Эгэл хүмүүсийг үнэлдэг төрийн “нүд” илүү хурц байгаасай

2019-11-12

С.УЯНГА

Өчигдрийн цаснаар хүн бүр л хөөрцөглөлөө. Урт намраас уйдсан уу гэмээр нийслэлчүүд цастай зургаа нүүр номондоо гайхуулж байна. Цас, борооноор бид ингэж л баярлаж, догдолдог бол харин тэдний ажил улам нэмэгддэг.Нийслэлчүүдийг цэмцгэр, аюулгүй орчинд амьдруулахын тулд олон олон шөнөөр амсхийх завгүй ажилласан даа. Ингэж л чимээгүй хэрнээ шаргуу хөдөлмөрлөж байдаг эгэл хүмүүс олон бий.

Өөрсдөө бол олны нүдэнд онцгойрч харагддаггүй ч өмнөөс нь хөдөлмөрийн үр шим нь “ярьж” байдаг тэр хүмүүсийн дундаас таван гавьяат тодорсон нь сэтгэлд нэг л бахтай. Төрийн сонголт мэргэн байсан энэ үед бид ч гэсэн заавал утаа, түгжрэл ярьж болж бүтэхгүйг нь шүүмжлэхийн оронд гавъяа нь ил гардаггүй хүмүүсийн хөдөлмөрийг үнэлүүлж, нэг ч гэсэн айлын гэрт гэгээ татуулсан Хотын удирдлагуудад ч мөн адил  талархал илэрхийлж болохгүй гэж үү. Төрийн шагнал бүрийн дараа энэ удаагийнх шиг нийтээрээ бахархаж, давалгаалж байсан нь хэд билээ. Бохирын шугамны засварчин, нийслэлийн аж ахуйн  машинист, ТҮК-ийн замын мастер, хогны машины жолооч, хүн тээврийн жолооч гээд нийслэлчүүдийн амар тайван амьдралын төлөө зүтгэж буй олны дундах онцгой хүмүүсийг олж харж төрийн шагнал хүртээхэд ч бас сэтгэл, зүтгэл хэрэгтэй. Ёстой л нүдээ олсон шагнал, эзнээ тодотгосон алдар гэдэг энэ байх. Энэ удаагийнх шиг эгэл хүмүүсийг үнэлдэг төрийн “нүд” илүү хурц байж, олон хүн шударгаар хөдөлмөрөө үнэлүүлээсэй   гэж хүснэ.

Нийслэлийн 380 жилийн ойн босгон дээр энгэртээ гавьяатын тэмдэг гялалзуулсан эрхмүүд ёстой л олон нийтийг баясгаж чадлаа. Урьд урьдынхаас онцгой байсан болоод ч тэр үү шагналын мэдээ хуучирсангүй. Шинэ гавьяатуудын баяр бахдал, ил харагддаггүй хөдөлмөрийн онцлогийг хэвлэлийнхэн өнөөг хүртэл олонд түгээсээр байна. Тэдний амьдрал арвин баялаг, ажил мэргэжилдээ хоёргүй сэтгэлээр зүтгэдгийг харуулсан үлгэр дуурайлал дундаршгүй юм.

Энэ удаа Нийслэлийн Хот тохижилтын газрын зам талбайн мастер Д.Баянжаргал, Зорчигч тээврийн нэгтгэлийн нэгдүгээр баазын автобусны жолооч Э.Очирхуяг, Нийслэлийн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын машинист Ж. Сүхбаатар, Нийслэлийн Хот тохижилтын газрын хог тээврийн машины жолооч Д.Шаравдорж, Ус сувгийн удирдах газрын бохирын шугамын засварчин У.Эрдэнэтуяа нар Төрийн тэргүүний зарлигыг энгэртээ гялалзуулсан бол энэ цуваа цаашид ч урт үргэлжлэх болтугай. Хөдөлмөрөөрөө аваргалсан эдгээр хүмүүсийн хэвлэлд өгсөн ярилцлагаас заримынх нь онцлох эшлэлийг хүргэж байна.

 

Д.Шаравдорж: Бусдын адил голоод байвал энэ ажлыг хэн хийх билээ  гэж боддог байлаа

 

– Өдийг хүртэл хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөн, сайхан хамт олны дунд ажиллаж байгаагийн л өгөөж болов уу.

 

– Олонтой явах, хамт олонтой байхын жаргалыг мэдэрлээ. Аливаа зүйлийг хоёргүй сэтгэлээр хийн, уйгагүй хөдөлмөрлөвөл хэзээ нэгэн цагт үр шимийг нь хүртдэгийг мэдэрч байна.

 

-Ямар нэгэн гавьяа, шагналын төлөө хөдөлмөрлөөгүй. Тэгэх ч сөхөө байсангүй ээ.

 

-Хүн хөгширч бус хөшиж үхдэг гэдэг шүү дээ. Тийм болохоор уйгагүй ажил маань харин ч надад дасгал болдог.

 

-Өвлийн хүйтэнд шагайгаар татсан усан дотор олон цаг ажиллах нь бидний хийдэг ердийн л ажил. Иймэрхүү ажлыг бид өдөр бүхэн хийдэг.

 

-Залуу байхдаа “Бусдын адил голоод байвал энэ ажлыг хэн хийх билээ”  гэж боддог байлаа.

 

-Махийтал цэвэрлэж байхад иргэд хогоо, тамхины ишээ хогийн саванд хийхийг харах шиг сайхан зүйл үгүй.

 

Ж.Сүхбаатар: Өнөөдөр халуун, хүйтэн ус доголдолгүй өнжөөсэй гэж залбирдаг

 

-Энэ том гавьяа шагналын нэр хүнд, хүмүүсийн итгэл, хүндэтгэлийг яаж дааж, авч явах вэ гэдэг асар их хариуцлага.

 

–  Слесарь хийдэг байхад өвөл хөлдсөн шугам, хоолойг гэсгээх гээд өөдөөс ус цацарч өмд хөлддөг байсан. Мөстсөн өмдтэйгээ ажлаа хийгээд явдаг л байлаа. Энэ бол нэг их хүндрэл биш.

 

-Өнөөдөр халуун, хүйтэн ус доголдолгүй өнжөөсэй гэж  залбирдаг.  Хариуцдаг орон сууцнуудаа хараад амар тайван байгаад нь баярладаг. Үүний төлөө л бид ажилладаг юм шүү дээ.

 

– Нэг ажил барьж авбал түүнийгээ дахиж хүн хийхээргүй болтол “яс” болгочихъё гэж ажилладаг.

 

– Би цаг ягштал барьдаг, ажил таслах үнэн голоосоо дургүй.

 

– Ажлаа л сайн чанартай хийж, тууштай хөдөлмөрлөе гэж бодож явсаар өдий хүрсэн.

 

У.Эрдэнэтуяа: Хэзээ ч хамаагүй дуудахад ажиллах нь бидний үүрэг

 

– Гавьяат болсон оройноо шууд ээжийндээ очиж, хамт хонолоо. Өглөө нь галыг түлж, сайхан цай чанаж өгчихөөд ирсэн.

 

– Амьдрал минь УСУГ-тай, энэ цагаан байшинтай салшгүй холбоотой.

 

– Утсаа унтраах эрхгүй, хэзээд шуурхай дуудаж магадгүй. Тэнд шугам эвдэрлээ л гэхэд бэлэн байх үүрэгтэй. Шөнө, үүрээр гээд хэзээ ч дуудахад ажиллах нь бидний үүрэг.

 

– Бөглөрсөн, хагарсан шугамыг олон цаг, олон өдөр зассан тохиолдол зөндөө. Нэг удаа гуравдугаар сургуулийн урд талын шугам задрахад долоо хоногийн турш өдөр, шөнөгүй гүрийж байгаад зассан.

 

 -Нэг байгууллагад, нэг мэргэжлээр, тэгээд бүр яг нэг байшинд ийм олон жил ажилласан хүн ховор байх.

 

-Бохир усны шугам засна гэдэг хүн бүхэн дурлах ажил биш. Хүний өтгөн шингэн урсана, үнэрээс нь авхуулаад ажиллахад хэцүү шүү дээ. Би ийм ажил хийж яваадаа бусдаас ичиж, шантарч байгаагүй.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.11.12 МЯГМАР  №224  (6191)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ