Ихэр  хөвүүн

2019-10-25

Ө.Рагчаасүрэн 

 

Зэлүүд ойгоос хоёр нялх хүүхэд олжээ. Эртний Итали орны Тибр мөрний хөндийд энэ үйл явдал болж байна. Хөдөө нутгийн малчин залуу Фаустул ихэр хөвүүнийг эхнэр Аккадаа хормойлон авчирч өгөхөд тэр дуу алдан тосч авав. Бяцхан амьтдыг харсан дүү охин, ээж нь ч ялгаагүй. Малч цагаан нохой нь гойд сонирхон үнэрлэнэ.

Хоёр хүүхдийг хооллохоор охины гар өөрийн эрхгүй сүүтэй ваарны бариулаас атган авлаа. Эмэгтэй хүний зөн ийм. Байшингийн дээвэр дээрх хос тагтаа ч баярлалдан зочдыг угтна. Шингэж буй нарны туяа алтран шаргалтана. Нар маргааш өглөө дахин мандахдаа азаар олдсон балчир хөвүүдийн зулайг дулаан илчээрээ ээн, хүн болох заяаг нь мялаана.

Энэ гоё уран зургийг Францын зураач Никола Миньяр 1654 онд зурсан юм. Өсч том болоод титмийг нь булааж магадгүй гэж хардсан муу санаат хаан түрүүчийн хааны охиноос төрсөн ихэр хөвүүдийг Тибр мөрөнд живүүлжээ. Гол усны бурхан тэднийг өрөвдөн эрэг дээр гаргасныг нь өлөгчин чоно олж үүрэндээ авчран хөхөө хөхүүлэн тэжээжээ. Чоныг идэш хоолондоо явсан хойгуур тэр хоёр үүрнээс мөлхөн гарахад нь малчин хархүү Фаустул таарч гэртээ авчран эхнэртэйгээ цуг өсгөсөн. Ихэр хөвүүн Ромул, Рем хоёрын анх олдсон дэнж дээр Ром хотыг байгуулсан домог ийм учиртай. Италийн нийслэлд очихдоо энэ уран зургийг үзээрэй.

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.25 №212 (6179)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ