Ээжийнхээ ачийг нэгэнтээ хариулсан гавьяатан

2019-11-04

Т.БАТСАЙХАН

Нийслэлийн 380 жилийн ойн босгон дээр Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, 10 гаруй хүнд гавьяат цол хүртээсэн.  Түүний нэг нь УСУГ-ын Шугамын ашиглалт, засварын албаны бохир шугамын засварчин У.Эрдэнэтуяа байлаа.  Тэрээр гавьяатын тэмдэг зүүнэ хэмээн зүүдлээ ч үгүй явсан нэгэн.  Ажлаас нь залгаж, “Та үйлчилгээний гавьяат ажилтан боллоо. Маргааш Ерөнхийлөгч шагнал гардуулна” гэхэд нь итгэж чадаагүй, “Хүнээр тоглож байна даа” гэж бодож хүлээж авсан.  Түүний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газраас залгаж ярихад нь арай гэж итгэжээ. Гавьяат хэмээх эрхэм цол эгэл жирийн амьдралд нь гэнэтийн зүйл байв. Түүнчлэн эгэл хөдөлмөр эрхлэгч мянга мянган хүнд итгэл  найдвар,  урам зориг хайрласан юм. У.Эрдэнэтуяа УСУГ-т 37 жил бохирын шугамын засварчнаар ажиллаж байгаа аж.   Тэрээр “Уртнасангийн Эрдэнэтуяа гээд аавынхаа нэрийг дуудуулан, Ерөнхийлөгчийн зарлиг сонсох хамгийн сайхан байлаа. Тэр үед ямар гоё мэдрэмж төрснийг үгээр илэрхийлэх аргагүй.  Гавьяат цолоо гардаж авах мөчид хамгийн түрүүнд аав, ээж хоёр минь бодогддог юм билээ. Аав минь бурхан болоод 10-аад жил болж байна. Амьд сэрүүн байсан бол их баярлан хүүгээрээ бахархах байсан даа. Хүүгээ тэнгэрийн орноос харж байсан байх аа” гэж бодон зогсчээ.

 

“Гавьяатын тэмдгээ анх ээжийндээ хонуулсан”

Түүнтэй ярилцаж суухад яагаад ч юм бэ “Шаргуу хэрнээ чимээгүй хөдөлмөрлө. Гаргасан үр дүн чинь чиний өмнөөс ярих болно” гэх үг л санаанд ороод байв. Тэр үнэхээр эгэл даруухан гавьяат юм.

Шинэхэн гавьяат Ерөнхийлөгчөөс шагналаа авсныхаа орой шууд л ээжийнх рүүгээ очжээ.  Гэр орон, үр хүүхэд нь байсаар байтал хөгшин ээжээ зорьсон нь учиртай. Төрүүлж өсгөсөн ээжийнхээ ачийг жаахан ч гэсэн хариулж яваагаа харуулж, гавьяатын тэмдгээ эхний өдөр тэндээ хонуулж буян заяаг нь шингээнэ хэмээн шууд л санаанд нь буужээ. У.Эрдэнэтуяагийн ээж Лхамсүрэн гуай өдгөө 80 гаруй настай, 11 хүүхэд түрүүлж өсгөсөн буянтай буурал Улаанбаатар хотод амьдарч байна.   Гавьяатын шагнал түүнд ээжийнхээ ачийг хариулж байгаа мэт  хүндэтгэл болсон жишээг дурдахад сайхан байна.  Мөн  түүний царай гэрэлтэн цаанаа л нэг сэтгэл хангалуун байгаа нь илт харагдана.  Түүнтэй өнгөрсөн баасан гаригт ажлын байр дээр нь уулзахад  гавьяатын тэмдгээ тайлаагүй, инээмсэглэсээр л ажлаа хийж байв.  Бохирын шугмын засварчин байна гэдэг амаргүй хөдөлмөр.  Нийслэлийн төв хэсгийн бүхий л шугам хоолойг тэрээр хариуцна. Шугам бөглөрсөн, ус, дулаан  алдагдсан, бохир нь хальсан гэх дуудлага өдөрт багадаа л 2-3 ирнэ. 5-10 км алхана.  Тэр бүхэнд очиж, айл өрх албан байгууллагад үйлчилдэг.  Тэрээр  сүүлийн өдрүүдэд дуудлагад явахдаа ч гавьяатын тэмдгээрээ гоёж, иргэддээ үйлчилж байна.  Энэ нь түүнийг ямар гэгээн, дэврүүн нэгэн болохыг илтгэнэ.  Үйлчилгээний гавьяат цол нь  У.Эрдэнэтуяаг улам л гоёж, хөгөлж, урам зориг хайрлажээ.  У.Эрдэнэтуяа “Би тэтгэврийн насны хүн шүү дээ. Он гаргаад тэтгэвэртээ сууя гэж бодсон. Одоо гавьяат болчихоод гаралтай нь биш дээ. Ямар ч байсан 60 нас хүртлээ ажиллана, залуусдаа зөвлөж, үлгэрлэчихээд тэтгэвэрт гарна даа” гэж байлаа.  Шагнал нүдээ олно гэдэг энэ юм.

 

Цаг засварчин болно гэж мөрөөдсөн малчин хүү

Шударгаар хөдөлмөрлөж, аливаад үнэнч тууштай байхад амьдрал хэзээ нэгэн цагт шагнана гэж үр хүүхдэдээ захина.

У.Эрдэнэтуяа Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрж өссөн. Тэнд дэгдэж дэрвэн, саахалтын айлын хүүхдүүдтэй барилдаж хүүхэд насаа өнгөрөөсөн гэдэг.  Ээж ааваас 11-үүлээ, долоо нь эрэгтэй, дөрөв нь эмэгтэй. Одоо долоо нь Улаанбаатар хотод, бусад нь Завхан аймагт амьдардаг. Ах дүүс бүгдээрээ эрүүл саруул, сайхан амьдарч яваад нь У.Эрдэнэтуяа  дотроо залбирч явдаг гэнэ.  Аав, ээж нь эгэл малчин айл.  Бага насаа малын захад, байгаль дэлхийтэйгээ ойрхон өнгөрүүлсэн.   Ингэхдээ ирээдүйгээ нэлээд өөрөөр төсөөлдөг байж. Техник сэтгэлгээтэй учраас цаг засварчин болох мөрөөдөлтэй хүү байв. 1970-аад оны үед, Улаанбаатараас 600-700 орчим км-т зайд малын захад гүйж яваа  хүү “цаг засдаг” хүн болно гэж мөрөөдөж яагаад болохгүй билээ. Энэ мөрөөдөл нь түүнийг сониуч нэгэн болохыг харуулна. Аймгийнхаа сургуульд наймдугаар анги хүртлээ суралцаж, техникумын цаг засварын ангид орох гэсэн ч тухайн жил  У.Эрдэнэтуяагийн хүссэн хуваарь ирээгүй байна.  Тэгээд дуртай дургүй  Нийтийн аж ахуйн үйлчилгээний Техник мэргэжлийн сургуулийн хуваарь аваад  Улаанбаатарт иржээ. Энд ус хангамжийн ариутгал чиглэлээр хоёр жил суралцаж,  1982 онд төгсөөд одоогийн УСУГ-ын харьяа  Төв цэвэрлэх байгууламжид хуваарилагдан ажиллаж эхэлсэн байна.  У.Эрдэнэтуяагийн хүүхэд насны мөрөөдөл биелээгүй ч “Хөдөлмөр хүнийг бий болгодог” гэсэн амьдралын ухаанаар одоог хүртэл энэ салбартаа үнэнч, тууштай ажиллаж байна.

 

Төмөр утас бариад бохирын шугамтай ноцолддог байв

 

Тэрээр Төв цэвэрлэх байгууламжид тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж эхэлсэн ч нэг жил орчмын дараа цэргийн зарлан ирж, гурван жил цэргийн албанд мордлоо.  Ингэхдээ Налайхын 014 дүгээр анги буюу инженер соперын   тусгай хороонд алба хаажээ. Тэнд цэргийн албаны ёс, дүрэм заалгахын зэрэгцээ мэргэжилтэйгээ ойрхон чиг үүрэг бүхий ангид хуваарилагдсан учраас  их зүйлийг  сурсан гэдэг.  Ер нь тухайн үед цэргүүдийг хуваарилахдаа ч мэргэжлээр нь ялгаж, ойр дөхөм ангид өгдөг байсан нь  төр, засгийн бодлоготой холбоотой байсан юм билээ.   Тэгээд  цэргийн албыг гурван жилийн хугацаагаар хаагаад ирэхэд нь өмнө л ажлын байр нь хүлээж байдаг.  Энэ бодлого нь У.Эрдэнэтуяа гавьяатыг энхэл, донхолгүй нэгэн замаар явж ирэхэд нь нөлөөлсөн.  Тэрээр цэргээс халагдаад шууд л одоогийн УСУГ-тай ажиллаж эхэлсэн байдаг.  Бохирын шугамын засварчны ажил амаргүй гэдгийг хэн бүхэн мэднэ.  Түүний ажлын эхэн үе буюу 1980-аад онд  тоног төхөөрөмж тааруухан байжээ. Ганц төмөр утас бариад л бохирын шугамтай ноцолдоно. Муухайгаар хэлбэл хүний баас шээстэй ч холилдоно. Тухайн үед салбар болгонд л Оросын мэргэжилтэн байдаг байсан. Бохирын шугам, ус хангамжийн салбарт  ч 2-3 мэргэжилтэн ажиллаж, тэднээс их зүйл сурч байжээ.  Мөн тэр үед нэг сайхан хандлага байсныг гавьяат маань дурсан ярив. “Шугамын засвар хийгээд хэцүүхэн явж байхад тухайн үеийн  хүмүүс гэрээсээ хоол цай бариад л ирдэг байлаа. Одоо харин эд нар ер нь юу юм гэсэн хандлагатай харилцах нь элбэг.  Үүнд сэтгэл жаахан эмзэглэдэг” гэсэн юм. Гэсэн ч тэрээр энэ ажилдаа үнэхээр дуртай, хайртай. Ажлаа хийгээд, хамт олныхоо дунд явах нь түүний хувьд нэгэн жаргал. Тэрээр ажлаа ч хоёр дахь гэрээ гэж боддог. Анх сургуулиа төгсөөд ажилд орохдоо яг одоогийн ажлын байрандаа ирж байсан гэдэг. Түүнээс хойш 37 жил өнгөрчээ.  У.Эрдэнэтуяа  зах зээлийн шуурганаас өмнөхөн орон сууцтай болсон.  Хөлс, хөдөлмөр нь түүний амьдралыг “чирээд” л яваад байсан хэрэг. 1989 онд нийслэлийн залуучуудын орон сууцны цогцолбор баригдаж, У.Эрдэнэтуяа эвлэлийн залуучуудын барилгын отрядад ажлынхаа хажуугаар орж, тухайн бүтээн байгуулалтад гар бие оролцжээ. Үүнийхээ шагналд байртай болсон гэдэг. Энэ нь түүний амьдралыг улам бүр баталгаатай болгосон үйл явдал байлаа.

 

Үр хүүхдүүддээ захиж хэлдэг зүйл нь ердөө л Шударга хөдөлмөр  

Ерөнхийлөгчөөс шагналаа авсныхаа орой шууд л ээжийнх рүүгээ очжээ. Гэр орон, үр хүүхэд нь байсаар байтал хөгшин ээжээ зорьсон нь учиртай. Төрүүлж өсгөсөн ээжийнхээ ачийг жаахан ч гэсэн хариулж яваагаа харуулж, гавьяатын тэмдгээ эхний өдөр тэндээ хонуулж буян заяаг нь шингээнэ гэх бодол санаанд нь буужээ.

У.Эрдэнэтуяагийнх гурван охинтой.  Эхнэр  Л.Энхцэцэг нь нийтийн аж ахуйн техникумыг Монгол гутлын оёдолчин мэргэжлээр төгсчээ. Тэд анх техникумд суралцаж байхдаа танилцсан байна.  Эхнэр нь хоёр насаар дүү.  Доод ангид нь сурдаг байжээ.  Тэгээд 1987 онд  сургуулиараа амралтад явж тэнд эхнэртэйгээ танилцаж, удалгүй гэр бүл болж байсан түүхтэй.  Л.Энхцэцэг сургуулиа төгсөөд Улсын Монгол гутлын үйлдвэрт ажиллаж байгаад зах зээлийн шуурганаар татан буугдахад нь гарч гэрээр юм оёж, үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхэд анхаарах болжээ. У.Эрдэнэтуяагийн бага охин Э.Баярзул одоо “Шихихутаг” сургуульд Хууль зүйн чиглэлээр суралцаж байна. Дунд охин Э.Баярчимэг нь Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг  Зочид суудлын менежерээс төгссөн.    Харин том охин Э.Баярцэцэг нь Турк улсад ажиллаж амьдарч байгаа юм. У.Эрдэнэтуяа гурван зээтэй. Тэд өвөөгийндөө өсч хүмүүжиж байгаа аж. Түүний үр хүүхдүүддээ захиж хэлдэг зүйл нь ердөө л шударга хөдөлмөр. Шударгаар хөдөлмөрлөж, аливаад үнэнч тууштай байхад  амьдрал хэзээ нэгэн цагт шагнана гэдгийг хэлдэг. Саяхан  тэрээр энэ үнэнийг  өөрийн амьдралаараа үр хүүхдүүддээ харууллаа гэсэн.  Энэ нь нөгөө л гавьяатын шагналаа хэлээд байгаа юм.  Мөн хамт шагнагдсан хүмүүсээ хараад энэ удаа Төрийн тэргүүн маань ёстой л нүдээ олсон шагналыг олголоо гэж харсан.   Конторт суудаг дарга нарт биш, жинхэнэ ажлын талбарт гүйж байдаг хөдөлмөрчдөд өглөө гээд баярлаж зогссон гэнэ. Түүнтэй ярилцаж суухад яагаад ч юм бэ “Шаргуу хэрнээ чимээгүй хөдөлмөрлө. Гаргасан үр дүн чинь чиний өмнөөс ярих болно” гэх үг л санаанд ороод байв.  Тэр үнэхээр эгэл даруухан гавьяат юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.11.4  ДАВАА  №218  (6185 )

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ