“З.Баянсэлэнгэд эрүү шүүлт тулгаж байна”

2019-11-11

Ч.ЗОТОЛ

БХБ-ын сайд асан З.Баянсэлэнгэ  Хорих 461 дүгээр ангид хоригдоод 22 хонож байна. Өнгөрсөн сарын 21-нд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс түүнийг “Өмгөөлөгчөөсөө татгалзсан” гэсэн үндэслэлээр цагдан хорьсон юм. Хоригдсоноос хойш тэрээр  цусны  даралт хэлбэлзэлтэй хямралын байдалд  байгаа аж. Учир нь 461 дүгээр ангид   хоригдсоноос нь тав хоногийн дараа төрсөн дүү нь нас барсан. “Оршуулах ёслолд нь оролцуулж өгнө үү”  гэсэн ар гэрийнх нь  хүсэлтийг  шүүх хүлээж аваагүй.  Гэртээ ганцаар үлдсэн 17-хон настай охин нь энэ тухай ХЭҮК-т захидал бичсэн ч хүүхдийн эрх зөрчигдсөөр байна.  Иймд  СХД-ийн МАХН-ын Түмтийн гишүүд, иргэд  дэмжигчид  энэ асуудлыг хүний эрхийн байгуулллага, төр засаг, олон нийтийн анхааралд хүргэхээр  “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал хийсэн юм. Тэдний байр суурийг хүргэе.

С.Орхонбаяр /СХД-ийн МАХН-ын Түмтийн дэд дарга/: Ч.Сайханбилэгийн хариуцах асуудалд  З.Баянсэлэнгийг хэлмэгдүүлсэн

-Шүүх үйл ажиллагаа  хийгээд цагдан хорьсон явдал нь хууль зөрчсөн гэж бид үзэж байгаа. Гэсэн ч хүлээцтэй хандаж, 7-10 хоногийн дараа суллах байх гэж харсан. Гэтэл сулласангүй, үүнээс улс төрийн захиалгат хэрэг гэдэг нь улам бүр тодорч байна. Цаашдаа ч үргэлжлүүлэн  хорих хандлагатай байна. Ямар хэрэгт холбогдуулж байгаа вэ гэхээр тухайн үед АН-ын   мөрийн хөтөлбөрт орсон Түрээсийн орон сууцны заалтыг Засгийн газар нь хэрэгжүүлсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өгсөн үүрэг даалгаврын дагуу Түрээсийн орон сууцанд иргэдийг оруулах ажлыг БХБЯ хариуцан зохион байгуулсан байдаг. Ингэхдээ Монгол Улсын Засгийн газраас  2016 онд гаргасан  298 тоот тогтоолын дагуу гүйцэтгэсэн. Тэр  тогтоол нь  маш тодорхой, ердөө гуравхан заалттай. Түүнд “Түрээсийн 223 айлын орон сууцыг өөр хэнээс ч биш “Бэрэн” компаниас ав” гэж БХБ-ын сайдад үүрэг болгосон. Өөрөөр хэлбэл, тендер зарлах, сонгон шалгаруулалт хийх, аль нэгэн байрыг сонгох бололцоог хаасан. “Бэрэн” хэний, ямар компани болохыг улс төрийн хүрээнийхэн бүгд мэдэж байгаа. Энэ бол З.Баянсэлэнгэд огт хамаагүй, МАХН-тай  ямар ч холбоо хамааралгүй. Зөвхөн “Бэрэн” компаниас ав гээд түүнд  зориулагдсан 15 тэрбум төгрөгийг векселээр олгохыг Сангийн сайд Б.Болорт үүрэг болгосон. З.Баянсэлэнгэ Засгийн газрын тогтоолыг  биелүүлсэн. Тухайлбал, 220 айлыг биш 223 айлыг орон сууцанд оруулж. “”Бэрэн” компаниас “Хангай хотхонд ав” гэсэн газраас нь аваад өгсөн. Засгийн газрын тогтоолыг биелүүлснийхээ төлөө өнөөдөр тэр хүнд ял шийтгэл ногдуулна гэдэг байж болохгүй. Тиймээс энэ бол улстөрийн захиалгаар явж байгаа хэрэг гэж бид үзэж, эсэргүүцэж байна.

Ж.Энхтуул /СХД-ийн VIII хорооны иргэн/: Шүүх хурал, шүүгч нарын байдлаас захиалгат хэрэг гэдэг нь харагдсан

-Шүүх хуралд СХД-ийн иргэд бид очсон. Иймд тэнд юу болсныг ярья. Энэ үйл явцаас З.Баянсэлэнгийг хилсдүүлж, хэлмэгдүүлж байгаа нь ойлгогдож байгаа. Өнгөрсөн сарын 21-нд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх хурал эхлэхэд  танхимд дөрвөн шүүгч орж ирсэн. Өмгөөлөгчийн зүгээс “Гурван шүүгч байх ёстой атал яагаад дөрөв байгаа юм бэ. Та дөрвийн хэн нь шүүх ёстой юм бэ, үүнийгээ тогтоож өгөөч” гэсэн хүсэлт тавьсан. Тэд  “Бид цаанаасаа томилогдсон шүүгч” гэсэн. Иймд өмгөөлөгч нь З.Баянсэлэнгэд хандаж “Би өөрийг чинь өмгөөлөх хэцүү боллоо. Энэ их бүрхэг хэрэг байна, шүүх гэж байгаа шүүгчид тодорхой биш байна. Би таныг өмгөөлөхгүй гэж хэлэх эрх байхгүй. Харин та өмгөөлөгчөөс татгалзах эрхтэй” гэсэн. Ингээд З.Баянсэлэнгэ “Өмгөөлөгч маань намайг өмгөөлөхөд хэцүү байгаа юм чинь би өмгөөлөгчөөсөө татгалзъя” гэж хэлсэн. Гэтэл шүүгчид “Өмгөөлөгчөөсөө татгалзсан учраас хорино” гэснээр Хорих 461 дүгээр анги руу авч явсан.Энэ бол хууль зөрчсөн шударга бус үйлдэл,  захиалгатай хэрэг гэж бид үзэж байна. МАХН-аас орон сууцны хөтөлбөр дэвшүүлэхтэй зэрэгцүүлэн айлгах, сүрдүүлэх үйл ажиллагааг З.Баянсэлэнгийг баривчилж хорьсноор  эхлүүлж байна гэж харж байна. Иймд шүүх шударга ажиллаасай, гэмгүй хүнийг суллаасай. Мөн гэртээ ганцаараа үлдсэн өсвөр насны охины эрхийг зөрчихгүй байхыг   шаардаж байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ