УИХ-ын даргыг огцруулах үндэслэл энэ байна

2019-11-13

Т.БАТСАЙХАН

Эрх баригчид Үндсэн хуулийн төслийг ард түмнээс асуулгүй, гуравдугаар хэлэлцүүлгээр шууд батлах нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. Улмаар энэ долоо хоногт парламент гуравдугаар хэлэлцүүлгийг эхлүүлэх гэнэ. Гэхдээ Үндсэн хуулийг өөрчилнө гэсэн МАН-ын “хүсэл” ор үндэслэлгүй, улс төрийн яриа  төдий болж, түүхэнд үлдэхэд ойрхон байна.    Учир нь хууль, эрх зүйн хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал аль хэдийнэ “мухар гудамж”-нд орчихсон. Парламент Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхээ 73 дугаар тогтоол гаргаж баталсан ч, дахин 85 дугаар тогтоолоор хүчингүй болгох шийдвэр гаргачихсан юм.  Тэгэхээр одоо УИХ-д  хэлэлцэн батлах Үндсэн хуулийн төсөл гэж байхгүй.

Уг нь УИХ-ын 62 гишүүний  өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн төслийг дөрвөн сарын хугацаанд  хэлэлцсэн. Парламент хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, улмаар  ард түмнээс асуух заалт оруулж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг 73 дугаар тогтоолоор батлаад байв.   Гэвч Ерөнхийлөгч эрх үүргийн хүрээнд тогтоолд хориг тавьснаар хууль хэлэлцэх процесст шинэ нөхцөл байдал үүссэн. Үүний дараа УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахдаа хуулийн хувьд алдаа гаргаж,  Үндсэн хуулийн эхийг баталсан 73 дугаар тогтоолоо хүчингүй болгох,  85 дугаар тогтоолыг өнгөрсөн сарын 25-нд баталчихлаа. Ингэж тэд Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаа мухардалд оруулж, хэлэлцэх төсөл ч үгүй болсон.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тусгай хууль, дүрэм, журам гэж бий. Гэтэл энэ парламент Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг хуулийн дагуу биш “хулгайн” замаар явуулж байгаагийн нэг жишээ нь энэ болж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг зохион байгуулж байгаа гол хүн нь УИХ-ын дарга Г.Занданшатар.  Тэрээр “эцэг” хуулийн өөрчлөлтийн процесст ийм алдаа гаргасандаа хариуцлага хүлээх ёстой.  Сүүлдээ  парламент Үндсэн хуулийг хэлэлцэх төсөл ч үгүй болж, хоцорлоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.11.13  ЛХАГВА  №225  (6192)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ