Я.Эрдэнэсайхан: ЖДҮХС-гаас зээл авсан төслүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлнэ

2019-11-11

Т.БАТСАЙХАН

ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Я.Эрдэнэсайхантай ярилцлаа.

-Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого зохицуулалтын газраас зээл олгох сонгон шалгаруулалтыг явуулж дууссан байна.  Энэ жилийнх нэлээд онцлог зохион байгуулалттай болсон.  Энэ тухай тодруулахгүй юу?

-Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хууль сүүлийн хоёр жилийн хугацаанд парламент дээр хэлэлцэгдэж, 2019 оны зургадугаар сарын 6-ны өдөр батлагдлаа. Энэ хуулийн хүрээнд болон Засгийн газраас баталсан жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрүүд, ЖДҮХС-гаас баталсан, зээл олгох шинэ журмаар энэ жилийн сонгон шалгаруулалт боллоо. Сонгон шалгаруулалт нээлттэй, ил тод болсон. Иргэд, аж ахуй нэгжүүдийн төсөл  шалгарсан, шалгараагүй бүгд энэ жилийн сонгон шалгаруулалтыг шударга боллоо гэж үнэлсэн.  Анх удаагаа төрийн бус байгууллагын төлөөлөл комиссын олонхийг бүрдүүлж ажилласан.  Комиссын долоон гишүүнээс дөрөв нь ТББ-ын төлөөлөл байж, сонгон шалгаруулалтад оноо, дүгнэлт өгөх зэргээр оролцлоо.  Энэ нь эргээд төсөл ирүүлсэн иргэд аж ахуй нэгжүүдэд итгэл үнэмшил төрүүлсэн.  Мөн хяналтын системийг нээлттэй явууллаа.  Сонгон шалгаруулалт явагдаж буй өрөөнд хяналтын камер ажиллаж, оролцогчдод нээлттэй үзүүлсэн.  Мөн бичлэгээ цахимаар олон нийтэд хүргэсэн гээд энэ жилийн сонгон шалгаруулалт нэлээд онцлогтой болсон.

-Төрийн өндөр албан тушаалтнууд ЖДҮХС-гаас зээл авсан асуудал одоо ч  яригдаж байна.  Энэ асуудалд ямар хяналттай ажилласан бэ?

– Энэ жил Төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдний хамаарал бүхий компаниуд шалгараагүй. Учир нь бид 920 гаруй албан тушаалтны мэдээллийг төсөл ирүүлсэн иргэд, аж ахуй нэгжийн мэдээлэлтэй тулгаж, хамааралтай эсэхийг шалгасан байгаа.   Түүнчлэн энэ жил банкиар дамжуулж байгаа зээлийн хүүг бууруулсан. Өмнө нь найман хувь байсан энэ жил 5.4-5.8 хувь болсон. Даатгалын тогтолцоог оруулж ирлээ. Энэ мэтчилэн маш олон шинэлэг зүйлийг нэвтрүүлэн,  ЖДҮХС-гаас зээл авах сонгон шалгаруулалт маань дөрвөн үе шаттай явагдаад дууслаа.

-Маш олон төрлийн бизнесийн төслүүд ирсэн байх.  Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого зохицуулалтын газраас ямар төрлийн бизнес дээр арай илүү “эрх” олгох бодлого баримталж байна вэ?

-Сүү сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн дайвар боловсруулах үйлдвэрүүд, оёмол бүтээгдэхүүн, арьс шир боловсруулах гээд боловсруулах үйлдвэрээ илүү тэргүүлэх салбарт оруулсан. Үүнийг Засгийн газраас хуулийн хүрээнд бүсчлэн тогтоосон.  Аймаг бүрээс судалгаа авч, санал авсан.  Тиймээс манайх боловсруулах үйлдвэрийн  төслийг нэлээд дээгүүр тавьж байна.

-Зээлийн санхүүжилт ямар байдлаар шийдэгдсэн бэ.  Одоо шалгарсан компаниуд зээлийн санхүүжилтээ аваад эхэлсэн үү?

-Энэ жилийн хувьд 2752 иргэн, аж ахуй нэгж 487 тэрбум төгрөгийн санхүүжилт хүсч төслөө ирүүлсэн. Улсын төсвөөс 47 тэрбум, Өмнөговь аймаг орон нутгийн төсвөөсөө гурван тэрбум төгрөг өгөхөөр болсон.  Ингээд 50 тэрбум төгрөгийн санхүүжилт байсан.  Үүн дээр 300 орчим төсөл шалгараад иргэн аж ахуй нэгж гэрээгээ байгуулж, санхүүжилтээ аваад байна.

-ЖДҮДС-гийн зээлийн сонгон шалгалуулалт шударга явагдлаа гэж та ярьж байна.  Тэгвэл үр дүнг та бүхэн юу гэж харж байна вэ?

-Жижиг, дунд үйлдвэрийн салбарт явагдаж буй бодлогыг цогцоор нь харвал нааштай  зүйл олон байна. Үр дүн нь эхнээсээ гарч эхэллээ.   Эхний ээлжинд хөгжлийг дэмжих зээлээ ил тод, шударга сайн зохион байгуулж чадлаа.  Энэ бол  маш том алхам.  Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид тулгамдаж буй дараагийн асуудал нь ажиллах хүчний хомсдол байна.  Үүнийг  шийдвэрлэхээр ХНХЯ, Үндэсний хөгжлийн газар, Ажил олгогч эздийн холбоо болон  ТББ-уудын төлөөллийг багтаасан ажлын хэсэг гарч, миний бие ахлаад ажиллаж байна. Хамгийн богино хугацаанд ажилгүй байгаа иргэдийг нөгөө талдаа ажлын байр нь байдаг, хүн олдоггүй аж ахуй нэгжүүдтэй яаж холбох вэ.  Тэднийг тухайн ажилд нь хэрхэн сургаж авах уу гэдэг дээр бодлого боловсруулж байна.  Түүнчлэн борлуулалтын асуудал бий.  Гадаад, дотоод зах зээлд  аж ахуй нэгжүүдийнхээ бараа бүтээгдэхүүнийг хэрхэн нийлүүлэх вэ, ялангуяа манай урд хөрш гэж маш том зах зээл байна.  Бид бараа бүтээгдэхүүнээ тэдний зах зээлд хэрхэн өрсөлдөх чадвартай гаргах уу гэдэгт дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.  Өнгөрсөн есдүгээр сард Монгол Хятадын экспо боллоо. Энд 400 гаруй аж ахуй нэгж оролцсон. Үүнээс 7.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийж чадсан байна.  Энэ хэрээрээ Монголын үйлдвэрлэгчид болон манай зах зээл хөрөнгө оруулалт болон орж ирж байна гэсэн үг.  Тэгэхээр бидэнд боломж бол байгаа.

-Ер нь ЖДҮ-ийг дэмжих зээлийн бодлогоын эргэн төлөлт дээр ямар бодлого баримталж ажиллаж байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд зээлийн эргэн төлөлт хангалтгүй байсан гэх яриа нийгэмд бий.  Тиймээс зээлийн эргэн төлөлтийг сайжруулах чиглэлд тусгайлан бодлого барьж ажиллаж байна. ЖДҮХС дээр тусгай хэлтэс байгуулаад, эргэн төлөлтийг хариуцан ажилласан. Одоогоор 60 гаруй тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдээд байна. Зарим нэг аж ахуй нэгжийг хууль хяналтын байгууллагад өгөхгүй харсан, үйл ажиллагаа нь алдаа дутагдалтай байсан зүйл бий.  Гэсэн ч үнэхээр зээлээ өгөхгүй байгаа аж ахуй нэгжийг хууль хяналтын байгууллагад асуудлыг нь шилжүүлсэн.  Мөн зарим аж ахуй нэгжтэй уулзалт хийсний дүнд төлбөрөө график гаргаж, барагдуулж байна.  Ингэж төлж байгаа маш олон аж ахуй нэгж бий.  Цаашид төлбөрөө төлөхгүй байгаа аж ахуй нэгжүүдийг олон нийтэд зарлах хүртэл арга хэмжээ авч ажиллана.

-Сонгон шалгаруулалтад тэнцэж зээл авсан ах ахуй нэгжүүдэд өөр ямар төрлийн дэмжлэг үзүүлдэг вэ?

-Бид асуудлыг цогцоор нь харж байна.  Зээл өгөөд хаячихдаг, хугацаанд нь төлж л байвал боллоо гэдэг асуудал  үгүй болсон.  Нэгдүгээрт, зээлээ зориулалтын дагуу ашиглаж байна уу гэдэгт хяналт тавьж байна.  Үйлдвэр барина гэж зээл авчихаад банк буст оруулаад байна уу. Арьс шир боловсруулна гэчихээд махны үйлдвэрт  зарцуулаад байна уу.  Энэ бүхэнд хяналт тавьж байна.  Мөн банкиар дамжиж авсан зээл дээр банктай нь харьцаж байна.  Шууд аж ахуй нэгжид олгосон бол тогтмол хугацаанд мониторинг  хийгээд явна.  Мөн манайхаас зээл авсан аж ахуй нэгжүүддээ бизнесийн зөвлөх үйлчилгээг үзүүлэхээр болсон.  Тухайн аж ахуй нэгжийг яагаад зээлээ төлж чадахгүй байна л гээд байдаг. Гэтэл яг ямар асуудал дээр доголдоод байгаа юм гэдэгт нь зөвлөж ажиллана.  Мөн цаашид зээл авъя гэсэн хүсэлтэй хүмүүст зөвлөх үйлчилгээ үзүүлэх юм.

-УИХ-ын чуулганаар 2020 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Ирэх жилүүдэд ЖДҮХС маань ямар цар хүрээнд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн бэ?

-Манай яамнаас ЖДҮДэмжих төсвөө Сангийн яамд хүргүүлсэн.  Энэ нь Засгийн газар дээр очоод тодорхой хэмжээнд танагдсан байна.  Мөн байнгын хороон дээр  Ж.Ганбаатар нарын гишүүд 50 тэрбум төгрөг төсөвлөх нь зүйтэй гэсэн санал гаргасан ч мөн л санал нь дэмжигдсэнгүй.   ЖДҮ эрхлэгчид маань бидэнтэй холбогдож маш их санал  тавьж байна.   Үүнийг  хэрхэн шийдэх нь УИХ-ын эрх хэмжээний асуудал.  Ер нь  ЖДҮ-г хуваахаар хоршооны, ахуйн үйлчилгээний гээд хоёр салбар болж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүдтэй хамтран Хоршооны тухай хуулийг өргөн барилаа.  Удахгүй чуулганаар хэлэлцээд явах байх. Хоршоог  хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрийг саяхан Засгийн газрын хуралдаанаар баталсан.   Тэгэхээр хуулийн төсөл болон хөтөлбөрт хоршоог хөгжүүлэх талаар ямар бодлого чиглэл барих юм гэдгийг маш тодорхой тусгасан.  Хоршооны тухай олон нийт ойлголт муутай байдаг.  Ер нь  ЖДҮ-ийн хамгийн эхний нэгж юм.  Эхнээсээ эхлээд нийгэм, эдийн засгийн зөв гольдролоор яваад эхэлбэл ямар ч төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн энэ салбар хөгжих бүрэн боломжтой.  Ахуйн үйлчилгээний хөтөлбөр боловсруулаад Засгийн газрын хуралдаанд оруулсан.  ХНХЯ, НЗДТГ-аас тодорхой санал оруулахаар түр хойшилсон байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.11.11  ДАВАА  №223  (6190)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ