Шинжлэх ухаанч хүүхдүүд

2019-11-21

Р.ОЮУН

“Шингэн бодисыг давхарлаж болдог билүү. Энэ шилэнд ямар бодис хольсноо багш нь хэлж өгье. Улаан өнгөтэй нь ус, тариа хийхийн өмнө хөвөнгөөр арьсыг арчдаг энэ цэнхэр өнгөтэй шингэнийг спирт гэнэ. Арай тод шар өнгөтэй, удаан урсдаг энэ зүйлийг аяга, таваг угаагч бодис, бүдэг шар нь хоол хийдэг ургамлын тос байна. Тэгэхээр шингэн дотроо өтгөн, шингэн гээд янз бүр байдаг байх нь. Одоо бүгдээрээ энэ шингэнүүдээ хэмждэг багажинд өнгө өнгөөр нь давхарлаж хийе. Яагаад эдгээр шингэн холилдохгүй байгаа юм бол хүүхдүүдээ?” гэж багш сурагчдаасаа асуухад “Хооронд нь хольж хутгахгүй болохоор” хэмээн тэд ам, амандаа шуугилдаж байв.

Зургаан настай өхөөрдөм бяцхан сурагчдын хичээл сонирхолтой, хөгжөөнтэй болжээ. Шингэн бодисууд өөр өөрийн гэсэн жинтэй байдаг. Үүнийг шинжлэх ухааны нэрээр нь хэлбэл нягт гэдэг. Тэгэхээр хамгийн дор хийсэн тод шар өнгөтэй шингэн нягт ихтэй байхад улаан өнгөтэй ус нь хөнгөн болохоороо дээр нь тогтож байгааг багш тайлбарлаж, хүүхдүүд ч нүд салгахгүй анхааралтай сонсож байлаа.

Энэ бол “Хаан эрдэм” бага сургуулийн 1б ангид “Хүн ба орчин” хичээл дээр хийж буй туршилт юм. Байгалийн ухааны өргөтгөсөн хөтөлбөртэй тус сургууль “Шинжлэх ухаанч хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй нь энэ.

“Хаан эрдэм” бага сургуулийн шинжлэх ухааны багш Г.Ганпүрэв “Бидний өдөр тутамд өргөн хэрэглэдэг бодисуудыг ашиглаад сурагчид хичээл дээрээ ийнхүү шинжлэх ухааны энгийн туршилтуудыг хийснээр үр дүнг тооцоолох, дүгнэлт хийх чадварт суралцана. Мөн аливаа төсөл болон судалгааны ажлыг багаар гүйцэтгэх чадварыг эзэмшүүлэх зорилготой” гэсэн юм. Харин нэгдүгээр ангийн сурагчид  “Хичээл дээр туршилт хийх гоё сонирхолтой байдаг. Дөнгөж сая шингэн бодиснуудыг давхарлаж болдгийг мэдэж авлаа. Өмнөх хичээл дээр өнгийн чихрийг ашиглан солонго хийсэн” гэж байв.

Байгалийн ухааны туршилтуудыг хийх хэрэглэгдэхүүнээр бүрэн хангагдсан давуу талаа ашиглан хичээлээ илүү сонирхолтой, амьдралд ойр заадаг “Хаан Эрдэм” сургуулиар Бүнээ Сүнээ ийнхүү зочилсон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.11.21  ПҮРЭВ  №232  (6199)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ