Хамгийн найрсаг  худалдаа эрхлэгчийг шалгаруулна

2019-10-17

Б.ДОЛЖИНЖАВ

Залуусыг эерэг хандлагад уриалах, үйлчилгээний соёлыг нэвтрүүлэх, ёс зүйтэй найрсаг үйлчилгээгээр дамжуулан нийгэмд эерэг уур амьсгал бүрдүүлэх зорилготой “Залууст ээлтэй үйлчилгээ” аяны нээлт өнөөдөр Нарантуул худалдааны төвд боллоо. Аяны хүрээнд “Нарантуул” олон улсын худалдааны төвийн худалдаа эрхлэгчдээс  залуучуудаа урамшуулдаг байх, угтаж, үдэх соёлыг хэвшүүлэх, эерэг хандлагад уриалж, залуучууддаа хөнгөлөлт үзүүлдэг байх гурван үйлчилгээг нэвтрүүлж чадсан хувь хүнийг шалгаруулан нэг сая төгрөгний мөнгөн урамшуулал олгох юм байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын газрын дарга О.Сэлэнгэ Иргэн бүрийн эерэг хандлага, эелдэг харилцаа нь эрүүл нийгмийг бүтээж, амжилтад хүрэх  үндэс болдог. Цаашид үйлчилгээгээрээ манлайлан ажилласан хувь хүн, албан байгууллагыг урамшуулах, нийтэд сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулна. Өнөөдрийн арга хэмжээний үеэр залуучуудад зориулсан явуулын автобусны үйлчилгээгээр дамжуулан эрхзүй болон сэтгэлзүйн зөвлөгөө, нийгмийн даатгалын мэдээллийг худалдаа эрхлэгчид болон  худалдааны төвөөр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдэд өгнө” гэлээ. Мөн “Нарантуул Олон Улсын худалдааны төв” дээр найрсаг үйлчилгээг нэвтрүүлэхэд хамт олноо манлайлан ажиллаж байгаа хоёр худалдаа эрхлэгчийг   шалгаруулах юм байна. Цаашид  “Залууст ээлтэй үйлчилгээ аян”-ыг орон даяар өрнүүлэх бөгөөд нийслэлийн есөн дүүргийн  томоохон худалдааны төвүүд, жижиг худалдааны цэгүүдийг хамруулан тогтмол зохион байгуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга  Н.Мандуул “Олон улсын хэмжээнд Залуучуудын хөгжлийн сарыг “Нийгмийг өөрчлөх боловсрол” уриан доор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон. Залуучуудын нийгэмд оруулж буй хувь нэмрийг олон нийтэд сурталчлах, нийгэмд тулгамдаж буй асуудлыг залуучуудын оролцоотой шийдвэрлэх, сайн дурын ажлыг дэмжих, залуучуудын хөгжлийн орчныг бүрдүүлэх “10 санаачилга–10 ажил” аяныг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт Залуучуудын хөгжлийн төвүүдээр дамжуулан хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд залууст ээлтэй үйлчилгээ үзүүлж, хөдөлмөрлөх таатай орчныг бүрдүүлсэн, залуу гэр бүлийг дэмждэг төр, хувийн хэвшлийн байгууллагыг дэмжих, сурталчлах зорилготой “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”, “Залууст ээлтэй үйлчилгээ” аяныг хэрэгжүүлэхээр зорьж, энэ аяны нээлтийг ”Нарантуул” худалдааны төвөөс эхлүүлж байгаа нь онцлог юм. Учир нь та бүхэн, нийгмийн хариуцлагын хүрээнд бизнесийн харилцааны соёлыг түгээж, эерэг хандлагаар иргэдэд үйлчилж,  худалдан авагчдаа хүндэтгэх, худалдаа үйлчилгээ эрхлэгч түнш байгууллагуудад жишиг болохуйц ёс зүйтэй, үйлчилгээг нэвтрүүлж чадна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ