С.Төмөрдулам: Хотын иргэний стандартыг бий болгох нь зүйтэй

2019-11-11

Т.БАТСАЙХАН

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдуламыг урьж, ярилцлаа.

 

ИРГЭДИЙН ТАЙВАН, АЮУЛГҮЙ АМЬДРАХ ҮНДЭС НЬ СТАНДАРТ

 

-Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хотын стандартыг гаргаж, түүнийгээ амьдрал ахуйдаа ягштал хэрэгжүүлж байна. Зарим орнууд стандартыг хөгжлийн түлхүүр гэж ярих нь бий. Учир нь тухайн хотын тогтвортой хөгжил, иргэдийн тайван, аюулгүй амьдрах үндэс болдог.  Нөгөө талаар зөв дэд бүтэц, аюулгүй орчин, тогтвортой хөгжил ч гэж ойлгож болно. Тиймээс Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан ажлаа аваад хоёр агентлагийг нэмж, байгуулсных нь нэг нь манай газар юм.    Иргэдийн аюулгүй байдлыг бүрдүүлэх, хяналт зохицуулалтыг хийх чиг үүрэг бүхий байгууллага. Өнгөрсөн тавдугаар сард байгуулагдаж, би даргаар нь ажиллах үүрэг хүлээсэн. Аливаа салбарт стандарт норм алдагдаад ирэхлээр л асуудал үүсээд эхэлдэг. Үүнийг Хотын дарга олж харж, тусгайлсан чиг үүрэг бүхий бүтэц байх нь зүйтэй гэж үзсэн байна.  Манай нийслэлд ямар олон асуудал байгааг та бүхэн мэдэж байгаа. Хамгийн наад зах нь иргэдэд аюулгүй амьдрах орчин нөхцөл дутмаг байна.   Бид өнгөрсөн хугацаанд энэ  чиглэлд нэлээд ажил хийлээ.   Манайхаас болон нийслэлийн төр засгийн байгууллагуудаас бүрдсэн Ажлын хэсэг гарч, 5423 асуудлыг газар дээр нь очиж бүртгэлжүүлсэн.  Түүний  дараа Монгол Улсад мөрдөгдөж буй стандартуудыг авч, судаллаа.  Манайд бүртгэлтэй 6300 стандарт байна.  Түүнээс нутгийн захиргааны байгууллагууд ердөө л 702 стандартыг хэрэглэж байна. Энэ бол маш хангалтгүй тоо.  Ингээд цааш судлахаар  зарим стандарт хаалттай байна.  Нэг хуудсыг 6000 төгрөгөөр үнэлж, зарж байна.  Олон улсын стандарт  нь өндөр үнэтэй байдаг учраас тэр бүхнийг манай байгууллагууд худалдаж авахад хүндрэлтэй байдаг.  Түүнчлэн  зарим нь 1980, 1990 онд батлагдаж байсан байх жишээтэй.   Тэгэхээр энэ стандартууд нь үнэхээр Монголын өнөөгийн хөгжилд тохирч байна уу үгүй юу гэдэг асуудал ч байна.  Ер нь стандартын салбарт ялангуяа хотын стандартыг бий болгож хөгжүүлэхэд  асуудалтай зүйл олон байна.

 

“ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ МАРТАГДСАН БАЙНА”

Блиц

Сүхийн Төмөрдулам

Боловсрол:

1974-1984 онд: Өвөрхангай аймгийн II бүрэн дунд сургууль

1984-1989 онд: ОХУ-ын Москва хотын Агаарын зураглал, геодези,картографын их сургуулийг геодезийн инженер мэргэжлээр төгссөн.

1991-1993 онд: ОХУ-ын Москва хотын Агаарын зураглал, геодези,картографын их сургуулийн техникийн ухааны магистр

Англи, орос хэлтэй

Ажлын туршлага:

1987-1993 онд: Улсын геодези, зураг зүйн газрын Инженер геодезийн хэлтэст геодезийн инженер,

1993-2004 онд: Хот байгуулалт, төлөвлөлтийн газар, Газрын албанд геодезийн инженер

2003-2004 онд: Нийслэлийн барилга, хөрөнгө оруулалтын газрын Мэдээллийн төвийн картографийн инженер

2004-2006 онд: Нийслэлийн эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэнгийн Мэдээллийн төвийн дарга

2006-2013 онд: Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Хот төлөвлөлт, мэдээллийн хэлтсийн дарга

2013-2016 онд: Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтсийн дарга

2019 оны тавдугаар сараас: Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын даргаар тус тус ажиллаж байна.

 

-Иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулж, стандарт мөрдөж ажиллаагүй 379 барилгын байршлыг тогтоосон.  Мөн 301 байршилд хүүхдийн тоглоомын талбайд стандарт алдагдсан.  Шинэчлэн дахин байгуулах шаардлага үүссэн. Түүнчлэн ногоон байгууламж гэдэг нь ямар стандарттай байх юм.  Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламж ямар хэмжээнд байгааг судаллаа.  Барилгын салбарт сүүлийн үеийн томоохон бүтээн байгуулалтууд нь олон улсын стандарт хэрэглэж байна. Бидний судалсан 379 байршлын тухайд үнэхээр хэцүү, нөхцөл байдал үүссэн. Иргэдийн аюулгүй байдал тэнд мартагдсан.  Хүний дээрээс нь юм унаад ирэхэд энүүхэнд болсон байна.  Хүүхдийн тоглоомын талбайн асуудал ч хүнд байна.   Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хүүхдэд хандсан бүх зүйлсийг стандартчилсан байдаг.  Түүнийгээ ягштал мөрдөж, баримталдаг. Гэтэл манай хүүхдийн тоглоомын талбай аюулгүй орчин бүрдүүлж чаддаггүй. Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс статистик тоон судалгаа авсан. 2017, 2018 оныг харьцуулсан дүнгээр орчны осол гэмтлийг улмаас 2017 онд 680 хүүхэд ирсэн бол 2017 онд түүнээс хоёр дахин өссөн байна. 2019 оны эхний хагас жилийн байдлаар уналтаас үүдсэн гэмтэл бэртлээр эмнэлэгт хандсан 28600 гаруй иргэн байна. Энэ тоо жил ирэх тутам нэмэгдэж байгаа нь хамгийн харамсалтай.  Тэгэхээр бид  ямар орчинд амьдраад байна даа.  Үүндээ үнэлэлт дүгнэлт өгөх цаг болсон.

 

 

“ТӨЛӨВЛӨЛТИЙН СТАНДАРТЫГ АЛДАНА ГЭДЭГ ХОТОО АЛДСАНТАЙ ЯЛГААГҮЙ”

 

-2020 онд Улаанбаатар хотыг сая гаруй  хүн амтай, 47 нэгж  хороололтой байна гэсэн Ерөнхий төлөвлөгөө 2013 онд гарсан байдаг.  Засгийн газрын тогтоолтой, энэ бол хууль.  Гэтэл үүнийг мөрдөөгүй. 2020 оны Ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг саяхан дүгнэхэд 29 хувьтай байна.  Тухайн үед 47 нэгж хорооллын хэчнээн сайн зураг төсөл гарсан байлаа.   Энэ хороололд тэдэн хүн амьдарна, ийм байшинтай байна,  үүгээр нь зам явна гээд төлөвлөчихсөн байсан.  Гэтэл үүнийг хэрэгжүүлж чадсангүй.  Үүн дээр төрийн байгууллагууд маш хариуцлагагүй хандсан.  Төлөвлөлтийн стандартыг алдана гэдэг нь хотоо тэр чигээр нь алдсантай ялгаагүй.   Нэг хороололд 500 хүн амьдарна гэсэн байтал одоо тэнд нь 1000 хүн амьдарч байна. Энэ төлөвлөлтийн стандартыг яагаад алдсан гэхээр газар зохион байгуулалтын бүсчлэлгүй болсон.   Уг нь газар зохион байгуулалтын бүсчлэлийн Ерөнхий төлөвлөгөө гэж бий.  Түүгээр энэ газарт нь орон сууц, энд үйлдвэр, зам барина гээд маш тодорхой нарийн заачихсан.  Гэтэл манай газрын албаныхан орон сууцны газар нь зочид буудал барих зөвшөөрөл, үйлдвэрийн газар нь орон сууцын зөвшөөрөл өгөөд бариулчихсан.  Одоо үүнийг засахын тулд эргээд газар зохион байгуулалтын стандартаа барьж ажиллах ёстой.  Мөн тухайн стандартыг барьж ажиллагаагүйгээс өнөөдөр нийслэлийн иргэд “хохирчихоод” л явж байна. Гэтэл тэр хариуцлагыг хүлээх хүн байдаггүй.  Хариуцлагын асуудал төрийн байгууллагуудад маш сул байна.  Байгуулллагуудын дүрэм журмыг үзэхээр “стандарт мөрдөнө хянана” гэсэн үгнүүд байдаг.  Гэтэл стандарт гэж юу юм.  Яаж мөрдүүлж, яаж хянах гээд байгаа юм тэр бүхэн нь тодорхойгүй байна.  Одоо бол ингэж ажилламааргүй байна.    Стандарт бол стандарт түүнийгээ мөрдөнө.  Төлөвлөлтийн стандартаасаа эхлээд бүхнийг ягштал харж тулгаж байж үйл ажиллагаагаа эхлүүлнэ.   Эргээд хяналтаа ч тавина.  Ингэж байж иргэдээ хамгаалахгүй бол би ч иргэн та ч иргэн. Үүний төлөө л манай байгууллага ажиллах юм.  Бид стандарт гэдэг зүйлийг дагаж мөрдөхгүйгээр цааш хөдлөхгүй, хөгжихгүй.   Тиймээс удахгүй “Нэг хот нэг стандарт” зөвлөгөөнийг зохион байгуулж, манай газраас хийсэн судалгааг цааш нь яаж үргэлжлүүлэх, хэн зөрчлөө арилгаж, ямар газар нь хяналт тавих юм гэдгийг ярилцах юм.  Хотын стандартын бичиг баримттай болох эхний баримт бичгүүд тэндээс гарна.

Түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчит 1200 гаруй байгууллагын гадна хаягийн загварын 90 орчим хувь нь хууль, журам, стандартад нийцээгүй, төрийн сүлд, соёмбыг буруу хэрэглэсэн, өнгө загвар үсгийн хэмжээг баримтлаагүй зэрэг олон алдаа дутагдлууд байсан. Манай байгууллагаас хаягийн самбарын загвар, хэмжээг дээд газар, яам, тэдгээрийн харьяа байгууллага, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллага, дүүргийн Засаг даргын Тамгын газар, хэлтэс, харьяа байгууллага гэсэн гурван загвараар стандартчилж гаргасан. Энэ нь тухайн байгууллагын нүүр царайг харуулаад зогсохгүй Улаанбаатар хотын маань төрийн захиргааны байгууллагуудын уялдаа холбоо, нэгдмэл байдлыг харуулж байгаа юм. Бид цаашид хувийн хэвшлийн байгууллага болон худалдаа, үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын гадна хаягжилтад стандарт нэвтрүүлэхээр ажиллаж байна.

 

ОЛОН УЛСАД БОЛ ШАЛГАЛТ АВЧ ХОТЫН ИРГЭН БОЛГОДОГ

 

-Түүнчлэн иргэд бүхий л зүйлийг төрөөс  хийх ёстой гээд дээшээ хараад суучихдаг. Гэтэл аливаа асуудалд иргэдийн оролцоо чухал байна. Бид хэчнээн олон стандартын баримт бичиг гаргаад иргэд “хөдлөхгүй” бол энэ бүхэн хэрэгжихэд хүндрэлтэй.   Орон сууцны хороолол дунд баригдаж байгаа тоглоомын талбай нь үнэхээр стандарт хангаж байна уу, үгүй юу гэдгийг иргэд маань хянах үүрэгтэй.  Манайхнаас гаргаж байгаа Хүүхдийн тоглоомын талбайн стандарт, норм цахим орчинд нийтэд ил тод байна.  Түүнийг олж хараад шаардлага хангахгүй бол эргээд байгууллагад хандах тийм сэтгэлгээтэй байх нь чухал.  Эрүүл аюулгүй, шаардлага хангасан хоттой болъё гэж бодож байгаа бол иргэн хүн өөрсдөө соёлтой байх ёстой.  Энэ нь эргээд хотын иргэний стандарт бий болгох шаардлагыг үүсгээд байгаа юм.  Европын орнуудад хотын иргэний стандарт гэж мөрддөг.  Түүнчлэн Японы жишээ байна.  Та хөдөөнөөс хот руу шилжиж ирж байгаа бол  хотын иргэн болох тэр дүрмэнд заавал суралцана.  Тодорхой цаг хугацаанд суралцаад шалгалт өгч байж, сая хотын иргэн болно.  Австрали байна.  Зургаан сарын хугацаанд тийм сургалт явуулдаг.  Хог ангилахаас эхлээд жолооны дүрэм заана.  Ингэж хотынхоо соёл суралцсаны дараа хот нь иргэнээ бүртгэж авна.  Энэ нь өөрөө хувь хүний стандарт юм.  Тэгэхгүй манайхан өнөөдөр яаж байна.  Хөдөөнөөс хот руу орж ирдэг.  Нэг орон сууцанд орлоо, орцоор нь дүүрэн хог, тамхины иш байна.  Үнэхээр тэрийг хотын албаныхан  бүгдийг нь цэвэрлээд дийлэхгүй шүү дээ.  Иргэдийн оролцоо гэдгийг үүн дээр хэлээд байгаа юм.  Бүгдээрээ хотод амьдаръя л гэж бодож байгаа бол ядаж хогоо  ангилчихдаг баймаар байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.11.11  ДАВАА  №223  (6190)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ