Д.Гантулгын өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргажээ

2019-10-17

С.САРУУЛ

Хүчингийн хэрэгт холбогдоод буй УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 3-нд болох байсан ч өмгөөлөгчид шүүх хуралдаанд оролцох боломжгүйгээс хойшлуулсан. Тэгвэл өнөөдөр /2019.10.17/ Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хуралдаан эхэлсэн ч дахин хойшлууллаа.

Тодруулбал, шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Гантулгын өмгөөлөгч О.Сайнгэрэл нь “Д.Гантулгын хүсэлтээр, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэхээр гэрээ байгуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаатай холбогдуулан хэргийн материалтай танилцах боломжоор хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргажээ.

Шүүх хуралдааныг ирэх сарын  01-ны өдрийн 09:30 цагт хийхээр товлож, шүүх хуралдаан хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Гантулгад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг  үргэлжлүүлэхээр болсон байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ