Сүүлийн гурван жилд 1289 иргэн Монгол Улсын харьяатаас гарчээ

2019-10-17

С.Оюунгэрэл

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн харьяатын газраас 2019 оны эхний есөн сарын тоон мэдээллийг өнөөдөр 10.17 танилцууллаа. Хуульд зааснаар Монгол Улсын нийт хүн амын гурван хувь буюу 97154 гадаад иргэн оршин суух боломжтой байдаг. Тэгвэл өнөөдрийн байдлаар гадаадын 25419 иргэн байгаа нь Монгол Улсын харьяат хүн амын 0.8 хувийг эзэлж байна. Харин цагаачлан амьдрах иргэд хүн амын 0,5 хувь буюу 16192 иргэн байх ёстой бол 1927 буюу 0,06 хувийг эзэлж байгаа аж. 2017 онд 553, 2019 онд 490, 2019 оны эхний есөн сарын байдлаар 227 иргэн буюу нийт 1289 иргэн Монгол Улсын харьяатаас гарсан байна. Иргэний харьяаллаа өөрчилсөн иргэдийн 870 нь Бүгд Найрамдах Казахстан улсад амьдрах хүсэлтэй казах хүмүүс байжээ. Тэгвэл сүүлийн гурван жилийн байдлаар Монгол Улсын иргэн болсон 26 иргэн байгаа бөгөөд харьяалалгүй зургаа, ХБНГУ гурав, ХБНАБалба улс нэг, ОХУ найм, БНЭУ нэг, БНХАУ долоон иргэн байсна байна.  Мөн Монгол Улсын иргэн харьяаллаа сэргээн тогтоолгосон 67 иргэн байна.  Энэ талаар Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн “Сүүлийн үе манай улсад багийн спортыг хөгжүүлэх чиглэлээр өөр улсаас тамирчид олноор ирэх болсон. Ийм шалтгаанаар зөвшөөрөлгүй орж ирж байгаа тохиолдол их гарч байна. Жишээ нь, Нигер улсын хоёр иргэн Энэтхэг улсын 30 хоногийн жуулчны ангиллын виз аваад орж ирээд зөвшөөрөлгүй, өөр чиглэлийн үйл ажиллагаа явуулсан учир нэг иргэнийг гарсан байгаа. Хоёр дахь иргэнийг энэ сарын 26-нд албадан гаргахаар болсон. Ийм асуудал үүсэхгүй байх үүднээс спортын холбоо манай байгууллагатай хамтарч ажиллах хэрэгтэй байна. Мөн Монгол Улсад БНАСУ-аас 1900 орчим иргэн  барилга, ноос угаах, оёдлын салбарт ажилладаг. НҮБ-аас БНАСУ-ын иргэдийг ажиллуулах чиглэлд хоёр удаагийн тогтоол гаргасан. Тогтоолд, БНАСУ-аас ажиллаж байгаа хүмүүсийн тоог нэмэхгүй, ажилд жуулчлах байгууллагыг багасгах чиглэл өгсөн. Тиймээс бид шат дараатай арга хэмжээ авч, ихэнх иргэдийг албадан гаргаж байгаа бөгөөд энэ сарын 20, 25, 30-д үлдсэн иргэдийг гаргахаар төлөвлөсөн” гэв.  Мөн гадаадын иргэдийг албадан гаргах 12 төрлийн үндэслэл байдаг бөгөөд визийн хугацаа хэтрүүлсэн 66, шүүхээр ял шийтгүүл тогтоолгосон 30, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа эрхэлсэн 92, зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн 153, оршин суух хугацаа хэтрүүлсэн 12, бусад тохиолдлоор 12 гадаадын иргэнийг албадан гаргасан байна. Шүүхээр ял шийтгэл тогтоолгосон иргэн 2018 онд 15 байсан бол энэ жил 30 болсон байна. Энэ тохиолдол хуулийн 37.1.11-д заасан “ Шүүхээр ял шийтгүүлсэн гадаадын иргэн ялаа эдэлж дууссан буюу ялаас чөлөөлөгдсөн, эсвэл тухайн гадаадын иргэнийг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу харьяалах улсад нь шилжүүлэхээр болсон” бол албадан гаргадаг аж. 2019 онд албадан гаргасан иргэдийн 300 БНХАУ-ын иргэн, 12 Балба, найм БНСУ, найм БНСВУ, долоон ОХУ, бусад улсын 37 иргэн байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ