Аз жаргалаар бялхсан хотын нэг өдөр

2019-10-22

Б.ДОЛЖИНЖАВ

Улаанбаатарын нэг өдөр дүүрэг, хороо, гудамж бүрт өөр өөр өнгөтэйгөөр өрнөнө.  Хотын төвөөс зайдуу гэр хороололд бага насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд савтай ус барин алхаж байхад хотын төвд хүүхдүүд байрны гадаа аль эсвэл хүүхдийн парк дээр инээд хөөртэй тоглож буй харагдана.  Харин Төв гандан хийдийн гадаа бяцхан ламбугай нар гар бөмбөг тоглож байна.  Зурагчид их хотынхоо нэг өдрийг 24 цагийн дотор гэрэл зургийн хальснаа ийн буулгажээ. Дэлхийн гэрэл зурагчдын өдрийг тохиолдуулан наймдугаар сарын 20-ноос зохион байгуулсан “Улаанбаатарын нэг өдөр” 24 цагийн гэрэл зургийн уралдааны дүнг өчигдөр танилцууллаа. Уралдаанд мэргэжлийн ангилалд 28 зурагчны 129 зураг, сонирхогчийн ангилалд 23 зурагчны 110 бүтээл ирснээс шилдэг 35 зургаар үзэсгэлэн гаргажээ. Мэргэжлийн ангилалд I  байрт  цаг уурч мэргэжилтэй Э.Цэнд-Аюуш, II байрт Э.Төрбат, III байрт Б.Билэгдэмбэрэл нар орлоо. Харин сонирхогчийн ангиллын тэргүүн байрт С.Манас, дэд байрт Ц.Балжинням шалгарсан юм. Тэргүүн байрыг хоёр сая, дэд байрыг нэг сая төгрөгөөр шагналаа. Сонирхогчийн ангиллын тэргүүн байрын шагнал хүртсэн зурагчин С.Манас “Би механикч мэргэжилтэй, гэрэл зураг сонирхоод нэг жил болж байна. Уралдаанаас автобусны буудал гэдэг сэдэв сонгоод хотын хамгийн өнгө үзэмж сайтай автобусны буудлыг хайж, тэр өдрийн автобус хүлээж буй аз жаргалтай хүмүүсийг харуулахыг зорьсон. Хар бараан, гунигтай зураг авах дургүй. Ямар нэг зүйлийг аль болох гэрэл гэгээтэй талаас нь харуулахыг зорьдог. Тиймээс зураг авахдаа орчин нь хоггүй цэвэрхэн байна уу, ямар өнгөөр авбал гоё бол гэдгийг сайн боддог. Энэ зурагаа Шангрилагийн барилгын цагаан өнгөнд цаад барилгын цэнхэр гэрэл ойсон ногоон цэнхэр өнгийг уусгаж авсан. Тэр өдөр 130 зураг авснаас таван зураг сонгож уралдаанд явуулсан” гэж ярив. Үзэсгэлэнд дэлгэсэн шилдэг 35 бүтээлээс нийслэлийн нэг өдөр хэрхэн гэрэл гэгээтэй, аз жаргал, баяр хөөрөөр бялхаж өнгөрдөг болохыг тольдсон юм.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.22

№ 209 (6176)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ