Монголын үндэсний фронтын жагсаалыг хүлээсэн иргэд цугласаар байна

2019-11-07

 

Ч.ЗОТОЛ

Монголын үндэсний фронтоос өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсаал хийнэ хэмээн зарлаад байсан ч хойшилсон билээ. Элчин сайд нар итгэмжит жуух бичгээ барих ёслолын ажиллагаатай хэмээн  Нийслэлийн захиргааны байгууллагаас тэдний жагсаал хийх хугацааг энэ сарын 8-нд болгосон юм. Тэгвэл иргэд өнөөдөр 11:00 цагаас эхлэн Сүхбаатарын талбайд цугласан.

Иймд Монголын Үндэсний фронтын ТУЗ-ийн гишүүн Э.Батсайхан  олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн юм. Тэрээр “Бид өнгөрсөн сарын 30-нд Нийслэлийн захиргааны байгууллагад хандсан. Тэрхүү албан бичигт   энэ сарын 7-нд  Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан хийх мэдэгдлийг хүргүүлсэн. Нийслэлийн захиргааны байгууллага хүсэлтийг хүлээж аваад гурав хоногийн дотор хариуг нь өгөх ёстой. Хэрэв хариу өгөөгүй бол зөвшөөрсөнд тооцож  жагсаал, цуглааныг шууд хийх хуулийн заалттай. Бид ингэж тооцон зар, мэдээг олон нийтэд хүргэсэн. Гэтэл  ажлын цаг дуусч байхад бидэнд Нийслэлийн захигргааны байгууллагаас бичиг ирүүлсэн. Түүнд энэ сарын 7-нд төрийн арга хэмжээтэй давхцсан тул хойшлуулж, энэ сарын 8-ны 11 цагт жагсаал, цуглаанаа хийж болно гэсэн. Үүний цаана нэг л зорилго байгаа. Хүмүүсийг төөрөлдүүлэх, ирүүлэхгүй байх, жагсаал цуглааны хүчийг сулруулах гэсэн үйл ажиллагаа явж байна гэж  харж байна. Тиймээс бид үүнийг зөв ойлгож, эв нэгдэлтэй, сахилга баттай, хариуцлагатай байх ёстой. Шийдвэрийг Монголын Үндэсний фронтоос, түүний тэргүүн бэлтгэл хошууч генерал  Б.Баярмагнай гаргана.  Өөр хэн нэгэн дур зоргоор авирлаж болохгүй” гэв.  Мөн энэ үеэр Монголын үндэсний фронтын тэргүүн, бэлтгэл хошууч генерал  Б.Баярмагнай:

“Өнөөдөр энд ирсэн хүмүүс бусаддаа мэдээлэл хүргээрэй, жагсаал маргааш болно. Жагсаалыг өнөөдөр товлоод байсан ч бидэнд өгөх хариугаа оройтуулж өгснөөр олон нийтэд зар, мэдээ сайн хүрсэнгүй. Тиймээс хүмүүс өнөөдөр жагсаал, цуглаан болно гээд хүрээд ирсэн байна. Нэгэнт олон хоног явсан зар тэр даруй өөрчлөөд ч хүмүүст тэр бүр хүрсэнгүй. Иймд энд маш олон хүн хүрэлцэж ирээд байна. Бидэнд өгсөн зөвшөөрөл нь маргааш 11:00-18:00   цагт  байгаа” гэлээ. Гэсэн ч цугласан иргэд  “Жагсаалаа өнөөдөр хийе, ухрах араа байхгүй, маргааш гэж байхгүй” хэмээн бухимдлаа илэрхийлж байв. Мөн өнөөдөр хүлээе, маргааш олуулаа болж жагсаалаа хийе гэх хүмүүс ч байлаа. Цуглаан иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх байдлаар үргэлжилж байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ