ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбат БНСУ-ын Боловсон хүчний удирдлагын яамны дэд сайдтай уулзав

2019-11-07

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д ажлын айлчлал хийлээ.  Төлөөлөгчид 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус улсын Боловсон хүчний удирдлагын яамны дэд сайд Chung Mann Seuk-тэй уулзав.

Боловсон хүчний удирдлагын яам нь 2014 онд байгуулагдсан бөгөөд төрийн албан хаагчдыг ажилд авахаас эхлээд тэтгэвэрт гарах хүртэл хүний нөөцийн удирдлагын бүхий л асуудлыг хариуцдаг байна.

Өнгөрсөн гуравдугаар сард Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй Хамтран ажиллах санамж бичиг байгуулснаас хойш харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг дэд сайд тэмдэглэв. Мөн Узбекстан, Казахстан зэрэг оронтой төрийн албан хаагчийг сургах, төрийн албаны холбогдох хууль боловсруулах чиглэлээр хамтран ажиллаж байгааг дурдав.

Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд олон ажил хийхээр тохирсон. Хоёр байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа олон талаар өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат илэрхийлэв.

Монголын төлөөлөгчид “Хүний нөөцийн удирдлага -2019” сэдэвт олон улсын хуралд оролцсон байна. Хурлыг 2013 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил улс орнуудын Засгийн газар, эрдэм шинжилгээний байгууллагын мэргэжилтнүүд, болон олон улсын байгууллага, тэргүүлэх компаниудын төлөөлөл оролцжээ. Хурлаар Аж үйлдвэрийн IV хувьсгал, дижитал шилжилт зэрэг хурдтай өөрчлөлтөд чиглэсэн олон нийтийн хүний нөөцийн чиг хандлагын талаар ярилцаж санал солилцлоо. Хүний нөөцийн сүлжээг дэмжихэд туслах, хариуцлага, хамтын ажиллагаа, тогтвортой хөгжил зэрэг чиглэлээр хамтран ажиллах шаардлагатай байгаа тухай эрдэмтэн, судлаачид ярьж байв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ