Нийгмийн хамгааллын талаар С.Чинзориг сайдын хэлсэн онцлох 15 эшлэл

2019-11-15

С.УЯНГА

 Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшлах өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг нэгэн хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарт тулгамдаж буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм зүгээр ч нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцэгч нэгэн байх учиртай билээ.  “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булангийн ээлжит зочноор уригдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд  С.Чинзоригийн хэлсэн онцлох 15 эшлэлийг хүргэж байна.

 

-Миний ажил амьдралын туршлага ерөөсөө л төрийн албатай холбоотой.1986  онд МУИС-ийг төгсч Өвөрхангайд хуваарилагдаж очоод ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны төлөвлөгөөний комисст мэргэжилтнээр ажилласнаас хойш өнөөдрийг хүртэл төрийн албанд ажиллаж байна.


-Төрийн албанд ажиллаж байгаа хүн хууль дүрмийг ягштал баримтлах нь зүй ёсны хэрэг. Мөн эрх ашгаа эрэмбэлж, хүсэл сонирхлоо хойш нь тавьж чаддаг байх учиртай. Эцэст нь бусдын төлөө гэсэн сэтгэл, зүтгэлтэй хүн л төрийн албанд үр бүтээлтэй ажиллана.


-Монгол төрийн дархлаа гэж байх ёстой. Монгол төр ариун, үнэ цэнэтэй байх учиртай. Энэ үүднээс бодлогын залгамж зайлшгүй байх ёстой.


-Засгийн газар солигдохоор төрийн бодлогын залгамж чанар алдагддаг нь Монгол төрийн дархлааг сулруулж байгаа буруу жишиг. Аль ч нам Засгийн газар гарсан өмнөх үеийнхээ зөв зүйтэй бодлогыг үргэлжлүүлэх ёстой.


-Сангийн яаман дээр хөгжлийн бодлого төлөвлөгөө ярьж байгаа  ч яам бол хөрөнгийнхөө хэмжээнд тааруулдаг учраас хязгаарлагдчихаад байна. Тиймээс бодлогын залгамж чанар урт хугацааны төлөвлөлттэй, хөгжлийн бодлого хариуцсан тусдаа  институцитай байх ёстой.


-Хөдөлмөр, нийгмийн хамгааллыг салбар гэж харахаас илүүтэй макро эдийн засгийн бодлого хариуцсан яам гэж ойлгодог. Хөдөлмөр эрхлэлт гэхэд зөвхөн манай яамны хүрээнд шийдэгдэх биш макро эдийн засгийн бодлоготой уялдаж салбар хоорондын зохицуулалт шаарддаг.


– Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 3.2 сая иргэний амьдралын чанарыг хариуцаж, эрх ашгийг нь хамгаалж ажилладаг. Энэ утгаараа орон нутгийн бүтцийн байгууллагуудаараа дамжуулж хүн бүрт хүрч ажиллах бодлого баримтлахыг хичээж байна.


-Монголчуудын 2.7 сая иргэн ямар нэг хэлбэрээр нийгмийн хамгааллын үйлчилгээ хүртэж байна. Үүний нэг  сая нь хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байгаа юм. Хүүхдийн мөнгө, цалинтай ээж зэрэг бол халамж гэхээс илүүтэй хүн амын өсөлтийг дэмжсэн төрийн бодлого.


-Улсын хэмжээнд байгаа 250 орчим мянган малчны 20 хувь нь л нийгмийн даатгалын шимтгэл төлж, үлдсэн 80 хувь нь нийгмийн хамгааллын бодлогын гадна байна. Тиймээс малчнаар ажиллаад нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй бол 1995 оноос өнөөдрийг хүртэлх хугацааны шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.


– Засгийн газар 2016 онд Олон улсын валютын сантай хамтарч Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд нийгмийн даатгалын сангийн шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх талаар олон улсын санхүүгийн байгууллагуудтай тохиролцсон.


– Нийгмийн даатгалын тогтолцоог гурван давхаргатай болгоно. Нэгдүгээрт, суурь тэтгэвэр авна. Хоёрдугаарт, ажилласан жил, авч байсан цалин, төлсөн шимтгэлээсээ хамаараад суурь тэтгэвэр дээрээ нэмэгдэл тэтгэвэр авна. Гуравдугаарт, хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоог оруулж ирэхээр Дэлхийн банк, олон улсын байгууллагуудаас зөвлөмж авч ажиллаж байна.


-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүүхдийн хөгжил хамгааллын асуудал харьяалагддаг. Гэтэл энэ бол зөвхөн нэг салбар биш эрүүл мэнд, боловсролоос авахуулаад салбар хоорондын уялдаа холбоо, хариуцлага шаарддаг ажил.


-УИХ-ын гишүүн байна гэдэг олон түмний итгэлийг нуруун дээрээ үүрсэн амаргүй алба. Зөв сайн ажиллаж чадвал нэр хүндтэй. Нэгэнт итгэлийг нь дааж тулгамдсан асуудлыг төрийн бодлогод тусгуулж төрд төлөөлж ажиллахаар сонгогдсон хүн энэ амлалт, үүрэг хариуцлагаасаа ухарч няцах эрхгүй.


-Миний хувьд нэгэнт ард түмний төлөөлөл байж чадна гэж сонгогдсон учраас тойргийнхоо иргэдийн дуу хоолойг төрд хүргэх тулгамдсан асуудлыг төрийн бодлогод тусгуулах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэхэд хичээж ажиллаж байна. Тойргийн иргэдийнхээс өөр эрх ашиг байхгүй гэсэн зарчмыг баримталдаг.Төрийн түшээ хүн хариуцлагатай байх ёстой.


-Ард түмэн “давхар дээл” гэж ёгтолж хэлдэг. Үндсэндээ хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх засаглалыг холих нь буруу гэж хэлж байгаа нь зарчмын хувьд зөв. Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүнээр давхар ажиллахаар хувь хүнд цаг наргүй их ажлын ачаалал ирдэг. Нөгөө талаас мэргэжлийн хүн сайдаар ажиллавал санаж бодсоноо парламентаар арай илүү шуурхай дэмжүүлж богино хугацаанд төрийн бодлого болгож гаргах давуу талтай.

Эх сурвалж: www.polit.mn  

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ