Алхалтын хурд ба тархины хөгшрөлт

2019-10-24

-Удаан алхдаг 45 насныхны тархи түргэн шаламгай хөдөлдөг үеийнхнээсээ эрт өтлөсөн байжээ-

Д.ЭНХЭЭ

Удаан алхаатай хүмүүсийн тархи эрт өтөлдөг, ер нь алхалтын хурд тархины хөгшрөлтэй холбоотой болохыг Шинэ Зеландын мянга орчим оршин суугчийн дунд явуулсан судалгаа харуулжээ. Судалгааны үр дүнг эрдэм шинжилгээний JAMA Network Open сэтгүүл нийтэлжээ. 70, 80 насандаа удаан алхаатай хүмүүсийн нас баралт мөн энэ насны хурдан түргэн алхаатай хүмүүсийг бодвол арай олон байдгийг эмч нар мэднэ. Удаан алхаа бол өндөр наслахаас өмнө асуудал үүсгэдэг шинж тэмдэг болж байгааг сургуулийн өмнөхөөс эхлэн хижээл насныхныг хамарсан судалгаа харуулж байна хэмээн бүтээлийн зохиогчдын нэг Терри Моффитт өгүүлсэн байна.

Урт хугацааны энэ судалгаанд Өмнө зүгийн орон болох Шинэ Зеландын хоёр дахь том хот Данидинд 1972-1973 онд төрсөн 900 гаруй оршин суугч оролцжээ. Туршилтад оролцохдоо тэд 45 нас хүрсэн байжээ. Энэ хүмүүсийн эрүүл мэндийн байдлыг эрдэмтэд бүх амьдралынх нь туршид судалж, биеийн байдлынх нь талаар асуулга явуулсан байна. Энэ ажлын төгсгөлийн шатанд судлаачид эдгээр хүний тархины төлөв байдлыг тархины томограф зургийг авч  судалжээ.

Удаан алхдаг хүмүүсийн тархины хэмжээ, бор тархины хальсны нягтрал дунджаар бага болохыг үр дүн харуулсан бөгөөд үүнээс гадна судлаачид жижиг судасны өвчлөлтэй холбоо хамаарал бүхий шинж тэмдгүүдийг олж илрүүлсэн байна. Энэ төлөв байдал нь ухаан санаа муудах, цус харвахад хүргэж болох төдийгүй ийм хүмүүсийн тархи эрт хөгширч байгааг судалгаа бүхэлд нь харуулсан аж.

Үүнээс гадна эрдэмтэд туршилтад оролцсон бүх хүний гэрэл зургийг найман хүнд харуулж, хэдэн настай болохыг нь асууж лавлажээ. Ажиглагч нарт удаан алхаатай хүмүүс түргэн алхдаг хүмүүсээс илүү хөгшин харагдсан байна.

Оролцогчдын таван настай байх үеийн тархины томограф зураг хэрвээ байсан бол тэдний тархи хүүхэд насандаа хэр зэрэг хурдан хөгжиж байсныг харьцуулснаар судалгаа илүү иж бүрэн болох байсан ажээ. Гэхдээ Шинэ Зеландын эмч нар ийм зургийг 40 гаруй жилийн өмнө хийж байсан бөгөөд харамсалтай нь одоо хадгалагдаж үлдээгүй юм байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.24

№211 (6178)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ