Долоо хоногийн фото тойм

2019-11-10

Даваа гариг  11 САРЫН 4 


Налайхын зам нээлт

Налайхын зам буюу Улиастайн гүүрээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км автозамын хөдөлгөөнийг нээлээ. Тус 20.9 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа билээ.

Замын хөдөлгөөний нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, Зам тээврийн хөгжлийн сайд, дэд сайд, нийслэлийн удирдлагууд, замыг барьсан компанийн удирдлага, ажилчид, иргэд оролцов.

Гачууртын уулзвараас Налайх- Чойрын уулзвар хүртэлх замын гүйцэтгэгчээр “Синохайдо Лимитед Корпорейшн” компани ажилласан байна. Нийт дөрвөн эгнээ зорчих хэсэгтэй, явган хүний таван гүүр, долоон байршилд машины зогсоолтой, ус зайлуулах хоолойтой, гэрэлтүүлэг сайтайг онцоллоо. Түүнчлэн эсрэг урсгалын машины гэрэлд гялбахаас сэргийлсэн 60 см өндөртэй хашлагатай, гурван цэгт хяналтын камер, хурд хэмжигчийг байрлуулжээ.

 

Мягмар гариг 11 САРЫН 5


Залуу инженерүүдийн үндэсний чуулган

Монголын инженерүүд дижитал шилжилттэй хөл нийлүүлж, аж үйлдвэрийн IV хувьсгалд том хөдөлгөгч хүч болно гэв. Ерөнхий сайдын ивээл дор болсон  “Залуу инженерүүдийн үндэсний чуулган”-нд оролцогчид ийм байр суурийг илэрхийллээ.

Тус чуулганы зорилго   Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлыг танилцуулахын зэрэгцээ залуу инженерүүдийн санал, санаачилгыг сонсох байв. Иймд оролцогчид  мэдээлэл технологи, харилцаа холбоо, уул уурхай, барилга, эрчим хүч, зам тээврийн салбарын өнөө ба ирээдүй сэдвээр илтгэл сонсч хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

 

 Лхагва гариг 11 САРЫН 6


Ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн дарга нарын нэрийг зарлана

 Засгийн газраас төрийн албан хаагчийн ёсзүйн дүрмийг шинэчилж, зарим, зүйл заалтыг чангатган мөрийтэй тоглоомын газраар үйлчлүүлсэн төрийн албан хаагчийг шууд ажлаас нь чөлөөлөх, дахин төрийн албанд ажиллахыг хориглох, цалингаасаа өндөр үнэтэй бэлэг авахыг хориглолоо.

Мөн ажлын байранд бэлгийн дарамт учруулсан үйлдэл гаргах, албаны тээврийн хэрэгслийг хувийн хэрэгцээнд ашиглах, албан ажлаар агаарын тээврээр үйлчлүүлэхдээ бизнес ангилалаар зорчихыг хориглох нь зүйтэй гэж үзжээ. Тиймээс тодорхой хориглох үйлдлүүдийг Төрийн албаны тухай хуульд нарийвчлан зааж тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Түүнчлэн ёсзүйн дүрэм болон хуульд заасан хориотой үйлдлүүд гаргаж шийтгэгдсэн төрийн албан хаагчдын нэрсийг  зарлаж, жил бүр олон нийтэд хэвлэн нийтэлж, түгээх нь зүйтэй гэв.

 

Пүрэв гариг 11 САРЫН 7


“Байгал говь” гар зургийн үзэсгэлэн

Хүүхдийн урлан бүтээх төвд олон улсын  хүүхдийн “Байгал говь” гар зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд Эрхүү хотын дөрвөн тусгай сургуулийн  сурагчдын 50 бүтээл, 25 дугаар сургуулийн сурагчдын 40, Хүүхдийн урлан бүтээх төвийн сурагчдын 10 бүтээлийг дэлгэсэн байв. Хоёр өдөр үргэлжилсэн үзэсгэлэнд орос хүүхдүүд Монголын говь, үлэг гүрвэлийг, харин монгол хүүхдүүд Байгал нуурыг дүрслэн зуржээ.

 

Баасан гариг 11 САРЫН  8


Монголын үндэсний фронт УИХ-д хоёр шаардлага хүргүүлнэ

 “Монголын Үндэсний фронт” –ын   зохион байгуулж байгаа “Эх орон дуудаж байна” жагсаал /2019.11.08/ Сүхбаатарын талбайд 11:00 цагт товлогдсон байсан ч  хугацаанаасаа нэг цагаар  хоцорч эхэллээ. Жагсагчид  хоёр шаардлагыг  УИХ-д тавьж байна.  Нэгдүгээрт,  Монголын төрд байх ёсгүй гэмт хэрэгт холбогдсон, ёс зүйгүй хүмүүс сууж байгаа, иймд УИХ өөрөө  тарах ёстой. Хоёрдугаарт, ёс суртахуун, эрх зүйн чадамжгүй УИХ-ыг    Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  тухай  хуулийн төслийг батлах эрхгүй гэж үзэж байгаа юм.

Жагсаалд нийслэлийн есөн дүүрэг,  21 аймгаас ирсэн иргэдийн  төлөөлөл иржээ. Залуусын төлөөлөл цөөн, их төлөв 40-өөс дээш насныхан Сүхбаатарын талбайд цугласан байна. Цагдаагийн  алба хаагчдын зүгээс жагсаалд оролцогчдын  аюулгүй байдлыг хангах, нийтийн эзэмшлийн талбай, эд хөрөнгөд халдахгүй байх бүхий л  боломжийг ханган ажиллаж байгаа. тэгвэл жагсаал зохион байгуулагчид ч харуул, хамгаалалтад анхаарч байгаагаа хэлж байлаа.

Эх сурвалж www.polit.mn 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ