Д.Баатарсайхан: Шалгалтад тэнцсэн бол шууд төрийн албанд томилохгүй

2019-10-22

Т.САЙХАН

Төрийн албаны тухай шинэ хуулийг энэ оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн мөрдөж эхэлсэн. Энэ хуульд төрийн албанд анх орох иргэдийн Ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулахаар заасан. Иймээс төрийн албанд анх орох иргэдийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 1- 30-ны өдрийн 00.00 цаг хүртэл www.csc.gov.mn сайтад цахимаар бүртгэж байна. Харин Ерөнхий шалгалтыг ирэх арваннэгдүгээр сарын 11-25-ны өдөр зохион байгуулна. Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан “Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Энэ хуулиар төрийн албаны ерөнхий шалгалт гэж өгдөг болсон. Төрийн албаны шалгалтын бүртгэлийг энэ сарын 1-нээс цахимаар бүртгэсэн. Өнөөдрийн байдлаар 1800 гаруй иргэн бүртгэлд хамрагдсан байгаа. Энэ нь иргэдийг төрийн албанд шууд томилох шалгалт биш. Ерөнхий шалгалт өгөөд нөөцөд орсон иргэн дараа нь албан тушаалын буюу тусгай шалгалт өгөх чиг үүргийн зохицуулалттай болсон.  Шалгалтын эхний шатанд 35 ба түүнээс дээш оноо авбал тэнцэж, дараагийн шат болох Монгол хэл, Монгол бичгийн шалгалтад орох эрхтэй болно. Харин монгол хэл, бичгийн, крилл бичгийн шалгалтын хугацаа 30 минут үргэлжилнэ. Ерөнхий шалгалтын хоёр дахь шат монгол хэл бичгийн шалгалтад 20 ба түүнээс дээш оноо авч дараагийн Дүн шинжилгээ хийх шалгалтыг өгөх эрхтэй болно. Энэ шалгалт нь 20 минут үргэлжлэх бол сэтгэхүйн чадамжийг үнэлэх шалгалт 10 ба түүнээс дээш оноо авсан иргэн тэнцэж, гурван жилийн хугацаатай нөөцөд бүртгэгдэнэ” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ