Бөх дүү нартай бөхийн тайлбарлагч

2019-10-22

Д.УУГАНБААТАР

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум бол Хотгойдын шадар ван Б.Чингүнжавын уугуул нутаг.

Хуучнаар Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу (Хантайшир уулын аймгийн Дэлгэрхан уулын хошуу)-ны зүүн болон Далай гүний хошууны зарим хэсгийн нутгийг хамарч байж. Тус сум Дэлгэрмөрөний хөвөөнд оршино. Сангийн далайн Онгон хайрхан, Бүрэнхааны Их хайрхан уул, Бүрэнтогтохын Их уул (Өндөр хун цэн), Сантын овоо, Эрчмийн цагаан толгой зэрэг тахилгат уулстай. Уулсын сайхантай нутгийнхан шандас сайтай эрчүүдтэй байдаг гэдэг. Тиймдээ ч тэр үү энэ сумаас улсын өсөх идэр, улам нэмэх начин “Хөөнгөө” хэмээх Ч.Жүгдэрнамжил (1920-1984 он), аймгийн арслан Ж.Дугаржанцан, Ж.Пүрэвдорж, Г.Магсаржав, Б.Лхагвасүрэн, Б.Хаш-Эрдэнэ, Э.Баасанжав, аймгийн заан Ч.Энхзаяа, аймгийн харцага А.Мягмаржав, аймгийн начин Г.Балжинням, Б.Гэрэл-Цогт нарын улс, аймаг, сумын цолтон олон арав төрсөн юм билээ. Тэр дотроос “Хонины” гэгддэг Баян-Очирын Товуу гэж нутаг орондоо нэр хүндтэй сайхан хүмүүн байж. Тэр Гончигийн Сайнжаргал гэх бүсгүйтэй ханилан сууж найман хүүхэд төрүүлсний хоёр дахь нь Нина. Түүний хань нь Л.Чойдорж. Тохи, томоотой, ёстой л хангайн нуруу шиг сайхан эр байжээ. Эднийх Энхтайван, Энхбаяр, Энх-Амгалан, Энхтуяа, Энхболд, Энхтөр, Мэндсайхан, Энхцогт, Энхзаяа, Энхсайхан, Энхтүвшин гэсэн 11-н хүүхэдтэй. Ес нь эрэгтэй. Хөвгүүд болсон хойно байнга шахуу ноцолдоно. Дээл хувцсаа урна. Ээждээ загнуулна. Үүний дүнд тэдний гурав нь аймгийн заан Ч.Энхзаяа, сумын заан Ч.Энхтүвшин, сумын начин Ч.Энхсайхан гэж бөхчүүд. Мөн нэг хүү Ч.Энхцогт нь бөхийн зүтгэлтэн, тайлбарлагч. Түүнийг энд онцлом уу. Тэрбээр 2018 онд аймгийн тэргүүн тайлбарлагч болсон. Бөх нутаг ус, нагац талаа дагаж удамшдаг гэдэг. Ч.Энхцогтын ах Ч.Энхтөрийн хөвгүүн нь аймгийн арслан Баасанжав. Энэ цаг үед хоймор нутгаас сайн барилдаж байгаа хүн. Дүү нь сумын начин Э.Баасанням.

Ч.Энхцогт ч багаасаа барилдах сонирхолтон байлаа. Цэрэгт явж ирээд Бүрэнхаан дахь Улсын Асрамжийн Газрын 30 жилийн ойгоор хоёр давж нэгэн сумын заанд амлуулж унаснаасаа хойш огт барилдаагүй. Харин бөхийн тайлбар хэмээх өвөрмөц зүйлд яагаад ч юм дурлаж, өөрийн хичээл зүтгэлээрээ арав гаруй жил бөх тайлбарлаж явна. Анх Бүрэнхаан багийнхаа Их хайрхан уулынхаа тахилга наадмын бөхийг тайлбарлажээ. Түүнээс хойш 15 жил өнгөрч. Жилдээ сум орон нутагтаа 10-аад барилдаан тайлбарлачихна. Бас 2006 оноос сумынхаа Үндэсний Бөхийн Холбооны Тэргүүнээр ажиллаж байна. Нутгийн бөхчүүд болон сумын удирдлагууд санал тавьж түүнийг тэргүүнээрээ сонгож ажиллуулжээ. Тэр цагаас бөхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж бөхөө тайлбарлахын сацуу олон барилдааныг тасралтгүй зохион байгуулж иржээ.

БУЛГАН СҮҮЛТЭЙ ЗААН ГЭЖ ТҮҮНИЙ ДҮҮГ ХҮНДЭЛДЭГ

Ч.Энхцогтын төрсөн дүү аймгийн заан Ч.Энхзаяа багынхаа шөрмөслөг, барилдах дуртай, ах нартайгаа ана мана үздэг хүүхэд байв. Анхлан 2002 онд “ Шонхор-Олимп” БТДС-д элсэн суралцаж бөхийн гараагаа эхэлжээ. Хоёрдугаар дамжааны оюутан байхдаа сумынхаа наадамд түрүүлж, дараа жил нь аймгийн начин болж. Тэгээд аймгийн заан цолоо Дорнод аймгийн баяр наадамд үзүүрлэж авчээ. Бүрэнтогтохын бөх 1990-ээд оноос 2000 оны үе хүртэл тасарсан гэж болохоор. Гадны бөхөд наадмаа алдах жишээний. Энэхүү уналтын үеийг төгсгөл болгож аймгийн заан Ч.Энхзаяа гарч ирсэн учир нутгийн олон түмэн “Булган сүүлтэй заан” гэж хүндэлдэг байна. Тэр зааныг залгаж аймгийн арслан хоёр, аймгийн харцага нэг, аймгийн начин гурав төрж улс, аймгийнхаа дэвжээнд дээгүүр барилдаж байна. Өөрөөр хэлбэл Бүрэнтогтохын бөхийн шинэ үеийн түүх эхэлсэн нь энэ гэж болно.

УЛСЫН ЦОЛТОН ДУНШИХУЙ

Аймгийн тайлбарлагч Ч.Энхцогт, аймгийн заан Ч.Энхзаяа, сумын заан Ч.Энхтүвшин, сумын начин Ч.Энхсайхан нарын ах Ч.Энхтөр гэж бас бий. Аавтайгаа аягүй адилхан гэнэлээ. Маш хөдөлмөрч малчин хүн. Хүү нь Бужига гэгддэг аймгийн арслан Баасанжав. Шуундаа бяртай, шуудагнаас сайн барилддаг бяртай залуу. Монгол бөхийн өргөөнд зохиогдсон аймгийн начин цолтой бөхчүүдийн барилдаанд аймгийн нэмэх начин цолтойдоо түрүүлж байсан. Хөвсгөл аймгийнхаа баяр наадамд 2017 онд үзүүрлэж, хойтон жил нь түрүү бөхөөр тодорсон. Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд мөн түрүүлж үзсэн арслан. Дүүгээ бөхийн замд хөтлөн оруулсан нь авга ах аймгийн заан Ч.Энхзаяа. Тэдний дундаас Ч.Жүгдэрнамжил өвөөгийнхөө дараа улсын цолтон болох магадлал тун өндөр гэж нутгийнхан нь ярилцдаг. Тэр цаг ойрхон буй за.

*     *     *

Алив хүн сайн зүйлийн төлөө сэтгэл зүтгэлээ гарган хөдөлмөрлөж чадвал түүнийхээ үр шимийг заавал хүртдэг жамтай. Тийм хүний нэг бол яах аргагүй бөх тайлбарлагч, бөхийн зүтгэлтэн Чойдоржийн Энхцогт. Энэ эрхэм гурван хүүхэдтэй. Эхнэр нь Б.Ганчимэг. Сумынхаа сургуульд  ажилладаг. Бага хүү нь ҮБТДС-ийн лицейд сурдаг. Бөхөд сонирхолтой. Ч.Энхцогт өөрөө чөлөөт цагаараа шүлэг зохиол оролдоно. Бас ч бүтээлтэй нэгэн. СТА дуучин, ая зохиогч А.Анхбаяртай хамтарч “Сангийн далай ээж” дуу бүтээж олны хүртээл болгоод амжсан. Одоо “ Хойморь нутгийн хийморийн даллага” шүлгээ дуу болгох бодолтой гэх. Нэгэн гүн ухаантан “Илдийг хугалж болно, бодлыг хугалж үл болно” гэсэн байдаг. Тиймээс түүнд урам хайрлая. Цаашид монгол бөхийнхөө болоод үндэснийхээ өв соёлын гэх эерэг бодол, зүтгэл нь биеллээ олохын ерөөе.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.22

№ 209 (6176)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ