Эмин Агаларов өндөр настнуудыг үдийн хоолоор үнэгүй дайлах кафе нээжээ

2019-11-01

-Өндөр настай хүмүүс өдөр бүр үдийн халуун хоолоор үнэгүй үйлчлүүлэх боломжтой “Добродомик” (“Найрсаг гэр”) хэмээх кафены нээлт аравдугаар сарын 22-нд Москвад болжээ-

Д.ЭНХЭЭ

Одоо Москвад өндөр настай хэн боловч ямар ч үнэ төлбөргүйгээр үдийн зоог барих боломжтой “Добродомик” хэмээх кафе аравдугаар сарын 22-нд нээлтээ хийжээ. Дуучин, продюссер, бизнесмэн Эмин Агаларовын гаргасан санаа, санаачилгаар Александра Синяк, Евгений Гершевич нар энэхүү төслийг үүсгэж гүйцэлдүүлэн хэрэгжүүлжээ. Ингээд анхны үйлчлүүлэгчдээ тэд өөрсдөө биечлэн угтаж авсан байна. “Хүмүүс өтөлж хөгшрөхөөрөө гол төлөв хэнд ч хэрэггүй болж, тэднээс нүүр буруулж, тэднийг ер нь мартацгаадаг. Нөхцөл байдлын улмаас зарим нь орь ганцаар үлдэж хоцордог. Тийм учраас нэгэн цагт бидний төлөө асар ихийг хийж бүтээсэн тэдний аж амьдралыг ямар нэг байдлаар гоё сайхан болгох юмсан гэж хүссэн юм” хэмээн Агаларов санаа бодлоо хуваалцав.

Өндөр настнууд кафед үнэгүй үдийн хоол хүртэхээс гадна хаягаар тусламж авч болно. “Бид нийгмийн сүлжээгээр шууд орж, шаардлага гарсан үед туслаж чадах хүмүүсийг асууж сураглаж байгаа. Сайн дурынхан бидэнд хэрэгтэй байна, залуучууд кафед үйлчлэгчээр ажиллаж, өвөө, эмээ нарт тусалж, ахмад үеийнхэндээ талархал илэрхийлж болно шүү дээ” хэмээн Александра Синяк онцлов.

“Добродомик” кафе өглөө, оройд нь (өдрийн 12 цаг хүртэл болон 16 цагаас хойш) ердийн горимоор нийтэд үйлчилдэг бөгөөд энэ хугацаанд олсон орлого мөнгөнөөсөө өндөр настнуудыг үнэгүй хооллох боломж гаргадаг юм байна. Ийнхүү үйлчлүүлсэн хүн бүр авсан хоолныхоо үнийг төлснөөр (үнэ харьцангуй дундаж) аяндаа буяны зориулалттай төслийн оролцогч болдог ажээ.

Ажил хэрхэн явагддаг вэ?

“Добродомик” кафе метроны Тушинская өртөөнөөс арван минут алхах зайд Тушинская гудамжны 12 дугаар байшинд байрладаг. Ердийн өдрүүдэд (амралтын бус) 12-16 цагийн хооронд тэтгэврийн дэвтэртэй хэн боловч үдийн хоол үнэгүй идэж болно. Хоолны орц өдөр бүр харилцан адилгүй, үдийн хоолны иж бүрдэлд зууш (салат), халуун шөл, хоёрдугаар хоол, ундаа заавал орно. Цэсийг боловсруулахдаа настай хүмүүсийн онцлог, хүсэл сонирхлыг харгалзаж энгийн, шим тэжээлтэй байхыг үндэс болгосон аж.

Тушинская гудамжин дахь “Добродомик” кафе 69 хүний суудалтай. Өндөр настай хүмүүс болон хязгаарлагдмал боломжтой хүмүүсийг бүхий л тав тухыг хангахаар бодолцож, тусгай бариул, налуу зам, тусгайлан тохижуулсан бие засах өрөө, өргөн хаалга, ширээ сандлыг тохилог байдлаар засжээ.

“Добродомик” төсөл хэрхэн бий болсон бэ?

Арваннэгдүгээр сард “Добродомик” төсөл хэрэгжсэний хоёр жилийн ой болох бөгөөд энэ төсөл петербургийнхэнд аль хэдийн танил болсон аж. Бизнес эрхлэгч Александра Синяк, Евгений Гершевич нар 2017 онд өөрсдийн “Чешкий домик” кафед тэтгэврийнхэнд зориулан үнэгүй үдийн хоол өгч эхэлжээ.

Настангууд тэдний саналыг дуртайяа хүлээн авч өдөр бүр ирсээр байж. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард энэ хос Васильевын арал дээр “Добродомик” кафег мөн нээж, дараа нь ийм нэртэй буяны сан үүсгэн байгуулжээ. Ердийн өдрүүдэд үнэгүй үдийн хоол идэхээр 300 гаруй тэтгэврийнхэн ирдэг гэнэ.

Энэ яагаад чухал гэж?

Орос оронд өндөр настай олон хүн ядуу зүдүү амьдардаг. Тэдний олонх нь өөртөө махтай, нэг, хоёрдугаар хоолтой, иж бүрэн үдийн хоол бэлтгэх боломжгүй. Заримд нь хоол хүнсэнд хэрэглэх мөнгө нь ч хүрэхгүй, нөгөө зарим нь чадвар алдсан байдаг. Одоо харин тэд ердийн өдрүүдээр тэтгэврийн дэвтрээ өөртөө авсан л бол “Добродомик”-т хооллох боломжтой болжээ.

Кафе бол зөвхөн иж бүрэн хооллох төдийгүй бас нийгэмших газар болдог ажээ. Өндөр настай хүмүүст гол төлөв ярьж хөөрөх хүн олдохгүй, тэд өөрсдийгөө хаягдаж гээгдсэн юм шиг санаж, ганцаардмал байдалтай байцгаадаг. Одоо харин тэтгэврийнхэнд хооллож ундлахаас гадна шинэ танилтай болох тохь тухтай орчин нөхцөл бүрджээ.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ