МАН дангаараа Үндсэн хуулийг өөрчилж баталлаа

2019-11-14

С.САРУУЛ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг гуравдугаар хэлэлцүүлгийг хийж баталлаа. Чуулганы хуралдааны үеэр Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах АН-ын санал унасан тул МАН-ын бүлэг зөвшилцлөөсөө буцлаа хэмээн үзэж тус намын гишүүд чуулганы танхимыг орхин гарсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Ардчилсан нам Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг явуулчих юмсан, засаглалын тэнцвэргүй байдлыг арилгачих юмсан гэсэн туйлын сонирхолтойгоор оролцсон. Харамсалтай нь, Үндсэн хуулийг хэлэлцэхдээ анхнаасаа журмын тухай хуулиа зөрчөөд хэлэлцсэн. Аль нам Үндсэн хуулийг өөрчилсөн автор болох нь гол биш. Монголын хөгжил, улс төрд үүссэн бэрхшээлийг зөв голдрилд нь оруулахын төлөө бүх чадлаараа хичээж ажиллалаа.  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад улс төрийн намуудын соёл, харилцан итгэлцэл, зөвшилцөл маш чухал байсан. Хэдийгээр нэг нам 64 товчлууртай байж болох ч Үндсэн хууль бол бүх ард түмний гэрээ учраас бүгдийг эрх ашиг туссан байх ёстой. Харамсалтай нь, долдугаар сараас эхэлж хэлэлцсэн Үндсэн хууль маань ард түмний эрх ашигт нийцэж чадсангүй. УИХ-д суудалтай намууд хүртэл зөвшилцлөөсөө эцсийн мөчид ухарч байгаад харамсч байна. Бидний тавьсан гурван санал Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн амин чухал заалтууд байсан” гэлээ.

Үүний дараа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэлэлцэж УИХ-ын дарга Г.Занданшатар төслийн зүйл заалт бүрийг УИХ-ын гишүүдэд уншиж танилцуулснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар баталлаа. Үндсэн хуулийг өөрчлөн батлахад сөрөг хүчингүй, МАН дангааараа батлав.

Чуулганы хуралдаанд 63 гишүүн оролцсон бөгөөд саналыг гар өргөж баталгаажуулсан юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл 2020 оны тавдугаар сарын 25-ны 12.00 цагаас улс орон даяар дагаж мөрдөх  бөгөөд түүнээс өмнө УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг батлах юм. Энэ  хууль нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт мөрдөгдөх хүртэл УИХ хууль эрх зүйн орчныг сайжруулах, бэлтгэл ажлын хийх зохицуулалтыг тусгасан юм.  УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталсан учраас төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч ёсчилно.

Эх сурвалж:www.polit.mn 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ