Улаанбаатарыг Мельбурнд хөндсөн зураач Heesco

2019-11-08

С.УЯНГА

Австралийн Мельбурн хотод амьдарч уран бүтээлээ туурвиж буй зураач Х.Хоснаранг улс төр, шуурхай мэдээллийн WWW.POLIT.MN сайтынхаа “Нэг өдөр” булангийн зочноор  урилаа. Түүнийг олон нийт Heesco нэрээр нь илүүтэй мэддэг. Түүнтэй цахимаар холбогдож дэлгэрэнгүй ярилцлаа.

 

НЭГ ЗУРАГ ЗУРАХАД 42 ХОНОГ, 800 ГАРУЙ ШҮРШДЭГ, 300 ЛИТР БУДАГ ХЭРЭГЛЭСЭН УДАА БИЙ

-Австралид багагүй хугацаанд ажиллаж амьдарч буй юм билээ. Анх сурахаар очсон байх. Одоо зорилго өөрчлөгдсөн үү. Танай гэр бүлийн амьдралын хэв маягийг сонирхож байна. Тухайлбал, та одоо ямар ажилд төвлөрч ажиллаж байна вэ?

– Анх 1999 онд Седней хотноо ирж бизнес сургуульд сураад үргэлжлүүлээд урлагийн сургуульд суралцаж төгссөн. Угаасаа л энд уран бүтээлч болно гэсэн зорилготой ирж байсан болохоор зорилгодоо хүрэх гэж зүтгэсээр байгаад л хүрсэн дээ. Яг бодоо бол Нью-Иорк бас Мексик улсаар аялж зургаа зурахаар бэлтгэж байна.

-Граффити урлагаар 30 метрийн өндөртэй хананд зураг зурсан нь их анхаарал татсан шүү. Зургийн хэрэгсэл, цаг хугацаа, хана талбайнаас эхлээд их өвөрмөц санагдаж байна л даа. Анх энэ санаа хэрхэн төрөв?

-Австрали улсад ийм өндөр сило байгууламжуудаар одоогийн байдлаар 30 илүү тоотой  уран бүтээл хийгдсэн байгаа. Хоёр жилийн өмнө би анхны силог  New South Wales мужид зурсан нь тус мужид зурсан анхных нь болж байсан. Одоогоор нэмж хоёрыг зурсан байгаа. Иймэрхүү бүтээлүүүд дандаа захиалгын чанартай байдаг. Муж тосгоны эрх баригчид болон иргэдээс анх санаа нь гарч уран бүтээлчид шалгаруулж зуруулдаг юм. Би тэдний санаанд нь тохирсон зургийн загварыг бэлдэж шалгарч зурж байсан.

Зурахдаа би голдуу шүршдэг будаг хэрэглэдэг. Сүүлчийн сило зурахад 42 хоног 800 гаруй шүршдэг будаг 300 литр будаг хэрэглэсэн тооцоолол бий. Цилиндр хэлбэртэй ханан дээр зурахад мэдэж асуудал их байдаг. Дээр нь цаг агаар, машин төхөөрөмж гээд олон талын асуудал гардаг. Тэр болгонд бэлтгэлтэйгээр л ажиллаж гүйцэтгэдэг дээ.

-Таны уран бүтээлийг харахаар ихэвчлэн монгол хэв маяг харагддаг. Уран бүтээлийн санаагаа оюун ухаандаа хэрхэн “зурдаг” вэ. Магадгүй энэ урлаг нээлттэй сэтгэх эрх чөлөө олгодог байх?

-Гадаа ханан дээр зурна гэдэг мэдээж эрх чөлөөтэй ч нөгөө талаасаа бас олон нийтийн дунд орших болохоор тодорхой хязгаартай. Зургийн сэдвүүдийг байнга л толгойдоо эргэцүүлж явдаг зүйл л дээ. Хана болгон өөр, тохирох, тохирохгүй сэдэв, байрлал гэж бий. Тэр болгонд нь зохицуулаад тохирох зургийг нь зураад явахыг болдог.

Монгол хүн болохоор мэдээж Монгол сэдэвтэй зураг зурах сонирхолтой байлгүй яахав.Гадны хүмүүст монгол соёлоо аль болох түгээхийг хичээдэг. Гэхдээ Монгол сэдэв бас тохирох газар, тохирохгүй газар гэж байна. Би өөрөө бас зөвхөн Монгол сэдэвтэй зураг дагнаж зураад байх сонирхолгүй, тухайн үед ямар зураг ямар сэдэв тохиромжтой байна тэрийг нь мэдэж тохируулж бүтээлээ хийдэг дээ.

-Таны  уран бүтээл хэдэн орныг чимсэн бол. Тэрдундаа Монголдоо хэр их уран бүтээл туурвиж байв?

-Миний бүтээлүүд голдуу Австрали бас Монголд  илүү их бий. Би одооноос л гадны илүү олон орноор аялаж бүтээлээ хийж эхэлж байна. Нью-Иорк  хотод  хэд хэдэн удаа зурсан. Сингапур, Вьетнамд өмнө нь зурж байсан. Энэ жил Улаан-Үүд хотноо граффит наадамд амжилттай оролцсон. Тэнд хэд хэдэн бүтээл хийсэн. Ирэх жил Европ, Азиар аялаж зурах төлөвлөгөөтэй байгаа.

Монголдоо бол зун болгон л очиж зурдаг даа. 2012 оноос хойш нэлээн л олон газар зурсан. Одоо бол бараг тоог нь алдчихаж. Энэ зун Солонгон бүрхүүл төсөлд ажиллаж гэр хорооллын усны худгууд дээр уран бүтээлч залуустай нийлж зурсан. Өнгөрсөн жил Монгол дахь НҮБ-ын захиалгаар бас олуулаа зурж байсан. Бас Монгол дахь Австралийн Элчин сайдын яамны оффис дотор бүтээл минь бий.

 

УЛААНБААТАРЫН УТААНЫ АСУУДЛЫГ УРАН БҮТЭЭЛЭЭ ДАМЖУУЛЖ ГАДНЫ АНХААРЛЫГ ТАТАХЫГ ЗОРЬСОН

-Гадаадад ажиллаж, амьдрахаар эх орноо санадаг байх. Хаа сайгүй хар бараан мэдээлэл дунд Монголоо өмгөөлөх сэтгэл ч их төрнө биз дээ?

-Мэдээж Монголоо санадаг болохоор л зун болгон ирдэг. Ирэх болгондоо л залуусаа уриалж зурдаг. Бас Австралид Улаанбаатарын утааны асуудлыг дэвшүүлсэн сэдэвтэй хэд хэдэн бүтээл хийсэн. Ер нь цаашдаа гадаадад энэ сэдвээр бүтээл нэлээн хийх бодолтой байгаа. Би Лантуун дохио, Breathe Mongolia, Солонгон бүрхүүл гээд гурван төрлийн төрийн бус байгууллагатай хамтарч ажилладаг. Бид хүүхдүүдийн ирээдүйн төлөө л голдуу чиглэсэн ажил хийж байна.

-Гадаад улс оронд ажиллаж амьдарч байхад Монголд нэвтрүүлэх шинэ санаа их төрөх үү. Тухайлбал, таны хувьд эх орондоо ирээд хамгийн түрүүнд юу хийхийг хүсч байна вэ?

-Өнөөгийн Монголын асуудлуудыг бичээд байвал нэлээн урт жагсаалт гарах байх. Бүх асуудал хоорондоо уялдаатай болохоор зөвхөн нэгийг нь тусад нь шийднэ гэж байхгүй. Гэхдээ болохгүй байна гээд гомдлоод суухын оронд бага багаар ч гэсэн өөрөө биеэрээ өөрчлөлтийн төлөө, энэ байдлыг сайжруулахын төлөө зүтгэж хөдөлмөрлөх хэрэгтэй гэж боддог.Улаанбаатарт  утааны асуудал хамгийн хэцүү. Ийм олон жил иргэд угаартсаар байгааг хараад суух үнэхээр хэцүү. Бид өөрсдөө энэ асуудлаа шийдэж чадахгүй байгаа болохоор би ч болтугай бүтээлээрээ дамжуулж гадны байгууллага, их сургуулиудын анхааралд оруулахыг зорьсон. Хамгийн чухал нь хүүхдүүдийн эрүүл мэнд, ирээдүйд их санаа зовж байна.

-Ер нь гудамжны зургийг Монголд хөгжүүлэх боломж хэр байдаг бол. Тухайлбал, Улаанбаатар хотын утааны гамшгийг Heesco Мельбурнд зурсан нь олон хүний сонирхлыг татсан. Энэ мэтээр нийгмийн шүүмжлэлтэй асуудлыг зургаар илэрхийлж үр дүнд хүрсэн жишээ байдаг уу. Улаанбаатарын утаа, түгжрэл хүн бүрийн сэтгэлийг зовоож байна?  

-Иргэн болгон л энэ талаар бага ч гэсэн  хэрхэн сайжруулах вэ гэдэг дээр санаа тавьж байнга бодож боловсруулж явах хэрэгтэй. Уран бүтээл гэдэг  хүнд юм бодогдуулах үүрэгтэй. Харин иргэн хүн өөрөө л босч өөрчлөлт шинэчлэлд гар биеэрээ оролцож байх ёстой. Мянган удаа зураг зураад бид сайжруулж чадахгүй. Харин уран бүтээлээр дамжуулж иргэдийг уриалж санааг нь нэгтгэх боломжтой.

ХҮҮХЭД БОЛГОН УРАН БҮТЭЭЛЧ, ДУУЧИН, БҮЖИГЧИН, ХӨГЖИМЧИД БАЙДАГ

-Нэг зүйлийг онцолж асуумаар байна. Зургаар дамжуулан хүүхдийн сэтгэхүй, мэдрэмжийг хэрхэн хөгжүүлэх боломжтой вэ?

-Хүүхэд болгон л багаасаа уран сэтгэхүйтэй байдаг. Харин тэр зан чанарыг нь хайрлаж, хамгаалж байх хэрэгтэй. Хүүхэд болгон уран бүтээлч, дуучин, бүжигчин, хөгжимчид байдаг. Тэр сониуч хөөрхөн занг нь хайрлаж, хамгаалж авьяасыг нь дэмжиж хөгжүүлж чадвал тэр хүүхдүүд ирээдүйдээ илүү нээлттэй урлагийн мэдрэмжтэй хүн болж өснө. Багаасаа урлагтай ойр өсвөл илүү мэдрэмжтэй, сэтгэхгүй нь хөгждөг.

Гэтэл Монголд олон хүүхэд хар багаасаа амьдралд нухчуулж, хар ажил хийж байна. Тэрийг нь хараад сэтгэл эмтэрдэг. Хүүхэд хүүхдээрээ өсөх ёстой. Үүнд аав, ээжээс авахуулаад сургууль, боловсролын систем чухал үүрэгтэй. Бид хойч үеэ сайн хайрлаж хамгаалж бэлтгэхгүй бол улсын ирээдүй ямар байх бол. Хамгийн гол нь урлагаар дамжуулж хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлдэг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

-Таны хувьд улс орны хөгжлийг хэрхэн хардаг вэ. Ялангуяа, монголтой холбоотой мэдээллийг хүлээж аваад юуг хийгээсэй, залуучууд нь ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Залуусын хувьд бодож явдаг нэг л зүйл байдаг. Өөрөө өөрийгөө олох, юунд бусдаас илүү байж, ямар юм хийх ёстой хүн бэ гэдгээ л өөрөө олж мэдэж чаддаг байгаасай гэж боддог. Хүн юу хийхээ олж таньж чадвал түүнийгээ хөөж хөгжүүлээд амьдралдаа илүү сэтгэл хангалуун байх болно. Дуртай юмаа хийж яваа хүн шиг аз жаргалтай хүн байдаггүй. Дуртай юмаа тултал нь хийгээд явахад амжилт, мөнгө, нэр хүнд яваандаа дагалдаад ирдэг. Түүнээс биш зөвхөн мөнгөний төлөө, нэр хүндийн төлөө амьдарна гэвэл утгагүй. Би уран бүтээлч болох гэж 20-иод жил ажилласан. Одооноос л хүссэн амьдралаараа амьдарч эхэлж байна. Гол нь зорилгоосоо хазайхгүй зүтгэх тэвчээр хатуужилтай байх хэрэгтэй санагддаг.

Эх сурвалж: www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ