Х.Болорчулуун: ЖДҮ авсан хүмүүс нийлж байгаад уучлалт гуйх юм уу

2019-10-17

С.САРУУЛ

ЖДҮ-тэй холбоотойгоор зарим  УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан 2018 оны арваннэгдүгээр сарын эхээр УИХ-ын даргад хүргүүлсэн. Энэ дагуу УИХ хэлэлцээд “Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж шийдвэрлэсэн байдаг.
Тэгвэл уг асуудлыг УИХ-ын Байнгын хороод, Нэгдсэн чуулганаар хэлэлцэхийн өмнөх өдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 6-нд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Тэр хурлын тэмдэглэлээс “Зууны мэдээ” сонин цувралаар хүргэж эхэлжээ. Тус сонин дээр гарсан хурлын тэмдэглэл дээр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.

МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болжээ. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Б.Жамбал, Ц.Энхжаргал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, Ба.Цэцэгдэлгэр, референт Бс.Цэцэгдэлгэр нар оролцсон бол  УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, Л.Энхболд, Чөлөөтэй: Ц.Гарамжав, Д.Сумъяабазар нар өвчтэй, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар гадаадад, Н.Номтойбаяр, Ц.Цогзолмаа, Н.Цэрэнбат, Б.Чойжилсүрэн нар томилолттой, Т.Аюурсайхан, С.Батболд, Ж.Ганбаатар, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, А.Сүхбат, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нар хуралдаа очоогүй байна. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хуралдааныг удирдаж, хэлэлцэх асуудлыг танилцуулсан байдаг.

Хурал дээрУИХ-ын гишүүн Х.Болорчулуун “…ЖДҮ-гийн зээлийн асуудлаар нийгэмд жинхэнэ давалгаа үүсчихээд байна л даа. Үүнийг би зөв гэж байгаа юм биш. Ний нуугүй хэлэхэд ийм олон гишүүдээс гадна төрийн алба хашдаг томчууд, прокурор, цагдаагийнхнаас авахуулаад ийм хүмүүс ЖДҮ-ээс зээл авсныг сонсоод гайхаж байна. Тэгэхдээ энэ ганцхан энэ жил биш. Урьд өмнө хоёр, гурван жилийн өмнө ч гэсэн яг л ингэж авч байсан шүү дээ. Энэ болгоныг гаргах хэрэгтэй гэж хэлмээр байна. Тэгээд үүн дээр сөрөг хүчин, Ерөнхийлөгч хүртэл алгаа үрээд, алга ташаад ёстой шархан дээр нь давс үрнэ гэгч болж байх шиг байна. Өнөөдөр Ерөнхий сайд маань индэр дээрээс “…Уучлалт гуйх хэрэгтэй. Уучлалт гуйхгүй бол тэр хүмүүсийг сонгуульд дэвшүүлэхгүй шүү” гэж хэллээ. Одоо уучлалтыг ээлж ээлжээр, нэг нэгээрээ уучлалт гуйх юм уу. Эсвэл нийлж байгаад гуйх юм уу. Үүнийг бас асуучихъя. Ер нь уучлалт гуйна гэдэг чинь эргээд бас л нэг улс төрийн асуудал. Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрнө гэгч болно доо. ЖДҮ-ээс зээл авчихаад зориулалт бусаар банк бус руу явуулчихсан, уул уурхай, худалдаа наймаа руу оруулчихсан хүмүүс уучлалт гуйх хэрэгтэй шүү” гэв.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ