Улсын шилдэг өсвөрийн аврагч бүлэг тодорлоо

2019-10-18

Б.ДОЛЖИНЖАВ

Сурагчдыг гамшгаас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах мэдлэг боловсрол, чадвар, сэтгэлийн тэнхээтэй

Өнгө, загварын хувьд өөр өөр цэргийн албан хаагчийн дүрэмт хувцас өмссөн сурагчид Сүхбаатарын талбайн төв хэсэгт нэгэн жигд алхаагаар алхах нь нэн сүрдмээр. Тэдний зарим нь энхийг сахиулагч, зарим нь онцгой байдлын газрын ажилтан болж хувцаслажээ. Өсвөрийн аврагч сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэгийг бататгах, болзошгүй гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг дадлага олгох зорилгоор анх удаа “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээнийг өчигдөр зохион байгуулсан нь энэ юм. Тэмцээнд таван бүлгийн 35 өсвөрийн аврагч оролцож жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, усанд осолдогчийг аврах, анхны тусламж үзүүлэх, ур чадвараа сорих, химийн хордолт гэсэн зургаан цэгт гамшгаас хамгаалах мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдлөө. ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ “Өсвөрийн аврагч-2019” уралдаан энэ жил гурван шаттайгаар явагдсан. Бүсүүдээс шалгарсан аварга багууд улсын аваргад оролцож байна. Энэ уралдаан хүүхэд, багачуудын гамшгаас хамгаалах мэдлэг, хандлага, чадварыг нэмэгдүүлэх, аюулгүй амьдрах арга ухаанд суралцуулах, болзошгүй аюул ослын үед өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх зорилготой. Хүүхэд бүр анхны тусламж үзүүлэх чадвартай болно. Химийн хорт утаанаас хамгаалах баг өмсөж сурахаас гадна гамшиг, галын аюулгүй байдлын стандартыг судалж онолыг мэдлэгээр олж явдаг” гэж ярилаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 487 бүлгийн 3820 сурагчийг өсвөрийн аврагчаар бэлтгээд байгаа аж. Өмнөд бүсээс шалгарсан Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Бумбат” өсвөрийн аврагч бүлгэмийн холбоочин Б.Батбаатар “Хүчтэй өрсөлдөгчдөө ялаад бүсээсээ шалгарсандаа баяртай байна. Манай “Бумбат” өсвөрийн аврагч бүлгэм гурав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Сумандаа үер, галын аюул, осол гэмтлээс хэрхэн сэргийлэх сургалт, семинар зохион байгуулдаг.  Ингэснээр сурагчид ямар ч үед гамшгаас өөрсдийгөө хамгаалах анхан шатны мэдлэгтэй болдог” гэлээ. Өсвөрийн аврагчдыг хөгжөөн дэмжихээр багш, эцэг эхчүүд, ангийнхан нь иржээ. Хүүгээ дэмжихээр Өвөрхангай аймгийн иргэн Ц.Батмөнх “Энэ тэмцээн хүүхдүүдийг гамшгаас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах мэдлэг боловсрол, чадвар, сэтгэлийн тэнхээтэй болгож байгаад баяртай байна. Ээж, эхнэртэйгээ хүүгээ дэмжихээр ирлээ” гэсэн юм. Багууд даалгавраа гүйцэтгэж байх үед тэднийг дэмжихээр ирсэн ангийнхан, найз нөхөд нь нэрийг нь чангаар дуудан дэмжиж байсан бол эцэг эх, багш нарынх нь нүдэнд тэднээс илүү сандарсан байдал ажиглагдаж байв. Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг жил бүрийн аравдугаар сарын 13-нд тэмдэглэдэг. Энэ жил энэ өдрийг “Төгс бүтээцгээе” уриатайгаар зохион байгуулж байгаа юм. Ийн өсвөрийн аврагчид олон сарын бэлтгэлийн үр дүнгээ шалгуулж ялагчдаа тодрууллаа.  Нийлбэр дүнгээр тэргүүн байрт Улаанбаатар бүсээс оролцсон Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн “Элит” бүлэг шалгарч “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний аваргаар тодорлоо.

Дэд байрт Зүүн бүсээс оролцсон Сүхбаатар аймгийн лаборатори  I бүрэн дунд сургуулийн “Соёмбо” бүлэг, III байрт Хойд бүсээс оролцсон Сэлэнгэ аймгийн  “Шонхор” бүлэг шалгарсан юм. Сүхбаатар аймгийн лаборатори  I бүрэн дунд сургуулийн “Соёмбо” бүлгийн гишүүн Б.Эмүжин “Зүүн бүсээ төлөөлөөд улсын тэмцээнд анх удаа оролцож байгаадаа баяртай байна. Өнгөрсөн жилийн “Дөл” цэрэг спортын наадмаас манай энэ баг бүрдсэн. Усанд живсэн хүнийг аврахын тулд цагираг эргүүлж байгаад шиддэг даалгавар нь эмэгтэй хүүхдэдээ санагдсан.

Энэ уралдаан хүүхэд, багачуудын гамшгаас хамгаалах мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх зорилготой.

Бусад нь бол амархан байлаа. Гэхдээ энэ тэмцээн ирээдүйн мэргэжлээ сонгоход тус болсон. Эмч болно гэж боддог байснаа энэ тэмцээнд орсноос хойш цэргийн эмч болохоор шийдсэн” гэв. Дээрх гурван багаас гадна тэмцээнд Баруун бүсээс шалгарсан Завхан аймгийн Улиастай сумын IV сургуулийн “Хөгжил” бүлэг, Өвөрхангай аймгийн “Бумбат” бүлгийн тамирчид оролцсон юм.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.18

№207 (6174)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ