Иргэд зээлэндээ 1.4 их наяд төгрөгийн хүү төлж байна гэв

2019-11-13

С.УЯНГА

МАХН  Монголчуудын өр, зээлийн талаар бүх тооцоо судалгааг хийж ард түмнээ өрийн дарамтаас чөлөөлөхөд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нартай хамтран ажиллах хүсэлт тавьж буйгаа мэдэгдлээ.

Өнөөдөр хүн амын 50 гаруй хувь орон байргүй. Хүн амын 1.3 сая хүн зээлтэй байгаа нь  хүний амьдрах эрхийг ноцтой зөрчиж байна гэж МАХН үзэж байна. Монгол Улс 4.3 их наяд төгрөгийн цалин, тэтгэвэр, дөрвөн их наядын ипотекийн зээлтэй байгаагаас хүн бүр өрийн дарамтад амьдарч байгаа судалгааг хийжээ.

МАХН-ын ЕНБД Б.Тулга: 1.3 сая хүн их наяд төгрөгийг зээлийн хүүнд төлж байна.

-МАХН Дээд хуулийн төслөө танилцуулах хүрээнд сүүлийн гурван жилд 21 аймаг, есөн дүүрэг, 150 гаруй сум олон арван баг хорооны иргэдтэй нэг бүрчлэн уулзлаа.  Мөн бүх нийтийг орон сууцжуулах хүрээнд иргэдтэй хийх уулзалтаа үргэлжлүүлж байна. Зээл, зээлийн хүүгийн дарамт хэцүү байгааг уулзаж байгаа хүн бүр хэлж байна. Насанд хүрсэн хүмүүсийн 1.3 сая нь ямар нэг төрлийн зээлтэй. Үүндээ 1.4 их наяд төгрөгийн хүү төлж байна. Энд аж ахуй нэгж байгууллагынхыг тооцоогүй. Тиймээс төр засаг анхааралдаа авч бодлого гаргах шаардлагатай гэж МАХН үзсэн. Иргэдийн амьдралыг туйлдуулж, ирээдүйд итгэх итгэлийг үгүй хийж байгаа энэ үйлдэлд хамтран ажиллая гэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт хандаж байна. Бид ипотекийн зээли, цалин, тэтгэврийн зээлийн хүүг тэглэх, хүүнд төлсөн мөнгийг үндсэн төлбөрт тооцож арилжааны банкуудад нэг удаа нөхөн төлбөр өгөх зэргээр гарц шийдлээ хүргүүлж байна.

-Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян: Орон сууцны үнийг барилгын компанийн ашиг тооцсон үнээр бодох хэрэгтэй

-Эрх баригч намынхан мөрийн хөтөлбөрийнхөө ард түмэнтэй холбоотой заалтуудыг мартаад байна. Тиймээс төсөв батлах гэж байгаа энэ үед нь амлалтыг нь амжиж сануулж байна. Гишүүд маань гоё сайхан газар суугаад ард түмнийхээ амьдралыг ойлгохгүй. МАХН Монгол Улсыг бүхэлд нь тойрч иргэдийнхээ саналыг сонсч ирсэн. Үүний дүнд МАХН-аас айл өрхийг орон сууцаар хангахаар нэн тэргүүнд орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлсэн. Үүний хүрээнд орон сууцны урьдчилгаа 30 хувь, хүүтэй зээлийн нөхцлийг тулгахгүй байх. Төр засгаас орон сууцны үнийг барилгын компанийн ашиг тооцсон үнээр бодож иргэддээ өгөхийг уриалж хамтран ажиллах саналаа хүргүүлж байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ