөнө орд гэрийн минь орчимд хэвтэж

Өлгий дэвсгэрийн мииь өмөг болж

Өчүүхэн биеийн минь түшиг болж өндөр сууринд хүргэсэн

Өлзийт буянт хэвтүүл минь халих усан бороонд

Хайрах хүйтэн жаварт ханатай гэрий минь

Харгалзан байж халуун амийг мииь хамгаалан манаж

Хаап сууринд хүргэсэп хайр ивээлт хэвтүүл минь

Өрсөх дайсны мөрөөс өших хортны гараас

Өглөөүдэш ялгалгүй өрх гэрийг минь хамгаалж

Өөрийн нүдийг цавчилгүй өвч биеийн минь арчилсан

Өнийн итгэлтэй хэвтүүл минь”  хэмээн магтган дуулжээ.

Харлагын арслан хан дайталгүй дагаар орсонд Чингис хаан сайшаан соёрхож охин Алхабэхийг бэр болгон өгч зарлиг болгохдоо:

“Харайхад минь хөл болж

Хазайхад минь түшиг болж

Халтирхад минь дах болж

Xаламж тус хүргэх ээ

Хайрт Алха минь мэдтүгэй

Энэ бие хэврэг боловч

Эрхэм нэр мөнх шүү

Саруул ухаанаас илүү

Сайн нөхөр байдаггүй

Мунхаг хилэнгээс илүү

Муу дайсан байдаггүй

Эрхэм итгэл олон боловч

Энэ бие бүгдээс итгэлтэй

Хайрлах юм олон боловч

Халуун амийг хамгаас хайрлалтай

Хатуужиж явбал хамагт хэрэгтэй

Ариун явбал ашид тустай” гэж сургажээ.

Мөнх тэнгэрийн хүчийг шүтэх нь энэ үеийн Монголчуудын улс төрийн сэтгэлгээнд томоохон байрыг эзэлж байв. Энэ тухай “Нууц товчоонд” олонтой гардаг. Тухайлан: Чингис хаан Мөнх тэнгэрийн хүчин дор залбиран өгүүлэхдээ:

“Эрэмгий сайнаар эзэн эс боллоо би

Эрхт тэнгэр эцгийн хайраар эзэн боллоо би

Эцэг тэнгэрийн ачаар эсрэг дайснаа дарлаа би

Хамрагч сайнаар хаан эс боллоо 6и

Хан тэнгэр эцгийн хайраар эзэн боллоо би

Хан тэнгэр эцгийн өршөөлөөр харь дайсныг дарлаа би”

гээд Сүбээдэйд зарлиг болгохдоо “Мөнх тэнгэрийн хүчин дор мөрийн хүч нэмэгдэж” байгааг дурьдаад “Балчир цагт минь тэд байн байн довтолж Бурхан Халдунд биднийг бултуулан сандаргаж байсан өшөөтэй тэр Мэргидүүд өнөө бас тангараглаад өөр зүг дутаав”, “Далд одовч ил мэт санаж, хол очивч ойр мэт бодож бидэнд итгэлтэй явдаг дээд тэнгэр ивээж дэмжих болно. . . ургах нарнаас аваад шингэх наран хүртэл улс даяар дуурсав” гэжээ.

Чингис хаан оюун мэдэл нээгдэж, хүчин чадал олох лугаа сацуу Монгол үндэстнийг нэгтгэж, нэгэн улс гэр байгуулан өөрийн эцэг өвгөдөөс инагш эзлэн сууж байсан Монгол нутаг, ялангуяа Гурван голын язгуурын нутгийг сахин хадгалсугай хэмээх улс төрийн ба үндэсний бодлогыг чухал болгон зорьсон ажээ. Чингис хаан зөвхөн өрх гэрийг байгуулан үндэсний улс төрийг тогтоон, бас ч өшөөт дайсан болсон Тайчууд, Мэргэдийн хүчийг мохоон, дан ганц өөртөө тогтож, эв найрамдлыг хадгалан суусугай хэмээсэн боловч Чингис лүгээ эрх мэдэл зэрэгцэгчид хэрхэн энгийн сууж чадсан билээ. Тэд эрх биш атаа тэмцэл хийж доройтуулсугай хэмээж, чадваас дарж устгахыг хүсэж байсан хэрэг тул Чингис хаан мандаж эхлэхийн сацуу Жамуха хийгээд Ван хаан ба Найманы Даян хаан нар Чингисийг дарахаар удаа дараалан халдсаар ирсэн бөгөөд хэдий төвийг сахиж суусугай хэмээвч хэргийн эрхээр эрх биш байлдсан тул Чингис хаан нэгэнт дийлээд тэдний хүн зоныг нэгтгэн дагуулжээ. Үүнээс гадна журмыг сахиж, найрамдлыг хадгалан орштугай хэмээвч Сартаул иргэн (Хорезм) Чингис хааны илгээсэн элч болон худалдаачдыг хөнөөж ёсгүй аашилсан тул аргагүй, тийнхүү дайн үүсэн, түүнээс бас Кипчак, Оросын вангууд Зэв, Сүбээдэй нарын илгээсэн элчийг хөнөөх зэргээр өө сэв өдөн дайн байлдаан үүсгэхэд хүрсэн байна. Тангуд ба Алтан улс болбоос мөн Чингис хаан лугаа мөчөөрхөн тэмцэж өшөө хорсол бололцон, мөн ч эрхгүй байлдан тэмцэхгүй болбоос үг болох учир аргагүй энэ мэт болсон бөгөөд, түүнээс эхлэн бусад удаа дараагийн байлдаанууд болсон ба Чингисийн дараах хаадын үе дэх дайн байлдааны хэрэг явдлууд нь ч тус тусдаа цөм нэгэн зүйлийн учир шалтгаан дээрээс нөхцөлдөн гарчээ хэмээн түүхч Ерөнхий сайд агсан  Анандын Амар бичжээ.

Монголчууд өөрсдөө хүн ам цөөн, баруун, зүүн этгээдэд эзэлсэн нь маш өргөн уудам, хойч үед энх амрыг баримталж, Монгол үндэсний төр улсын зах хязгаарын аюулгүй байдлыг сэргийлэн засахад үнэхээр хялбаргүй байсан тул баруун зүгийн улс орныг баруун зүгт нь алс хол захируулан суулгасан нь чухамдаа баруун зүгийн аюулыг баруун зүгт сэргийлсэн хэрэг ба Нахиадын аюулыг Нахиад дотор сэргийлсэн хэрэг бөгөөд, чухамдаа өөрийн жинхэнэ Монгол Улсыг ямарч аюул, занал учруулахгүйгээр сахин хамгаалах үндэсний аюулгүй байдлын цогц тогтолцоог буй болгожээ.

“Монголын нууц товчоо”-ны улс төрийн сургаалийг хураан өгүүлвээс нэгд, төр улсын нэгдмэл байдал, эе эвийг эрхэмлэх, хоёрт, эзэн хаан, төрд үнэнч байх, гуравт, үндэсний эрх ашгийг дээдлэх, дөрөвт, үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалах эдгээр болно.

“Монголын нууц товчоо” бол Мөнх тэнгэрийн хүчин дор хаяа хаяагаа дэрлэсэн эсгий туургатан олон ханлиг аймгуудыг өөрийн   авьяас чадвар, их суу залиар нэгэн өрх гэрт нэгтгэж, улс иргэнийг хөл хөсөр, гар газар тавиулж Монголын энхжингтогтоосон их эзэн богд Чингис хааны үнэн түүх ажгуу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.11.25  Даваа  №234, 235  (6201, 6202)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ