Монголын эрдэмтэд ч Суурь судалгааны Оросын сангийн  грант авах боломжтой

2019-11-22

-Зургаан орны эрдэмтэд судалгааны ажлын грант авна-

Д.ЭНХЭЭ

Био олон янзын төлөв байдал, физик болон хүмүүнлэгийн ухааны хэд хэдэн чиглэлээр Армен, Белорусь, Вьетнам, Монгол, Узбекийн судлаачидтай хамтран гүйцэтгэх ОХУ-ын эрдэмтдийн шилдэг төслүүд жил бүр 2,5 сая рубль хүртэл хэмжээний грант авах болно. Сонгон шалгаруулалтад оролцох саналыг хүлээж авах ажил өнгөрсөн мягмар гариг /2019.11.19/-т эхэлсэн бөгөөд 2020 оны нэгдүгээр сарын 21-нд дуусна хэмээн Суурь судалгааны Оросын (РФФИ) сангийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ.

“Армен, Белорусь, Вьетнам, Монгол, Узбекийн эрдэмтэдтэй оросын эрдэмтдийн хамтран гүйцэтгэх эрдэм шинжилгээний суурь судалгааны шилдэг төсөл сонгон шалгаруулах уралдааныг Суурь судалгааны Оросын сан зарлаж байна. …Мэдүүлгийг 2019 оны арваннэгдүгээр сарын 19-нөөс 2020 оны нэгдүгээр сарын 21-ний хооронд хүлээн авна. Нэг жилд олгох грантын дээд хэмжээ 2,5 сая рубль, доод хэмжээ 1,5 сая рубль байна” хэмээн мэдээлэлд дурджээ. Төсөл хэрэгжүүлэх хугацаа нь хоёроос гурван жил байна.

Бүрэлдэхүүнд нь ОХУ-ыг Суурь судалгааны Оросын сан төлөөлдөг шинжлэх ухааны судалгааг дэмжих Евроазийн ассоциацийн гишүүн байгууллагууд энэхүү уралдааныг зохион байгуулж байгаа болохыг хэвлэлийн алба онцолжээ. Сангаас тайлбарласнаар Евроазийн бүс нутгийн тулгамдсан асуудлыг олон талт хамтын ажиллагаагаар дамжуулан илүү үр ашигтайгаар шийдвэрлэж болохуйц шийдвэр гаргахад чиглэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих явдал уралдааны зорилго ажээ.

Уралдаанд оролцох мэдүүлгийг био олон янзын төлөв байдал ба био идэвхит нэгдлүүд, лазер физик ба шугаман бус оптик, Евроазийн тулгамдсан асуудлыг нийгмийн болон хүмүүнлэгийн ухааны аргаар явуулах салбар дундын судалгаа, мөн түүнчлэн түүх, соёлын дурсгалыг судлах, хадгалах, сэргээхэд чиглэсэн салбар дундын судалгаа гэсэн дөрвөн сэдвээр хүлээж авна.

Ассоциацийн бүрэлдэхүүнд багтаж ордог гурван өөр орны гурваас доошгүй эрдэм шинжилгээний байгууллагын хоёроос арав хүртэлх хүний төлөөллөөс бүрдсэн эрдэм шинжилгээний баг мэдүүлэг өргөн барьж болно. Уралдаанд шалгарагсдын жагсаалтыг Суурь судалгааны Оросын сангийн сайтад 2020 оны зургадугаар сарын 30-наас өмнө нийтлэх аж.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ